Коммунистчилагдсан ардчилал

Нийгэмд илүүдэл хийгээ гаргадаг нүх сүв заавал хэрэгтэй. /Баабар/

baabar_altanhuyagАрд түмний итгэж найдаж байсан АН, Ардчилсан засгийн бодлого “нэг л биш” байна гэдгийг өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Ерөнхийлөгч болон АН-ыг эгнэгт дэмжигч, далдуур “хамгаалагч” Баабар нар шууд онцлоод хэлчихлээ. Олон нийтийн үгийг үл тоож, дээрэнгүй зангаар хандаж байсан Н.Алтанхуягийн засгийг эдгээр хүмүүс үгээр  хатуухан “донгодлоо”.  АН-д итгэгчдийн арми Ерөнхийлөгчийг, Баабарыг дагалдан  цөөрлөө. Баабар.мн-ы олон шилдэг  нийтлэлчид АН-д итгэл алдарч эхлэлээ.

Монгол улсын  Ерөнхийлөгч засгийн газрын хуралдаанд оролцон сайд нар болон хотын даргын  бодлогыг  шүүмжлэв.  Ерөнхийлөгч маань Twittert  идэвхтэй жиргэдгийн хувьд иргэд олон нийт  Засаг төрийн болон хотын удирдлагын  бодлогод  хэрхэн хандаж байгааг зарим сайд, хотын даргаас илүүтэй мэдэрсэн бололтой юм билээ.  Ардчилсан гэх засаг арай л биш байна гэдгийг тэрээр үгээрээ хатуухан сануулаад авсан.

Тэгвэл Ерөнхийлөгчөөс дутахааргүй  ширүүхэн  “үгэн ташуур”-ыг АН-д нийтлэлч Баабар өглөө. Уул нь Баабарыг ардчилсан үзэл бодлыг  хамгаалагч, ардчиллыг дэмжигч гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэвч одоогийнх АН-ын явуулж байгаа  бодлогыг хараад зүгээр сууж чадсангүй,  “тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв” гэдгийн үлгэр болж, Баабар итгэл үнэмшил  нэгт нөхдөдөө буруу “явж” байгааг нь үндэслэлтэйгээр хатуухан шүүмжлэн хэллээ.

Тэрээр “Зүүн талаар гүйцэж түрүүлэхүй” нийтлэлдээ: “…Хорин жил өлсгөлөн явсан гудамжны харчуулын өшөө хорслоо авдаг газар болдог байгаа…” гээд   төрд гарсан ардчилагчид нийгмийн баялаг бүтээгчид рүү өш хонзонгийн араншингаар дайрч байгааг дурьдаад, ийм бодлого явуулснаар зарим  улс орнууд хэрхэн мөхөл рүүгээ очсоныг тодорхой жишээгээр өгүүлжээ. Мөн “Банкинд их мөнгө хадгалуулсан улс бол нийгмийн паразит, зүгээр сууж байгаад их мөнгө хүү нэрээр гудардаг гэнээ. Ингээд тэднийг татвараар дарж алахаар шийдэв. Үнэндээ бол банк эдэн шиг тэнэг биш болохоор хадгалуулагчид зүгээр мөнгө өгөөд байдаггүй, инфляци тэглэх нөхөн олговор өгдөг юм шүү дээ. Манай инфляци банкны хүүгээс давчихаад байгаа. Хадгаламж эзэмшигчид ч эдэн шиг маанаг биш болохоор татвар авах гэж байгаа бол яаж ийгээд л бултуулж таарна. Банкууд гол хадгалуулагчдаа алдвал улс мөнгөгүй болно. Дэлхийн аль ч банкыг шалгаад үзэхэд нийт хадгаламжийн дэндүү дийлэнх нь дэндүү цөөн хүнд хамаардаг. Нийгмийн баялаг бүтээгч өнөө цөөнх шүү дээ” гэж Баатар нийтлэлдээ   бичжээ.

Ийнхүү төрийн эрх мэдлийг гартаа аваад  “төр гэж бид”  гэж омтгойлон  бодогч Н.Алтанхуягтангуудыг   Баабар нийтлэлч “СҮГСЭЛЗҮҮРҮҮД” гэж нэрлэжээ.

Сүгнэлзүүрүүдийн дараагийн бай нь өөрсдийг сонгосон иргэдийн үндсэн хуулиар сонгосон эрх чөлөөг булаах явдал байв.  Иргэдийн сэтгэгдэл бичих эрхийг нь хаана, төр хяналттай болгоно, гэрийн хаяг, регистрийн дугаараа бүртгүүлж байж сэтгэгдэл бичих эрхтэй болгохоор  тэд улайрч байна. Хэн нэгэн сайд даргыг ну.а-тай явсан талаар ганц хоёр  хүн сэтгэгдэл бичээтэхэж л дээ. Бодвол түүнийг нь  эхнэр нь олж хараад бөөн хэрэг мандаасан юм байх. Тэгээд  мань дарга  эл  сэтгэгдэл бичигчээс  өшөөгөө авахын тулд ийм муйхар арга хэрэглэж байгаа сурагтай.

Бас болоогүй ээ тэд, зах зээлийн жам ёсоор,  үзэгчдийн гарт байгаа TV-ийн  удирдлагаар дамжин тэргүй тэргүй үүд хаалга барих, дампуурах нь тодорхойлогдох   кабелийн гэх тодотголтой TV-үүдийг хянана, хаана бооно гээд заримд “тэнсэн” өгчихөөд хүлээж байгааг мөн тэрээр  дурьджээ.

Төгсгөлд нь нийтлэлч Баабар, парламентын гишүүд хууль санаачлах эрхтэй ч,  мулгуу,  мугуйд дэндсэн  хүмүүсийн харгайгаар  хүний эрхэнд бүдүүлгээр халдсан, зөрсөн, “тэнэгдүү” хуулиуд санаачлан өргөн баригдаж, аягүй бол батлагдаж мэдэхээр болсон тухай өгүүлжээ. Манай гишүүдийн зарим нэг  нь “гуравдах”-ийг өмгөөлөхөд зориулан хууль санаачлан батлуулахаар улайрч байх шиг. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд  байсан хүмүүсээ төр харж үзнэ л гэнэ, шоронд оруулахгүй байх ёстой л  гэнэ, өндөр цалин өгнө л гэнэ. Ингээгүйгээс болоод төрийн өндөр албан тушаал хашиж  байсан хүмүүс гадаадын компанид ажиллаад төрийн нууцыг задалчихаж болох талтай л гэнэ. Гадаад эхнэр юмуу нөхөртэй бол төрийн өндөр албан тушаал хашихгүй л гэнэ.

Энэ чинь юу болж байна, монгол төрийн төлөө ажиллах чин итгэл үнэмшил,  хүсэлтэй эрмэлзлэлтэй,  эрдэм мэдлэгтэй залуус гадны хүнд хайр сэтгэлээ өгч гэрлэснийх нь  төлөө түүнийг төрд ажиллах эрхгүй болгоно гэнэ  үү. Үүн шиг тэнэг хууль   гэж байж болно гэж үү? ийм хууль ардчиллаар “овоглосон” улс төрчдийн амнаас гарч чадаж байна гэв үү?

Ийнхүү  зүүний чиг баримжаатай, коммунист гэж адлагдсан байсан  өмнөх МАН /МАХН/-ыг  ч  дээрх  “коммунист” шийдвэрүүдээрээ АН гүйцэж түрүүлжээ. Тэд энэ эрчээ бууруулахгүй бол  тун удахгүй  Хойт Солонгосыг “гүйцэж” мэдэхээр байна гэдгээр Баабар нийтлэлээ төгсгөжээ.

Ц.Мөнхбаатар

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих