Интернэт тоглоомын газрууд хуулийг гууль болгож байна

pc_togloom_gazar-middleӨсвөр насны хүүхдүүд интернэт тоглоомын газраар голчлон үйлчлүүлдэг. Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг тоглоомын газруудад албаныхан шалгалт хийв.

Хууль зүйн яамнаас ажлын хэсэг гарч эл арга хэмжээг зохион байгуулсан аж. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд багтсан байна.

Хууль, дүрэмд зааснаар бол интернэт тоглоомын газрууд 23.00 цаг хүртэл ажиллах журамтай гэнэ. Гэтэл манайхан эл хуулийг уландаа гишгэж бага насны хүүхдүүдийг цаг харгалзуулахгүй тоглуулах, бүүр цаашлаад хонуулдаг. Түүнчлэн 18-аас доош насныханд үйлчилж мөнгө л олж байвал хамаагүй мэт авирладаг.

Гэтэл 18-аас дээш насныханд үйлчлэх журамтайг үл тоодог нь нууц биш. Энэ удаагийн гэнэтийн шалгалт түүвэрчилсэн байдлаар явагджээ. Шалгалт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Angel” интернэт тоглоомын газраас гараагаа эхэлжээ. Энэ явцад тус газар нь насанд хүрээгүй хүүхдэд үйлчлээд зогсохгүй цаг хэтрүүлж байсан зөрчил гаргав.

Мөн доторх орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байжээ. Иймэрхүү зөрчил дараа дараагийн тоглоомын газруудад ч давтагдсан байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Game world” интернэтэд насанд хүрээгүй хүүхдэд үйлчлээд зогсохгүй тэднийг хонуулдаг байжээ. Ингээд ч зогсохгүй зарим тоглоомын газрууд согтууруулах ундаа хэрэглүүлж байсан ноцтой зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад насанд хүрээгүй зургаан ч хүүхдийг Хаяг тогтоох төвд хүргэж өгсөн байна. Цаашдаа эл шалгалт үргэлжилж хуульд дүрэмд өөрчлөлт оруулахаар албаныхан ажиллаж буй юм.

Б.Чанцал

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих