Д.Нямхүү: Мөнгө тараах санаачилгыг Б.Чойжилсүрэн гаргасан юм билээ
Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн Увс аймгийн маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа. Тэгвэл саяхан Захиргааны хэргийн шүүх МАН-ын нэр дэвшигчдийг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон шийдвэр гаргасан. Энэ талаар АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүүтэй өнгөрсөн бямба гаригт болсон ҮЗХ-ны хурлын үеэр уулзаж ярилцсан юм.
-Саяхан Захиргааны хэргийн шүүх дээр Увсын асуудлаархи маргааны шийдвэр гарсан. Ер нь шүүх хурлын процесс хэрхэн болсон бэ?
-Хүмүүс янз бүрийн ойлголттой хүлээж аваад байна. Энд маш олон зөрчил байгаа юм. Түүн дотор бүхэл бүтэн нэг сумын зэрэгцээ буучихсан өчнөөн айлын бүх хүнтэй гэрээ хийгээд гэрийг нь түрээслээд явчихсан асуудал байна. Түүнээс гадна Улаанбаатар хотоос оюутнуудыг мөнгө өгөөд Увс руу аваачсан. Мөн гэрийг нь түрээсэлнэ гээд аймгийн төв дээр мөнгө тарааж байхдаа баригдсан ч явдап бий.
Түүнээс гадна сурталчилгаа хаагдсан өдөр сонгуулийн сурталчилгаа хийгээд орой 19.00 цагт хүртэл самбар дээр Ардын намын гол уриаг гэрлэн самбар дээр урсгасан гээд маш олон зөрчлүүд нь илэрч байгаа. Энэ олон үйлдэл нь эцэстээ эрүүгийн хэрэг мөн байна гэж тухайн үедээ Тагнуулын газар шалгаад ихэнхийг нь тогтоосон. Одоо Баянгол дүүрэг дээр болсон хоёр удаагийн шүүх хурлаар таван хүн ял авчихаад байна.
Бас сонгуулийн үеэр мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан нэг эмэгтэй Солонгос руу зугтаад гарчихсан байсан саяхан ирж байхдаа баригдсан байна. Ингээд тэр нь бас шалгагдаад явах байх. Ингээд маш олон хүнийг хөлдөө чирсэн, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн олон үйлдэл нь илэрч байна.
-Гэтэл хууль зөрчсөн үйлдлүүд нь илэрч байхад нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгоод одоо УИХ-д сууж байна шүү дээ. Хууль зөрчсөн гэдгийг нь хэрхэн нотолж байна?
-Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар АН-ын зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Бид хуулиа бариад л ажилласан. Өнөөдөр бид ганцхан зүйлийг хэлж байгаа. Хэрэв энэ ард үмнийг ямар нэгэн байдлаар мөнгөнд хууртагдахгүй, мөнгө төгрөг бол хүний саналд нөлөөлөхгүй гэж МАН-ын ярьж байгаа шиг ойлгох юм бол сая орон нутгийн сонгууль огт мөнгө тараагаагүй. яагаад АН ялчихав.
Тэгэхээр энэ бол нотлогдож байгаа асуудал болчихоод байгаа юм. Нэгд, шүүх хурал дээр ч эр, шүүх хурлаас гараад УИХ-ын гишүүдийн ярьж байгаа ч тэр. Дандаа ард түмний сонголтыг хүндэтгэн, Увсын ард түмэн бол мөнгөөр өөрсдийнхөө сонголтыг худалддаг юм биш гээд байгаа. Тийм байж болох юм. Гэхдээ Монгол даяар хамгийн өндөр ядууралтай аймгийн нэг бол Увс.
Энэ ядууралтай аймгууд дээр гарцаагүй мөнгө үйлчилж байна гэдгийг энэ хоёр сонгууль нотолж байгаа юм. Тухайлбап, Тагнуулын ерөнхий газраас шалгасан материал дотор 1095 гэрээ хурааж авсан байсан. Гэтэл эдгээр дотор энд маргаад байгаа 13 гэрээ нь байхгүй. Тэгэхээр үүнээс цааш нь ахиад өчнөөн гэрээ байсан болж тарах нь. Тэр 1095 гэрээг нэг айл дотор арван хүнтэй гэрээ хийсэн гээд тооцоод үзэх юм бол 3300 гараад явчихаж байгаа юм.
Үүний цаад талд хэдэн мянгаар нь гэрээ тараагаад мөнгө өгөөд явсан юм бол хичнээн хүнийг худалдаж авсан юм бэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм. Тэгвэл нөгөө саналын зөрүү гэдэг зүйл чинь ерөөсөө ярих аргагүй болоод байна. Хэрэв биднээс дээш долоон мянган хүнээр илүү ялсан гээд байгаа, бүгдийг мөнгөөр худалдаж авсан юм бол энэ л сонгууль биш болно. Хоёрт, сонгууль гэдэг бол нэг ёсондоо уралдаан.
Ард түмнийг цуглуулаад хэн юу хийж чадах вэ гэдгийг тодруулаад л уралдаж байгаа хэлбэр. Хэн хэнээс саналаа цуглуулах вэ гэдгийгээ шударгаар хийх ёстой. Ямар нэг сэргээш хэрэглэж болохгүй. Үүнийг хориглож байгаа зүйл нь сонгуулийн хууль юм. Ингээд сонгуулийн хуулиар сэргээш хэрэглэхийг хориглосон байна. Гэтэл нөгөө хоёр тамирчин маань сэргээш хэрэглэчихлээ.
Энэ тохиолдолд алтан медалийг ямар үнээр ч хамаагүй авах уу. Спорт бас л үүнтэй адил шударга өрсөлдөөн байдаг. Тийм ч учраас сэргээш хэрэглэсэн бол түүний тэмцээнд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаад зогсохгүй медалийг нь хүртэл хураадаг биз дээ. Ямар ч хол зөрүү тооцдоггүй. Тэгвэл үүнтэй адил сонгуулийн хуулийг зөрчсөн бол тухайн этгээдийг хасна гээд энэ хоёр гишүүн өөрсдөө гар өргөж баталсан хууль нь байна.
Ер нь хоёр гишүүнтэй өрсөлдөж байна гэдгээр бид хоёр бас их баярлаж байсан. Өөрсдөө сонгуулийн хуулийг ийм хатуу болгоход оролцоод баталсан хүмүүс хуулиа маш сайн сахих байх гэж бодсон. Тэгэхээр бид хоёр алдаа гаргаж болохгүй. Гэтэл сурсан юмыг сураар боож болдоггүй юм байна. Бүр баруун солгойгүй мөнгө тараасан. Зөвхөн бид нар мөнгө тараасан гэдгийг харсан ч гэсэн нотлохгүй бол чи хүн гүтгэж байна гэдэг. Тийм учраас үүнийг нь нотолдог цорын ганц газар нь шүүх.
-Өмнө нь тойргийн хороо Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын талд шийдвэр гаргасан байх аа?
-Тойргийн хороон дээр бид өргөдөл гомдлоо гаргахад бидэнд өгсөн хариу бол “бид үүнийг нотолдог газар биш” гэсэн. Маш олон бичгүүдэд “бид нотолдог газар биш” гэсэн хариуг тойргийн хороо АН-д өгсөн. Гэтэл нөгөө талд нь энэ самбар дээр урсгаж байгаа сурталчилгаа бол 2011 онд хийсэн гэрээний сурталчилгаа байна гэж тойргийн хороо нь нотлоод сонгуулийн хуулийг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа юм.
Тэгэхээр нотолдоггүй газар яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ. Уг нь бол нотолж шийдвэр гаргах ёстой биз дээ. Сонгуулийн тойргийн хороо ч тэр, СЕХ ч тэр хоёулаа бид нотолдог газар биш гэсэн мөртлөө аймгийн тойргийн хороо шууд шийдвэрээ гаргасан. Гэтэл прокуророос энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд бичиг ирүүлчихээд байхад шүү дээ.
Уг нь бол хүлээх ёстой биз дээ. Яагаад гэвэл маргаан шүүхийн шатанд эцэслээгүй гэсэн үг. Мөн СЕХ ч бидэнд бас ийм тайлбар хэлсэн. Тэр нь бид хэрэг, маргааныг нотолдог газар биш, та бүхэн гэмт үйлдлийг нь нотлуулаад ирээрэй гэсэн. Гэтэл нэр дэвшигчдийн нэрийг УИХ-ын даргад өргөн барьчихсан. Нэр дэвшигчдийг өргөн барьж болохгүй, энд эрүүгийн шинжтэй асуудал байна, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн асуудал яригдаж байна гээд Прокурорын газраас ерөнхий прокурорын бичиг ирчихээд байхад СЕХ нэр дэвшигчдийн нэрийг өргөн барьсан.
Гэтэл шүүх өнөөдөр СЕХ өөрөө тогтоох ёсгүй газар байж тогтоосон, хуулийг ноцтойгоор буруу хэрэглэсэн, тойргийн хороо ч гэсэн мөн адил холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэсэн шийдвэр гаргасан. Өмнөх захиргааны хэргийн шүүх дээр хэт нэг талыг барьсан тайлбар хийсэн. Зарим нь бол уянгын халил шиг юм ярьсан байгаа юм. Зургаадугаар сарын 26-ны сонгуулийн санал хураахын өмнөх өдөр орон даяар бүх сурталчилгаа хаагдсан.
Гэтэл бүтэн өдөржингөө орой 19.00 цаг хүртэл төрийн мэдлийн гэрлэн самбар дээр МАН-ын сурталчилгаа урсаж байсан. Энэ бол бүтээснээсээ ихийг бүтээнэ гэсэн МАН-ын сурталчилгаа л даа. Энэ бол өнгөрөгч сонгуульд МАН-ын барьж орсон гол мөрийн хөтөлбөрийн уриа. Тэгэхээр нь энэ одоо юу болж байна, яагаад ганцаараа сурталчилгаа хийх эрхтэй байгаа юм бэ гээд тойргийн хорооны гишүүдийг авч ирээд харуулахад тэд “Энэ гэрлэн самбарыг унтраах юм бол 60 сая төгрөгийн хохирол гарна.
Огт унтардаггүй самбар” гэж тайлбарласан. Гэтэл яагаад МАН бүтэн өдөржин сурталчилгаа хийж болдог бусад нь болдоггүй юм бэ. Тэгэхээр нь бид баримтжуулж байх зуураа хэсгийн болон тойргийн хорооны гишүүдийг байлцуулж байгаад цахилгаанчинг нь дуудаад наадхыгаа унтраагаад үз дээ гээд унтраалгасан. Тэгсэн чинь унтарсан. Буцаагаад асаагаад үз дээ гэсэн ассан.
Энэ бүгдийг баримтжуулж видео бичлэг хийсэн. Энэ мэт үйлдлүүдээс нь харахад хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдэл болж байгаа биз. Өглөөнөөс хойш үүнийг зогсоо гээд байхад тойргийн хороо ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ бол хамгийн том нотлох баримт. Үүнээс одоо өөрөөр яах ёстой юм бэ. Ингэж сурталчилгаа хийсний төлөө нэр дэвшигчдийг шууд хасах ёстой. Гэвч тойргийн хороо хасаагүй.
-Тэгээд та бүхэн тухай бүрт нь гомдол гаргаад холбогдох газар нь өгч болоогүй юм уу?
-Бид энэ тухай гомдол гаргахад аймгийн захиргааны хэргийн шүүх дөрвөн жилийн турш болдог сонгууль бол олон хүний хөдөлмөр. Энэ олон хүний хөдөлмөрийг хэн нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болоод устгаж болохгүй гэж байгаа юм. Тэгвэл бид ийм үйлдэл гаргасан бол яах байсан юм бэ. АН-ын дөрвөн жилийн хөдөлмөр яах ёстой юм бэ. Нөгөө талаас МАН-ын хөдөлмөр үнэтэй юм бол биднийх тэгээд үнэгүй юм уу.
Тэгээд ч сонгуулийн хуулинд ямар нэгэн хүний хөдөлмөр гэх мэт уянгын заалт огт байхгүй. Бид энэ бүхнийг нь баримтжуулаад аймгийн шүүхэд өгөхөөр тэд “Энэ бол хүний хөдөлмөр юм, яах вэ нэг ийм юм болоод өнгөрчээ” гэсэн тайлбар хийдэг. Сонгуулийн хууль бол асар хатуу. Ямар нэгэн тийм тайлбар сонсохгүй шууд хасах л ёстой биз дээ. Хэрэв АН-ын уриа явж байсан бол бид шууд л хасагдах байсан.
Яагаад гэвэл тойргийн хорооны 11 хүнтэй. Зургаа нь нэг талдаа гараад тав нь нөгөө талдаа гардаг. Сүүлд нь тойргийн хорооны нөгөө таван хүн бичиг хийж өгсөн байдаг. Тэр нь энэ тойргийн хороо арай хэтэрч байна, илэрхий юман дээр хэт нэг талыг барьж олонхиороо шийдвэр гаргаж байна гээд. Зургаа дахь хүн нь хэн байсан гэвэл бараг ард түмнээс орж ирсэн нэртэй Н.Отгонбаяр гэдэг нөхөр бий.
Тэр хүн бол тав таваар тэнцэхээр алга болчихдог. Хоёр цагийн дараа шөнө дунд хүрч ирээд гэнэт “За” гээд МАН-ын талд гараа өргөдөг тийм л этгээд. Тэгэхээр эцсийн эцэст энэ сонгуулийн хуулийг чинь ийм ноцтойгоор зөрчөөд байхад бид ялагдал хүлээж болж байна уу. Эцэст нь энэ бол АН-ын том хохирол болж байгаа юм. Тэр шүүгчийн үзэж байгаагаар олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө юм байдаг юм бол дөрвөн жилийн турш явуулсан АН-ын “Монгол хүн 2020″ хөтөлбөрийн өрийг тэгээд хэн төлөх юм бэ.
АН-ын энэ их сурталчилгааны зардлыг хэн төлөх ёстой гэж. Тэр шүүгч төлөхгүй. Тэгэхээр АН хохирч байна. Ингээд АН шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх аливаа маргааныг маш нухацтай авч үздэг юм билээ. Би энэ шүүх хуралд зориудаар ямар болдог юм бол гэдгийг сонирхох үүднээс суусан. Миний анх удаа шүүхээр маргалдаж байгаа асуудал энэ л дээ.
Тэр бүү хэл нөгөө талын хийж байгаа тайлбар маргаан дотор бас өмнөх шиг уянгын халилтай юм их явдаг юм байна. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн хууль зөрчөөгүй л дээ. Харин нам нь л хууль зөрчөөд байсан ч гэх шиг. Гэтэл шүүгч “Танай нэр дэвшигч чинь бие даагч юм уу” гэж асууж байна лээ. Тэгэхээр ийм зүйлийг шүүх дээр ярих хүртлээ дэндүү бүдүүлэг, хүч түрсээр байгаад сурчихсан байна.
Энэ чинь намаасаа нэр дэвшсэн хүмүүс. Сонгуулийн хуулийн 35.18-д сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчид, тэдний шадар туслах, ухуулагчид хэн ч энэ сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд бүгд хасагдах ёстой гэсэн ганц л заалт байгаа. Гэтэл нөгөө тал нэр дэвшигч зөрчөөгүй манай нам хууль зөрчсөн гэсэн юм яриад явж байна. Нөгөө талаас нэр дэвшигч ч наад хүмүүс чинь миний шадар туслах биш, би огт танихгүй гэсэн утгатай юм телевизээр ярьж байна.
Сая тэр мөнгө тарааж байгаад ял авсан Н.Жамсран гэдэг хүн бол аймгийн МАН-ын дэд дарга. Тухайн үед аймгийн Засаг дарга МАН-ын дарга Э.Цасчихэр шоронд байсан. Тийм учраас аймгийн намын даргыг орлож байгаа ганц хүн Н.Жамсран бөгөөд сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан. Энэ хүн сая Баянгол дүүргийн шүүхээс ял авчихлаа.
Тэгэхээр тэнд МАН-ыг болон нэр дэвшигчийг төлөөлж явах болж байна. Энэ мэтчилэн сонин сонин тайлбаруудыг ичиж зовохгүй хийдэг л юм байна. Энд шүүгчид маш ширүүн маргалддаг, өөрсдийнхөө бодол саналыг бүгдийг хэлдэг, үнэхээр гарцаагүй хуулийн заалтаар хариулж чадахгүй зүйл унадаг л ийм процесс байна. Тэгээд эцэст нь шүүгчид өөрсдийн итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргана лээ.
Тухайлбал, манайхаас гаргасан гомдол оюутан зөөсөн гэдэг дээр нотлох баримт нь хангалтгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд буцаасан. Бид ч бас нотлох баримт сул гэдгээ ойлгож авсан. Үнэхээр шүүх бол маш тодорхой хардаг юм байна. Тэгээд зарим хүмүүсийн ярьдаг зүйл, тангараг өгснөөс хойш процесс нь өөр. Одоо УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэж байна. Гэтэл энэ бол үгүй юм байна.
Бид тангараг өргөсөн хүнтэй өрсөлдөөгүй. Энэ гишүүн чинь эрхээ авч байж тангараг өргөсөн. Гэтэл тойргийн хорооны шийдвэрээр түр үнэмлэх өгөөд, дараа СЕХ нэрийг нь өргөн бариад УИХ-аар баталгаажуулж байж тангараг өргөж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүний эсрэг гомдол гаргаагүй. Аль зургадугаар сард нэр дэвшигч байх үед нь жагсаалтаас хасч өгөөч гэсэн гомдол гаргасан. Ийм байтал бүх зүйлийг алгасаад явж байгаа. Тэгэхээр шүүх тэр үеэс л процесс явдаг юм байна. Огт алгасна гэсэн зүйл байхгүй.
-Тэгвэл бүх зүйл эхнээсээ гэхээр тойргийн хороо хариуцлагад татагдах болох нь дээ?
-Тэгнэ. Тэр хүмүүс бол хуулиараа асуудал нь шалгагдах байх. Яагаад гэвэл төрийн албан хаагчид тангараг өргөөд хариуцлага хүлээнэ гээд орсон шүү дээ. Гэтэл хуулийг ноцтой зөрчсөн байгаа бол дахиад төрийн албанд ажиллах эрхийг нь хүртэл хасна хуулинд маш тодорхой байгаа. Тэгэхээр бүх зүйл тогтоогдсоны дараа энэ хүмүүсийн асуудал босч ирнэ.
Одоо шалгагдаж байгаа процесс дотор бол нөгөө мөнгө тараасан хүмүүсийн асуудал нотлогдоод ял аваад явж байна. Харин дараа нь тойргийн хороо буруутай гээд бас нэг асуудал гараад ирэх юм бол тэр хүмүүс байна. Энэ мэт араасаа олон хүнийг хэрэгт татах нь.
-За яахав хэрэгт холбоотой хүмүүс нотлогдвол ял аваад явдаг юм байж. Гэтэл нэр дэвшигчид нь яах вэ?
-Хуулийн дагуу мөн адил энэ хүмүүст эрүүгийн хэрэг үүсээд явах ёстой. Учир нь өөрсдөө намынхаа санхүү рүү тус бүрдээ 60 сая төгрөгийг тушаасан гэж байгаа юм. Гэхдээ аль аль нь 209 сая төгрөгтөө багтаан зардлаа гаргаад тайлангаа өгсөн байгаа. Тэгэхээр санхүүжүүлэх мөнгө намаас гараагүй, гишүүд өөрсдөө өгсөн. Өнөөдөр шүүхийн материал олонд ил байгаа.
Тэндээс харахаар энэ гэрээ хийх санаачилгыг амйгийн намын хурал дээрээ Б.Чойжилсүрэн гишүүн гаргасан гээд Н.Жамсрангийн мэдүүлэг дээр байна билээ. Бас Б.Чойжилсүрэнгийн туслах чинь өмнө хүчингийн хэргээр таван жилийн ял аваад гуравн жилийн тэнэсэнтэй ч гэх шиг миний мэдэхгүй өчнөөн юм биччихсэн байна лээ. Шүүхийн сайт дээр дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр өмнө нь их олон хууль зөрчсөн улсууд болно гэж бодсон юм шиг байгаа юм. Олон хавар нэгэндээ гэж баригдахгүй юу.
-Одоо хоёр гишүүнд давж заалдах эрх байгаа болов уу?
-Тэр эрх нь байгаа байх аа. Ямар ч байсан энэ долоо хоногтоо багтаад Захиргааны хэргийн шүүхийн тогтоол нь албажиж гарах юм билээ. Түүнийг хүлээж аваад 14 хоногийн дотор давж заалдах эсэхээ шийдэх биз дээ. Давж заалдах шатны шүүх бол нотлогдсон буцааж хүчингүй болгох эрх эдэлдэггүй юм шиг байна. Харин одоо холбогдох хэрэг дээр хуулийг хэрхэн хэрэглэсэн гэдгийг л хянадаг юм билээ.
-Увс аймгийн Засаг даргыг томилогдохоос өмнө таныг болох нь гэсэн яриа гараад байсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Энэ бол худлаа. Мэдээж нөгөө тал л ийм яриа гаргана шүү дээ. Намайг сайд болох нь гэж баахан шуугиулсан. Би эхнээсээ ямар ч сайд, албан тушаал юу ч яриагүй. Энэ асуудлаа эцэс хүртэл нь явъя гэсэн байр суурьтай байсан. Тэгэхээр аймгийн Засаг дарга болох нь гэж шуугиулдаг нь намайг аймгийн намтай мөргөлдүүлэх гэсэн санаа. Нөгөө талаас энэ нөхөр тохиролцоод ажил аваад явж байгаа юм байна гэсэн шүүгчдэд итгэл үнэмшил төрүүлэх гэсэн оролдлого.
-Одоо УИХ-д Т.Мэндсайхан нэр дэвшигч та хоёр орж ирэх нь бараг тодорхой боллоо. Тэгэхээр АН-д бас нэгэн фракцын тухай яригдах байх. Түүнээс гадна таныг “Алтан гадас”-ынхныг дэмждэг гэдэг?
-Үүнийг орсон хойноо л яръя. Ер нь манайхан бол нам дотроо нэг их фракцлаж давхиад байдаггүй шүү дээ. Бид бол клуб гээд түүн дотор маш олон хүрээний хүмүүс цуглаад санал бодлоо хуваалцдаг хүмүүс. Клуб гэдгээрээ бид янз бүрийн асуудлаар ярилцлага явуулдаг либертиал үзэлтэй гэсэн үг. Энэ үзэл цаашдаа янз бүрийн бүлэглэлийг бий болгодог.
Нөгөө талаас биднийг янз бүрийн албан тушаалд томилохгүй байж болно. Тэр нь бидэнд сонин биш. Ардчилсан намын суурийг барьж байна гэдэг бол монгол төрийн цаашаа явахад нэг алхам нэмж буруу тийшээ хөдөлгөхгүй гэсэн үг. Ер АН-ын фракцууд харин ч ил байдаг. Бид нүүрэн дээр нь л бүр асуудлаа ярилцдаг. Тухайлбал, өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар долоон хүн нэр дэвшээд сүүлдээ гар бариад гарсан нь нуулгүй хэлэхэд бидний л гавьяа.
Тэр шөнөжин гацаасан байсан хурлыг бид нар тэгвэл хуралдуулахгүй, ингэж болохгүй гээд маш олуулаа зогсч байгаад нэг болоод гарах ёстой гээд ойлголцуулсан. Хэрэв тэгээгүй бол өмнөх Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрын зодоон шиг болоод АН хоёр хагараад л дуусах байсан. Тэрний төлөө АН анх удаа Ерөнхийлөгчөө гаргаж ирсэн шүү. Тэгэхээр өнөөдөр АН дотор байгаа фракц гээд байгаа энэ хэсэг чинь өмнө нь наана, цаанаас нь татаад хэрэлдүүлдэг байсан одоо насанд хүрсэн 50 дөхөж байгаа эрчүүл чинь бие биенээ ойлгодог болсон. Харин ч хатуухан үгийг манайхан л бие биедээ чулуудаж чадаж байна шүү дээ.
-Өнөөдөр зарим хүмүүст АН олонхи болчихоод хэтэрхий хүчээр аливаа асуудалд хандаад байна гэсэн шүүмжлэл бий. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Нэг л юм байна. Та бүхэнд энэ фракцууд ил байх нь дээр үү, далд байх нь зөв үү. Өнөөдөр МАН-д өчнөөн фракц байна. Бүгд нэг нэг дарга дагачихсан. Тэд нарын зөрчил Монголын төрийг өнөөдөр юу болгож дуусав. Харин манайхан бол ил нэг хэдэн хүн харагдаад байгаа боловч яг асуудал дээрээ хэнээс нуулгүй бүх юмаа ярилцаж чаддаг.
Ер нь ямар ч улс төрийн хүчин гарч ирээд өөрийнхөө багийг бүрдүүлдэг нь дэлхийн практикт ч байна. АНУ-ыг хар даа. Обамагийн бодлогыг хэрэгжүүлэх баг ажиллаж л байна шүү дээ. Тэгээд ч улс төр гэдэг бол багийн тоглоом. Энэ бол хаа ч байж болдог. Гагцхүү тэр нь эрүүл байх ёстой. Тодорхой асуудалд маргалддаг болохоос биш аар саар юмаар хэрүүл хийдэг байж болохгүй. Нэгэнт л олонхи нь шийдсэн бол түүнийг л дагахаас өөр аргагүй.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: