Хятадууд ажлын байраа алдахгүйн тулд монголын нүүрсийг хямд авдаг гэнэ

nuurs“Эрдэнэт” үйлдвэрээс гаргаж буй зэсийн баяжмалын экспортоос бид авах ёстой ашгаа авч чадаж байгаа. Харамсалтай нь нүүрсний экспортоос төдийлөн их авшиг хүртэж чадахгүй байгааг хэлэх хүн олон бий. Тэгвэл гадаад зах зээлд уул уурхайн баялгаас экспортод цахиур хагалж зэсийг ардаа орхиод буй нүүрсний үнэд мэргэжлийнхэн яагаад таагүй хандана вэ. Бас Монголын чулуун нүүрсийг Хятадууд юунд хямд, төсөр үнээр авна вэ. Энэ бүхэн өнөөдөр монголчуудын гайхшрал, хардалтыг төрүүлээд буй. Тодруулбал өмнөд хөрш манай орноос авч буй нүүрсийг олон улсын зах зээлийн ханшаас даруй 30 ам.доллараар бага авдгийг шинжээчид байнга хэлдэг. Нөгөөтэйгүүр манай нүүрснээс авдаг татварын хэмжээ нь өндөр байдаг аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны захирал Н.Энхтайван “Ашигт малтмал ашигласаны татвар, гаалийн бүрдүүлэлтийн хураамж гээд нэг тонн нүүрснээс манайх ердөө 4.4 ам.долларын татвар авдаг. Гэтэл Хятадын тал Монголын нэг тонн нүүрснээс 20.45 ам.долларын хураамж авдаг байгаа. Энэ хоёр тоог харьцуулаад үзэхээр мэдээж хэрэг хариу нь сөрөг гэсэн үр дүнг гаргана” хэмээж байсан удаатай. Түүнчлэн тус улс бусад гадаад улсуудаас гадна өөрийн мужуудын нутгаас авдаг үнээс ч доогуур буюу 25-50 ам.доллараар бага авдаг аж.

Тэгвэл ийм хямд үнээр манай нүүрсийг авах шалтгааныг хэлэхээс өмнө нэг зүйл дурьдъя. Хятадууд Монголоос яагаад коксжсон нүүрс авах дургүй байдаг вэ. Мэдээж хэрэг үүний хамгийн тод хариулт нь ажлын байр, ашгаа алдахгүй гэсэн бат суурин дээр зогсдог учраас Монголын коксжих нүүрсийг түүхий чигээр нь авбал тэдэнд маш их ашиг авчрана. Бүр улсынх нь бодлогод хүртэл гаднаас тэр ялангуяа Монголоос коксжих нүүрс авч болохгүй гэсэн байдгийг эх сурвалж хэлсэн. Харин тэд манайхаас түүхий нүүрс аваад боловсруулж зарахаар үнэ нь доод тал нь 20-30 хувь нэмэгддэгийг судалгаанаас харж болно. Мөн тус улсад хилээр нь орж буй боловсруулсан түлшний татвар өндөр учраас энэ төрлийн түлшнээс дахин цааш борлууллаа гэхэд нэмж ашиг олох нь нэлээд бага. Түүнчлэн Монголоос гарч буй нүүрсний үнэ доогуур, түүнийг өсгөх, зах зээлийн бодит үнэ тогтоох өрсөлдөөн байхгүй байгаа гол шалтгаан нь Хятадын талын импортлогч нь зөвхөн ӨМӨЗО-ны Баяннуур аймаг байдгийг Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ аймгийн нутгаар Монголын нүүрс дамжин өнгөрөхөд уг орон нутгийн удирдлагууд бусад муж, өөр экспортлогчтой харилцах боломжийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлаж байдаг аж. Монголын коксжих нүүрсний үнэ болон зах зээлд гарах боломжийг ийнхүү хаасан нь дээр дурьдсанаар олон мянган хүнийг ажлын байртай байлгахын тулд ийм бодлогыг барьдаг байна.

 

МОНГОЛЫН ӨРСӨЛДӨГЧИД НЭМЭГДЭЖ БАЙНА

 

Олон улсын зах зээлд ОХУ, Казахстан улс нүүрсний ний­лүүлтээрээ хамгийн их түрэх болс-ныг судалгааны байгууллагууд мэдээлж буй. Түүнчлэн тус улсуудын нүүрсний нөөц ч асар их. Харин нэг таагүй мэдээ чих дэлсэв. Учир нь манайхаас нүүрсний импортын гол нийлүүлтээ хангадаг өмнөд хөршийн сонирхол дээрх хоёр улс руу чиглэж байгааг шинжээчид хэлж буй гэнэ. Үүнийг нь манай дээд түшээд хүртэл дуулсан учраас Хятадуудтай аль болох болгоомжтой хандах бодлогыг барих болсон аж. Өмнөд хөрш хилийн ойролцоох бүсүүдэд нүүрс боловсруулах үйлдвэр олноор барьж байна. Хэрэв Монголын нүүрсийг нэг өдөр “авахгүй” гэсэн хариу өгчихвөл яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үр дүн нь нийт экспортын хэмжээ дор хаяж 30-40 хувь буурна.  Мэдээж хэрэг эдийн засаг тэр хэмжээгээр унана. Эл хоёр улсаас гадна нүүрсний олборлолт, экспортоороо тэргүүлдэг улсууд Монголын гол өрсөлдөгчид болох нь ээ. Нүүрс эскпортлогчид буюу манай өрсөлдөгчид болох Австрали гэхэд жилд 290 сая тонн, Индонези 260 сая тонн, ОХУ 125 сая тонн, Колумб 70 сая тонн, АНУ 70 сая тонн, БНХАУ 60 сая тонн нүүрс экспортолж байна. Тэгэхээр дэлхийд жилд дунжаар 645 сая тонн нүүрс импортолж, нүүрс экспортлогч орнуудын нийлүүлэлт жилдээ 960 сая тонн байгаа нь манай улсад өрсөлдөгчид их байгаа гэдгийг нэг талаараа харуулж байгаа юм.

Гэхдээ АНУ-ын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Хятад улс өнгөрсөн 2009 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг нүүрсээр хангаж байсан бол ирэх 2035 онд одоо байгаа хэрэглээ нь хоёр дахин өснө гэх судалгааг гаргажээ. Энэ тоо монголчуудад тайвширах боломжийг олгох ч төр засгийн түвшинд илүү нарийн, тооцоотой байхыг нэг талаараа сануулж байна.

 

ӨНДӨР ЧАНАРЫН КОКСЖДОГ НҮҮРС 228 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ

 

Энэ оны хувьд Монголын нүүрсний экспорт 32 сая тонн болон өсөх өдрөг төсөөлөл бий. Харин худалдан авагч нь нэг тонн нүүрсийг 70 ам.доллараас хэтрүүлэхгүй байх гэнэ. Үнэ өсөхгүй болохоор эдийн засагт ч олигтой ашиг унахгүй гэсэн үг. Тэгэхээр бид цаашид яах вэ. Цаашдаа авто замаар нүүрс тээвэрлээд төдийлөн их амжилтад хүрэхгүйг одоо мэдэрч байгаа. Харин төмөр зам барьвал олон улсын зах зээл дээр гарах боломж нь нэгээр нэмэгдэх ч боловсруулаагүй учраас мөн л их ашиг олохгүй. Коксждог нүүрсний гол нөөц нь өмнөд хилийн орчмоор бий. Харин хилийн ойролцоо боловсруулах түлшний үйлдвэр байгуулах гэтэл манай улсын хууль, журамд нийцэхгүй. БНХАУ-ын хувьд хилийн орчмоо нүүрс боловсруулах үйлдвэр барихыг зөвшөөрдөг, бүр манай улсын өмнө хилээс 300 километрийн цаана баяжуулах үйлд­вэр байгуулсан аж.

Дашрамд дурьдахад Европын хам­гийн том, дэлхийд хоёрдугаарт ордог гэх HSBC-ын аналитикуудын прогнозоор өндөр чанарын коксждог нүүрсний үнэ энэ онд тонн нь 228 ам.доллар болох гэнэ. Харин 2014 онд тонн нь 208 доллар болж буурах аж. Мөн сул шатах коксждог нүүрс 2013 онд тонн нь 143 ам.долларт хүрэх бол 2014 онд 131 ам.доллар болно гэж тус банк үзэж байгаа аж. Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэлээд өөдрөг төсөөлөл харагдаж буй ч манай улсад эерэг нөлөөлөл нь өмнөө том хаалттай учраас давалгаа нь тийм ч хүчтэй ирэхгүй гэнэ.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих