Ц.Шинэбаяр: Гараа шилэндээ авч газар хэвтээгүйн төлөө шийтгэлээ

527-1358736264kiwi-middleУИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяртай ярилцлаа. Тэрээр Монголын түүхэнд анх удаа “салаавч”-ны хэргээр ял сонсоод байгаа юм.

 -Монголын түүхэнд “салаавч”-ны хэргээр ял сонсох шиг боллоо. Шүүхийн шийд­вэрт ямар дүгнэлт өгч байна?

-Энэ бол улс төрийн захиалгат хэрэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой байсныхаа төлөө, намын нэр авах гэж тэмцсэний төлөө, Оюутолгойн гэрээг эсэргүүцсэний төлөө, га­даад өрийн талаар мэ­дэгдэл хийснийхээ төлөө, гараа шилэндээ авч газар хэвтээгүйнх нь төлөө өгч байгаа шийтгэл юм. Уг нь улс төрийн өшөө хон­зонгоо сонгуулиар луйвар хийж аваад дуусчихсан гэж бодсон юм.

 

Гэтэл өнгөрсөн оны долдугаар сард ТЕГ-т дуудаад эрүү­гийн хэрэг үүсгэснийг мэдэгдсэн. Захиалгат хэрэг гэдэг нь өнгөрсөн хугацаанд болсон бүх үйл явдлаар тодорхой харагд­лаа. Монголын төрийн бодит нүүр царайг илч­лэхгүй бол болохоо байжээ гэдгийг мэдэрлээ. Юун 1937 оны хэлмэгдүүлэлт вэ, тэрнээс долоон дор харгис, хорлонтой төр, засагтай орон болсныг бие сэтгэлээрээ амслаа. Өнгөрсөн хугацаанд эрэн сурвалжлах сэтгүүлч шиг ажиллаж, баримт мэ­дээлэл олж авсныгаа зол боллоо гэж бодож байна.

-Та хэнд, ямар хохирол учруулсан юм бэ. Бодитой хохирол байгаа юм уу?

-Хавтаст хэрэгтэй та­нилцаж байхад Н.Энх­баярыг баривчлах өдөр буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд цагдаагийнхан энгэрийн камераар бичлэг хийсэн байдаг юм билээ. Гэхдээ тэр бичлэгт УИХ-ын ги­шүүд ямар нэгэн эсэр­гүүцэл үзүүлээгүй болох нь тодорхой харагдана лээ. Цагдаагийн нөхдийн эсрэг эсэргүүцэл үзүүлж цохиж зодсон юм юу ч байхгүй.

 

Харин УИХ-ын гишүүд өөрсдөө зодуулсан юм шүү. Яагаад Ч.Улааны нүдний шил хагарсан юм. Яагаад Д.Тэрбишдагвыг бэртээ­сэн юм. Яагаад О.Чулуун­батын тархи нь доргисон юм. Яагаад намайг буй­дангаар дарж хоолойг минь боосон юм бэ. Зо­дуулж цохиулаагүй байт­лаа Ч.Улааны нүдний шил хагарч, миний хоолой зэрэмдэг болох хэрэг үү. Тэр үед авсан бэртлээсээ үүдэн насан туршдаа сөөнгө хоолойтой болж байх шиг байна.

 

Энэ бужигнасан үйл явдлын дараа АТГ-ын Э.Амарба­таас “Яагаад УИХ-ын гишүүдийн эрх чөлөөнд халдав. Үүнийгээ тайлбар­лаж өг” гэсэн юм. Гэтэл өнөөх нөхөр чинь хэлснийг маань мушгиад “Нэгжлэг хийхэд саад учруулсан. Ахар сүүлийг маань цохиж гэмтэл учруулсан” гэж гом­дол­лосон. Гомдолд нь өмнө хийсэн үйлдлээ цайруулах гэж гүжирдсэн олон зүйл байна лээ.

 

Мөн АТГ-ын нэг ажилтны мэ­дүү­лэгт “Манай бай­гуул­лагын үйл ажиллагаанд саад уч­руулсан. Үүнээс болж АТГ-ын ажилтнууд сэтгэл санааны гутралд орсон” гэсэн байсан. Үйл явдлын үеэр бичлэг хий­сэн цагдаа нь “Ц.Шинэ­баяр цохиж байсан нь харагдаагүй. Гараа далайж л байсан. Цохьсон нь мэдэгдэхгүй байна” гэж хавтаст хэрэгт мэдүүлсэн байна лээ. Эцсийн дүндээ үйл явдлыг тасалж аваад Э.Амар­батаас тайлбар шаард­сан намайг далимдуулаад яллалаа.

-Гүн гутралаа яаж нотолж байгаа юм.Та нотлох баримт шаардсан биз дээ?

- Шаардсан. Хавтаст хэрэгт л гүн гутралд орсон гэж мэдүүлсэн байдаг юм.

-Тэгвэл гутралд орсон тухай эмнэлгийн дүгнэлт бичиг нь байсан уу?

-Байгаагүй.

 -Тэгэхээр яллах нот­лох баримтгүй хэрэгт ял сонссон юм биш үү. Шүүх хуралдаан ямархуу болсон юм бэ?

-Монголын прокуро­рын байгууллага 1990-ээд оны хувийн компанитай адил болсон байна. Хуу­лийн дагуу ажил­ладаггүй дээрээс өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй гэсэн үг. Өмгөөлөгч маань “Энэ хэргийг хянаж үзээч” гэсэн хүсэлт гаргахад бүх шатны прокурорууд яг адилхан үг үсэгтэй “Хянах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Бүгдээрээ ингэж л хариулсан.

 

Энэ юуг хэлэв гэхээр прокурорын байгууллага 1990-ээд оны хувийн компани шиг удирдлагын заавраар ажилладагийг илтгэж байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг мөрдөнө гэсэн ойлголт байхгүй. Уг нь хуулиараа бол гомдол гаргагчийн хүсэлт үнэн эсэхийг нягталж үзэх ёстой. Гэтэл бүх прокурор нэг ижил утгатай хариулт хэлж байна.

 

Энэ нь прокурор дээрээс өгсөн үүрэг бие­лүүлэхээс биш хуулийн дагуу огт ажилладаггүйг тод харуулсан үйлдэл боллоо. Энэ ч утгаараа шүүх хэт нэг талыг ба­римт­лах байх гэж бодоод гэрчүүдийг хуралдаанд оруулахыг хүссэн ч хү­сэлтийг маань хүлээж аваа­гүй. Хэрэв орол­цуу­лахгүй бол хурлыг хойшлуулахыг хүссэн ч бас хүлээж аваагүй.


-Гэрч гэхээр УИХ-ын гишүүд гэсэн үг үү?

-Нүүрэндээ масктай залуучууд, ахар сүүлэндээ цохиулсан гэх Э.Амарбат. Мөн УИХ-ын гишүүд, зарим сайдыг байлцуулъя гэсэн юм.

-Нэг зүйлийг ойлгох­гүй байна. Таны хохирогч нь салаавч “үзсэн” багтай цагдаа нар юм уу. Эсвэл Э.Амарбат юм уу?

-Э.Амарбат. Ахар сүүл рүүгээ цохиулсан юм байх. Гэхдээ гомдолгүй гэдгээ хэлсэн байсан.
-Та цохьсон юм уу?

-Юу гэж цохих юм. Цохиогүй. Яг үнэндээ, цагдаагийн мэдүүлэг үнэн, гэрчийн мэдүүлэг худал гэх зарчмаар ялласан шүү дээ. Тэгж ярих юм бол ахар сүүл рүү цохиулсан гэх тэр нөхөр шүүх хуралдаанд өөрөө ирж нотлохгүй яасан юм бэ. Миний нүд рүү харж байгаад “Ц.Шинэбаяр миний ахар сүүл рүү цохь­сон” гэдгээ хэлэх ёстой.

-Э.Амарбатын ахар сүүлний гэмтлийг тог­тоосон эмнэлгийн бичиг нь байсан биз дээ?

-Эмнэлгийн ямар ч дүгнэлт байгаагүй.


-Тэгээд ямар нотлох баримтаар яллачихав?

-Сэтгэл санааны гүн гутралын төлөө яллаж бай­гаа юм байлгүй. Дээрээс нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж.

-Манай улсад сэтгэл санааны хохирлыг бараг­дуулах хууль, эрх зүйн орчин байдаггүй гэж хуульчид хэлдэг.

-АТГ-ын олон ажилч­дыг сэтгэл санааны гүн гутралд орууллаа, үйл ажил­лагаанд нь саад учруулсан гэж ялласан. Тэгэхээр надаас эхлээд сэтгэл санааны хохирол тогтоодог болж байгаа бололтой.

-Давж заалдах уу?

-Хууль хяналтын бай­гууллага ялзарчихсан уч­раас давж заалдахаас өөр арга алга. Ийм арчаагүй, сул дорой хүнийг л хууль хяналтын байгууллагад ажилд авдаг юм уу. Эсвэл ийм шударга бус болгоод боловсруул­чихдаг юм болов уу. На­майг шалгаж мөрдөхдөө байнга хууль зөрчдөг бай­сан. Ажил ам­ралт, шөнө орой ялгахгүй дуудаж байцаана.

 

Тэр бит­гий хэл, эмнэлэгт хэв­тэж байхад маань хүртэл амралтын өдрөөр очиж зарлан дуудах хуудас гар­дуулж байх жи­шээтэй. Тэр өдөр уншиж байсан түүхийн номоо уншаад дуусгачихъя гэж бодоод ойр тойрны хүмүүст “Эргэлт авахгүй” гээд хэл­­чихсэн байсан юм. Гэ­тэл нэг цагдаа орж ирээд “Таныг авч явна” гээд дарамталсан. Уг нь на­майг тэр эмнэлэгт хэвтэж байгааг гэр бүлийнхнээс маань өөр хэн ч мэдээгүй байсан.

-Яаж мэдсэн юм бол?

-Төрийн ордон дахь өрөөний утас чагнасан юм байлгүй. Орж ирэхдээ тэр офицер ямар гоё инээсэн гээч. Бүр цаанаасаа л инээ­гээд “Таныг авч яв­на” гэж байгаа юм. Өнөөдөр түүн шиг сайхан инээдэг дэлгүүрийн ху­дал­дагч, рестораны үйлч­лэгчтэй таараагүй юм байна. Яг төрсөн өдрийн баярт ирж байгаа хүн шиг баяртай нь аргагүй инээд алдаад сүйд шүү.

 

Гартаа цэцэг л бариагүй болохоос биш бөөн баяртай явна лээ. Одоо ч гэсэн тэр залуугийн инээж байгаа төрх санаанаас гардаггүй юм. Гэтэл өгсөн хүсэлт гомдлынхоо хариуг авъя гэхээр яасан муухай аашилдаг юм бэ. Цагдаа, прокурорын байгууллагын үүдний жижүүрээс эхлээд ааштай гэж аюултай. Энэ нь хуулийн байгууллага үйлчилгээний соёл дагах байтугай хууль сахиж ажилладаггүй гэдгийг нь харуулсан хэрэг.

 

Тэгээд ч хуулиараа амралтын өдөр байцаах нь хориотой байдаг. Зөвхөн ажлын цагаар ирж уулзах ёстой. Харин намайг болохоор шөнө орой ялгахгүй дуудаж байцаана. Яллаж л байвал хамаагүй гэсэн улс төрийн захиалга үүний цаанаас харагдаж байна. Энэ олон сарын хугацаанд “Ц.Шинэбаяр хилээр гарч болохгүй. Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй гарч болохгүй” гэж хаалт хийлээ.

 

Ердөө цагдаа, прокурорт дуудагддаг ийм нэг ажилтай. Гэтэл би жилдээ тэрбум гаруй төгрөгийн татвар төлдөг компани удирддаг хүн. Миний татварт төлсөн мөнгөөр цалин авч байгаа цагдаа нар яаж хууль зөрчөөд шөнө орой, амралт ажил ялгахгүй ажиллаж чадаж байна вэ. Хуулийн байгууллагын энэ ялз­ралын эсрэг давж заалдах биш тууштай тэмцэж босохгүй бол болохгүй нь. Монголд баялаг бүтээдэг, ажил хийдэг хүнээ барьж иддэг тогтолцоонд шилж­сэн байна.

-Нэгэн цагт төр барилцаж явсан хүнтэй ингэж харилцаж байгаа юм бол иргэн хүнтэй хүнлэг бусаар харилцах нь хэвийн үзэгдэл болох нь?

- Монголын төр тэр дундаа хууль хяналтын байгууллага дэндүү ар­чаагүй байна. Мөн чанар­таа төрийн үйлчилгээний байгууллага шүү дээ. Хуулийн дагуу ажиллах байтал дээд даргын хууль бус шийдвэрийг биелүү­лээд яваад байна.

-Та хоолойндоо ямар эмчилгээ хийлгэж байна?

-Монголд ямар ч эмчилгээ байхгүй. Лазе­рын хагалгааг Монголд хийж чадахгүй. Гадаадад очиж дахин хагалгаа хийлгэхээс өөр аргагүй.

-Гадагшаа явж эмчилгээ хийлгэх тухай хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй хэрэг үү?

-Хүлээж авахгүй нь ойлгомжтой шүү дээ. Эцсийн дүндээ хэн миний хоолойг ингэж эрэмдэг зэрэмдэг болгосон юм бэ. Үүний эзнийг олж заргалдах ёстой. Түүнд даалгавар өгсөн хүнийг нь ч гэсэн олж хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр цагдаа үүрэг биелүүлж байна гээд УИХ-ын ги­шүүдийг зодчихоод ямар ч хариуцлага хүлээхгүй явж байна.

 

Яагаад хариуцлага тооцоогүй вэ гэхээр ту­хайн үед УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэлээс болсон юм. Тэрээр “Сон­гууль дөхөж байна. Энэ хэрэгт УИХ-ын гишүүд оролцож улстөржүүлэх нь. Та нар битгий гомдол мэдүүл” гээд өргөдлийг маань татуулсан.

-Тэр үед ямар гэмтэл авсан байсан юм бэ?

-Шүдээ хугалуулж, завьжаа яз цохиулсан. Дээрээс нь хоолойгоо болгосноос болж одоо бол­тол эдгэхгүй явна. Цаа­шид эдгэх эсэх нь эргэлзээтэй.

-Хууль тогтоогч бай­сан хүний хувьд хуулийн завхрал, шударга бус байдлыг өөрчилж шинэч­лэхэд ямар гарц байна вэ.Таны бодлоор?

-Өнөөдөр хүний эрх зөрчдөг, шударга ёс байх­гүй, үнэн үггүй, авлигад идэгдсэн, хууль бие­лүүлдэггүй зөвхөн тушаал гүйцэтгэдэг, газар нутгаа худалддаг, байгалийн баял­гаа цөлмөн хул­гайл­даг ийм оронд амьдарч байна. Тэгэхээр ийм үед ардчилал гэж огт бай­даг­гүй юм. Манай ардчилал уруугаа харчихлаа. Өөрөөр хэлбэл, уруугаа харсан “ардчилал” буюу “лаличдра” л байна.

 

Ийм уруугаа харсан “ардчилал” буюу “лаличдра” болсон улс бүр Африкт ч байхгүй. 1990 онд ардчиллын хаалгыг цөм цохиод ороод ирсэн чинь буруу хаалга байж. Бидний үр хүүхэд ийм ялзарсан нийгэмд амьдарна гэхээр санаа зовж сэтгэл түгшиж бай­на.

Монголчуудын өмнө хоёр сонголт байна.Энэ бурангуй тогтолцооны өөдөөс сөрж зогсох,сөгдөж амьдрах хоёрын нэгийг сонгох цаг болжээ. Нийг­мийн болж бүтэхгүй байгаа зүйл болоод улс­төрчдийн булхай луйврыг үнэнээр нь хэлдэг хү­нийхээ хоолойг боож дуу­гардаггүй болгоё гэж орол­дож байна. Энэ бол улс төрийн захиалгат хэрэг гэдгийг дахин онцолж хэлье.

Д.Болормаа

Эх сурвал: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих