Завгүй Вашингтончууд
Вашингтон хотод арай хийж нар гарлаа. Ойрын жилүүдэд тохиолдож байгаагүй сэрүүхэн өвөл энэ жил болж байгаа нь энэ юм гэнэ. Тийм ч учраас энд ирсэн эхний өдрүүдэд цаг агаар муу, бүрхэг байв. Гэвч уржигдраас нар гарч, манай Монголоор бол хаврын дулаахан өдрүүд эхэлсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд Монголоос нийт 14 сэтгүүлч Вашингтон хотыг зорьж ирсэн билээ. Мэргэжил дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй энэхүү ажлын хүрээнд бид Америкийн консулын газраас санал болгосон “International language Institute”-ийн англи хэлний нэг сарын хөтөлбөрт хамрагдаж байна. Америкийн консулын газрынхан болон тус институтын багш нар биднийг жигтэйхэн найрсагаар угтаж авсан билээ. Ер нь америкчууд бүгдээрээ л жигтэйхэн найрсаг. Өдөржин гадуур яваад ядарснаасаа болж замын хажуугийн сандал дээр сууж байхад “Бие чинь зүгээр үү. Яав ийв” хэмээн хажуугаар явахдаа шалгаана.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа сэтгүүлчид “Trinity” коллежийн оюутны дотуур байранд байрлаж байгаа юм. Биднийг энд ирсэн анхны өдөр АНУ-д суугаа Монголын Элчин сайдын хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ананд тэргүүтэй хүмүүс хүлээн авч уулзсан юм. Тэгээд сургууль руугаа очиж, хичээлдээ суун оюутны амьдралаа эхэлсэн билээ.
“International language Institute” дээр манай хичээл өдрийн талд нь шахуу орно. Харин үлдсэн цаг дээр нь нэр хүндтэй, тухайн салбар, салбартаа мэргэшсэн хүмүүсийн лекцийг тогтмол сонсож байна. Манай хөтөлбөрт багтсан олон ажлын нэг бол Вашингтонд байрлах хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах. Энэ хүрээнд Хятадын “CCTV”-ийн Америк дахь салбарын байр руу нь орж сонирхцгоолоо. 100-гаад ажилчинтай, тэдний тал хувь нь хятадууд, үлдсэн хэсэг нь эндэхийн оршин суугчид голдуу хүмүүс байдаг аж. Өчнөөн олон студитэй. Студи бүхэнд нь хүмүүс завгүй ажиллацгаана. Биднийг хажуугаар нь гарч, элдвийг сонирхон хоорондоо ярилцаж байхад тэд тоож байгаа ч юм алга, өмнөх дэлгэц рүүгээ л ширтэцгээж байв. Тэд ажлаа хийцгээсээр л байсан юм. Мөн “Тиранозаурус Батаар”-ын талаар Ерөнхийлөгчид анх мэдээлэл өгсөн Нью-Йоркийн байгалийн музейн палеонтологч М.Болорчулуунтай уулзаж, сонирхолтой яриа ч өрнүүлсэн. Энэ тухай дараагийн сурвалжлагаараа илүү дэлгэрэнгүй хүргэе.
Ер нь вашингтончууд завгүй хүмүүс шиг санагдсан. Гудамжаар ч олноороо явахгүй. Хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хотуудтай харьцуулахад харьцангуй нам гүм. Гэхдээ нөгөө талаасаа бол энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Барак Обамагийн тангараг өргөх ёслол болох гэж байгаатай холбогдуулан Вашингтон руу орох гарах боломжийг нэлээд хязгаарлаж эхэлсэнтэй холбоотой бололтой юм. Энд бараг л бүх буудлын өрөөнүүд захиалгаар дүүрч, ёслолын үеэр Б.Обамагийн алхах гудамжны хажуугаар зогсох, суух эрх бүхий тасалбар зарагдаад дуусч байгаа аж. Ерөнхийлөгчийн ёслолыг зохион байгуулах албаны хүмүүс ч бас хэдийнэ бэлтгэл ажилдаа гарч, үзэгчдийн суудлаас эхлээд Ерөнхийлөгчийн хамгаалалтын асуудлыг хүртэл цэгцлэн шийдэж байна.
Вашингтончуудынхаар бол өвлийн хүйтэн өдөр Б.Обама хэрхэн тангараг өргөхийг харахын тулд яаж гангалах тухайгаа ярилцах хоёр ч эмээтэй дэлгүүр дотор таарсан юм. Өмнө нь хоёр сая хүн Вашингтон хотод цуглаж, анхны Африк, Америк гаралтай Ерөнхийлөгчийн ёслолыг үзэж байсан бол энэ удаад 250 мянган орчим хүн л цуглах тооцоотой байгаа аж. Ямартай ч Америк дахь америкчуудын амьдрал иймэрхүү байдлаар өрнөж байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй та бүхэнд хүргэе.
Т.Элиса
URL: