МАН-ынхан 2011 оныг Ц.Шинэбаяртай тэмцэх жил болгоно /хошин мэдээ/
Манай улс жил бүрийг тухайлсан салбарын нэрэмжит болгож тэр чиглэлд өнгө хаян түүнийгээ түүж иддэг өвөрмөц онцлогтой. Намуудын хувьд ч ялгаагүй он онд хийж гүйцэтгэх ажлаараа тухайн жилийг нэрлэдэг. Тэгвэл МАХН-ын удирдлагууд 2010 оныг Н.Энхбаяртай тэмцэх жил болгон өнгөрөөсөн. Гутгаар ерөнхийлөгч намын дарга С.Баярыгаа Ц.Элбэгдоржийн “бууны нохой” болсноос сонгуульд
ялагдсан хэмээн өнгөрсөн оны эхээр мэдэгдсэн нь Н.Энхбаярын эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэх ажлыг эхлүүлсэн гэж үзэж болох билээ. Тэр хүрээнд Н.Энхбаяртай мөр зэрэгцэж явсан олон ч хүн түүний эсрэг “мэдүүлэг өгсөн” бөгөөд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үгийг шидэх компанит ажил ч далайцтай өрнөсөн. Харин тэр хөдөлгөөн нь Н.Энхбаярт дархлаа суулгаад зогсохгүй шинэбаяр бэлэглэсэн явдал болсон билээ. Сонгуульд ялагдсан хорслоо МАХН-ын 26-р их хурлаар тайлахаар бэлдэж байсан Н.Энхбаяр хэд хэдэн хурал зөвлөгөөн зохион байгуулсан нь намын удирдлагуудад өгөөш болж түүний эсрэг буудах сайхан боломжийг ч гаргаж өгсөн юм. Энэ явдал “удирдагч галын шугамд байлддаггүй” гэсэн үгийг баталсан тул экс ерөнхийлөгчөөс Шинэ-Энхбаярыг гаргаж ирэхийг шаардсан явдал байв. МАХН-ын удирдлагууд Н.Энхбаяраас салахын тулд Хувьсгалт гэдэг үгийг Н.Энхбаяртай цуг намаасаа хасах санаа гаргасан ч Ху-гаа хаяад, хуучин хүнээ намдаа үлдээсэн явдал нь алдаа болсныг алхам тутам мэдрүүлж байгаа юм. Түүнчлэн шууд Н.Энхбаярын эсрэг галлаж байсан Хүрэлсүхбаатар нар одоо Шинэ-Энхбаярын эсрэг яах учраа олохгүй тэвдэж явна. Н.Энхбаяр гурвын цаадахыг харж, голоор нь бууддагийг МАН-ынхан мэддэг ч эсрэг арга хэмжээг хэрхэн авахаа тооцоогүй л сууна. Гэхдээ тэд Н.Энхбаяр МАН дотор байгааг тэд тооцоолж байгаа. МАХН-ын түр штабын зүг үе үе гал нээж байгаа нь харин ч МАХН-ын хууччуулыг байнгын бэлэн байдалд оруулчихсан хэрэг болов. МАХН-ын түр штабын зүгээс онц их хурлаа зохион байгуулаад эхлэвэл МАН-ынхан ямар арга хэмжээ авч эхлэхийг таашгүй. Галын шугам тэнд л ширүүсэх нь ойлгомжтой болж байна. Намын нэр сэргээх тухай өргөдөл Үндсэн хуулийн цэцэд очсон даруй тэнд байгаа тагнуулаа илчилсэн нь улс төржих ёсгүй газар бүрт МАН-ын улс төрч байгааг хэлээд өгсөн гэм бий.
Байдал хэрхэх нь ойлгомжгүй байгаа энэ өдрүүдэд МАН, МАХН гишүүдээ буцаацалдаад сүйд. Ядаж байхад яр гэгчээр УИХ дахь бүлэг нь МАХН гэж харагдахаа байсан нь олон хүн танихгүй хачин юм болж байна. Сонгуульд орсон нэртэй намын ганц гишүүн байгаа нь парламентыг хэнч ойлгох аргагүй бантангийн үүр болгож орхив. Олонх нь сөрөг хүчнээ хахуульдаад авчихсан засагтайн дээр, олонх нь бутраад хонь, хурга нь ялгагдахаа болиод байгаа нь Ардчилсан түүхэнд арай дэндсэн явдал болж байгаа юм. МАН-ын бүлгээс Ц.Шинэбаярыг хасчихвал нэг гишүүнтэй нам хуулиар шууд парламентэд бий болох аюул бас бий. Удвал аюултай гэдгийг МАН-ынхан мэдэж байгаа ч нэг эмэгтэйн учрыг олчихож /Цааш харуулах биш шүү. Дарж авахыг хэлж байна. Биеийг нь бус үзэл бодлыг нь дарж авахыг хэлж байна./ чадахгүй удаж байна.
Энэ мэтээр 2011 онд МАН-ынхан яах аргагүй Ц.Шинэбаяр гэдэг шинэ дайсантай тэмцэх болж байна. Намын хар төлөвлөгөөндөө ч гэсэн Ц.Шинэбаярыг хамгийн түрүүнд бичээд баллах зорилт тавих нь ойлгомжтой. Тэгэхгүй бол “нэрнээс болж сонгуульд ялагдвал би хариуцна” гэж цээжээ дэлдээд байсан Хүрэлсүхбаатар нар сонгуулиар уйлах хэрэг гарах болчихоод байгаа юм. Одоогоор МАХН-ын түр штаб МАН-аас 10 мянган гишүүнээ салгачихаад байгаа бөгөөд 2012 оны зун хүртэл хэдийг нь зулгаах нь тоймгүй. Ийм байдлаар юм уу МАХН гэсэн өрсөлдөгчтэй сонгууль орвол АН гэх бүрэн зэвсэглэсэн дайсны өөдөөс хутга бариад гүйхтэй ижил явдал болох юм. Тийм ч учраас МАН-ын 2011 оны хамгийн чухал төлөвлөгөө Шинэ-Энхбаярыг дарах хийгээд хуучин Н.Энхбаяраас салах явдал болох нигууртай.
“Яанаа”
URL: