Х.Тэмүүжин: Ээжүүдийн шаардлагыг биелүүлэх боломжгүй
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр Н.Энхбаяртай холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Ялтан Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийн төлөө ээж нар МАХН-ын байранд өлсгөлөн зарлаж байгаа. Ээж нар нэгдүгээрт Н.Энхбаярыг хорих ангиас гадуур эмчилгээнд хамруулах, хоёрдугаарт түүнийг ялаас чөлөөлөхийг шаардаж буй. Энэ талаар Хууль зүйн сайдад ямар нэгэн албан ёсны бичиг, хүсэлт ирээгүй гэдгийг тэрбээр дуулгалаа. Нөгөөтэйгүүр МАХН-ын байранд цугласан ээжүүд хууль бус шаардлага тавьж байгаа учраас биелүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн. Яагаад гэвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Хууль зүйн сайдад шүүхийн шийдвэрийг өөрчлөх ямар ч эрх мэдэл байхгүй гэдгийг мөн тодотгосон юм. Тэрбээр “Шүүхээс гарсан шийдвэрийг Монгол Улсын нутаг, дэвсгэрийн хэмжээнд албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн нь ч байсан дагаж мөрдөж, хүндэтгэлтэй хандаж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ үед танил талаараа ч тэр, эсвэл өлсгөлөн зарлаад, үхэж, хатна гэдэг шаардлагын үндсэн дээр ч гэсэн шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ өөрчлөх боломж байцаан шийтгэх хуулиараа, давж заалдах болон хянуулах эрхээрээ анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэгжээд явдаг. Энэ журмаараа иргэний үндсэн эрх хангагдсан гэж үзэж байгаа” гэв. Өлсгөлөн зарлаад, тэмцэж байгаа иргэдийн хувьд хэлэхэд ийм байгаа гэж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярыг суллуулах асуудлаар зөвхөн иргэд бус эрх бүхий албан тушаалтнууд ажилласан, одоо ч гэсэн ажилласаар байна гэдгийг дуулгав. Албан үүргээ хувийн зорилгоор ашигласан бол Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориотой зүйл гэдгийг анхуураллаа.
Үүнийхээ дараа тэрбээр өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явцыг дэлгэрэнгүй мэдээлсэн юм. УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хорих байгууллагуудаар явж шалгалт хийсэн. Эхнийх нь УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдийн хорих ангид ажилласан бөгөөд энэ хүрээндээ УИХ-ын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр өвчний улмаас ял эдлүүлэх хугацааг хойшлуулах, цуцлах зохицуулалтад тодорхой өвчнүүдийн нэрийг багтаах хүсэлт гаргажээ. Хууль зүйн яам болон бусад холбогдох байгууллагуудаас үүнийг боломжгүй гэсэн хариулт илгээсэн юм байна. Дараа нь мөн нэр бүхий гишүүд хорих ангид ажилласныхаа дараа онц хүнд болон хүнд ялтай хоригдлуудыг шаардлагатай үед хорих ангиас гадуур эмчилж байх зохицуулалтыг хуульд оруулах асуудлыг хөнджээ. Одоо мөрдөгдж байгаа хуулиар энэ нь хаалттай байдаг юм байна. Журамд өөрчлөлт оруулах асуудлыг Н.Удвал сайд хөндөж тавьсан бөгөөд өөрөө дур мэдэн шийдвэр гаргасан гэдгийг Хууль зүйн сайд дуулгав. “Холбогдох журмын 6.2 нь хүний эрхтэй холбоотой тодорхой журмуудыг зөрчиж байгаа учраас хүчингүй болгов” гэсэн тушаалыг Эрүүл мэндийн сайд дур мэдэн гаргасан аж. Гэхдээ энэ нь “Онц болон онц хүнд гэмт хэрэгтнээс бусад хоригдлыг хорих ангиас гадуур эмчилж болно” гэсэн заалт байсан гэнэ. Уг нь 6.1 дэх заалтыг хүчингүй болгох ёстой байсан ч Н.Удвал сайд ийнхүү буруу зүйл заалтыг авч хаясан тушаал гаргаснаас болж бусад хоригдлууд хүртэл хорих ангиас гадуур эмчлүүлэх боломжгүй болжээ. Энэ мэт асуудлыг шийдэх процесс явж байх хооронд өлсгөлөн зарлалт эхэлсэн гэдгийг Х.Тэмүүжин сайд онцолсон. Ямартай Х.Тэмүүжин сайдын зүгээс ямар ч байсан журамд өөрчлөлт оруулахаар болж, 6.1-ийн заалтыг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр онц, хүнд гэмт хэрэгт ял шийтгэл авсан хоригдлууд хорих ангиас гадуур эмчилгээ хийлгэх боломж бүрдээд байгаа юм байна.
Хоригдлууд хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор тус эмнэлэгт хоёр өрөөг шоронгийн нөхцөлтэй байхаар тохижуулжээ. Журам нэгдүгээр сарын 16-наас хойш хүчин төгөлдөр болсон байна. “Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн зүгээс хоригдлуудыг хүлээн авах боломжгүй, зөвхөн Н.Энхбаярыг бол хүлээж авна” гэх маягтай зүйл ярьсныг Х.Тэмүүжин сайд буруутгалаа. Нөгөөтэйгүүр ашиг сонирхлын зөрчилтэй, нэг хүнд үйлчлэхээр шийдвэр гаргуулах гэж тал бүрийн оролдлого, дарамт шахалт үзүүлсэн нь Хууль зүйн яамны ажилд ихээхэн хүндрэл учруулсан гэдгийг онцолсон юм. Жишээ нь Н.Удвал сайд Н.Энхбаяр даргыгаа хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлээд, бусад хоригдлуудыг нэгдүгээр эмнэлэг ч юм уу, өөр бусад эмнэлгүүдэд хэвтүүлнэ гэх мэт асуудлыг хөндсөн гэнэ. Харин ял эдэлж байгаа хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эмнэлэгт шоронгийн нөхцлийг бий болгох шаардлагатай байдаг учраас Хууль зүйн яамны зүгээс нэг л эмнэлгийг зааж өг гэсэн шаардлага тавьжээ. Энэ мэт асуудлаас болж, багагүй хугацаа алдсан гэдгийг Хууль зүйн сайд дуулгалаа. Ямартай ч нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хоригдлуудыг хэвтүүлэн эмчлэх боломж бүрдсэн. Н.Энхбаяр ч бас хуулийн хүрээнд шоронгоос гадуур эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой болсон учраас өлсгөлөн зарласан ээжүүдээс хандан өлсгөлөнгөө зогсоохыг салбарын сайд хүссэн юм.
Л.Энхдэлгэр
URL: