Популизм үнэртсэн зэмлэл

populizmШинэчлэлийн сайд нар Төрийн тэргүүнээс эрүүний шөл зооглов. Ерөнхийлөгч Н.Алтан­хуягийн танхимын гишүү­дийг нэр бүрээр нь цохож, эрүүдэн байцааж, хатуу­хан зэмлэл хүртээсэн юм. Шинэч­лэлийн Засгийн газрын анхны нээлттэй хуралдаанд Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж орол­цож, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонслоо.

 

Утааны асуудалтай холбогдуулан энэ өдрийн нээлттэй хуралдаанд хотын дарга Э.Бат-Үүлийг ч байлцуулсан билээ. Энэ үеэр хотын даргын сүү­лийн үеийн санал санаа­чилгыг Төрийн тэргүүн зэмлэж, буруу хүрдтэй машиныг ням гаригт явуулах эсэхээр санал асуулга авч, уначихаад дахин улайрч байгааг нь хатуухан шүүмжилж, түүнийг донгодов. Ц.Элбэгдорж “Хотын дарга Э.Бат-Үүл та буруу талдаа жолооны хүрдтэй машиныг ням гаригт хөдөлгөөнд орол­цуулахгүй байх талаар санал асуулгыг дахин явуулна гэж юу яриад байгаа юм.

 

Өмнө нь энэ талаар санал асуулга явуулахад иргэдийн 70 гаруй хувь нь “Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэдэг саналыг эсэргүүцэж санал өгсөн байхад одоо дахина гэж юу яриад байгаа юм. Яасан завтай хийх ажилгүй улсууд вэ та нар. Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол 100 хувьд хүрчихээд байна. Энэ асуудлаа одоо боль.

 

Хилийн гадаа байгаа, орж ирэх гэж байгаа машины асуудалд анхаар. Ороод ирсэн машиныг яах нь вэ. Ер нь манай дарга нар нэг зүйлд анхаармаар байна. Хүний эрхийг засварлах эрх ямар ч дарга нарт байхгүй шүү” гэж зэмлэлээ. Мөн сэтгэгдлийг хаах санаа­чилгыг гаргасан Ч.Сайхан­билэг сайд ч мөн зэмлэл хүртэж, банга­дуулав.

 

Ерөнхийлөгч  “Ч.Сайханбилэг дарга аа. Юун веб сайт вэ, юун их завтай бай­на аа, та. Дарга болохоос чинь өмнө хүний эрх байсан юм шүү. Хүн өмчөө эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх эрх. Бидэнд,  Засгийн газарт тийм үүрэг байхгүй. Хүн бухимдах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй байлга. Тэр веб сайтын сэтгэгдэл дээр хамгийн ихээр муулуулж, сайлуулж бичүүлж байдаг хүмүүсийн нэг нь би.

 

Нэг хэсэг хүний муулж бичиж байгаа тэр зүйлд бүдрэх гэж байгаа бол нэг сая, хоёр сая, гурван сая хүний хувь заяаг яаж шийдэх юм. Сая сая хүнд туслах, үйлчлэх гэж яваа бол нэг хүний, хэсэг хүний шүүмжлэл, доромжлолд битгий бүдэр. Гол асуудал руугаа ор. Асуудлаа голоос нь барьж аваад барьцаа ахиулаад л шийд. Тэгэхгүй Засгийн газар дээр нэг хэлэлцдэг, нэг сонсдог тэгээд л орхидог болоод байна. Бүр гүйцэтгэлээр нь хар­маар байгаа юм” гээд голыг нь олоод хэлчихэв.

Энэ мэтчилэн сайд нарыг нэр цохон зэмлэж, “Асуудал явж явж энэ эрх мэдэл, эд мөнгөний төвлөрлийн асуудал болчихоод байна. Эрх мэдэл, эд мөнгөний төв­­лөр­лийг сааруулах том асуудлаа барьж явъя. Энэ Улаанбаатарын асуудал ийм олон зүйлтэй холбоотой. Том асуудлыг голоос нь барьж авдаг болохоос тойрч явдаггүй юм. Бүх анхаарлаа, хүчээ түүнд чиглүүл, бүх хөрөнгөө түүнд оруул, шийдвэр гаргах тэр эрх мэдлээ түүнд ашигла, цагаа төвлөрүүлж ажилла” гэж зөвлөсөн.

Харин сүүлийн үед хэл амтай байгаа төмөр замын асуудлаар “Төмөр зам дээр нэг юм хэлчихье. Ерөнхий сайд мэдэж байгаа байх. А.Гансүх сайд аа, наашаа хар даа. Шинэ төмөр замыг 2013 онд хүлээж авна гэсэн байгаа шүү. ҮАБЗ-ийн зөвлөмжид ингэж бий. УИХ-ын шийдвэрт ч ялгаагүй. 2013 он гэхэд эхний шинэ төмөр зам баригдаад дууссан байх ёстой. Хаана байна тэр.

 

Төмөр замын асуудлаа, өмнө нь баталсан, ярьсан зүйлээ болохгүй байгаа бол яаж өөрчлөх. Ямар байдлаар шийдэх вэ гэдэг шийдлээ гаргаад УИХ-тайгаа хэдүүлээ ярилцъя. Шийдэж болохгүй асуудал биш биз дээ. Бидний шийдвэр, улс төр, хууль, хөтөлбөрөөс хамаараад байгаа бол хэдүүлээ шийдье. Төмөр замын ажил чинь эхэлчихсэн 2013 онд ашиглалтад орох ёстой атал одоо хэр нь юу ч хийгээгүй байна. Х.Баттулга аа чи хаагуур юу хийгээд явна вэ. А.Гансүх ээ, төмөр замаа тавьж чадахгүй бол хариуцлага тооцно шүү” гэхчлэн хатуу үг чулуудсан юм.

Юутай ч Төрийн тэргүүн хойрго сайд нарт хатуухан зэмлэл хүртээж, голыг нь олсон шүүмжлэлүүдийг “оноож” чадлаа. Эгзэгтэй үед хэрэгтэйг үг хэлж чаддаг ардчилсан Ерөнхийлөгчийн арга барилд шинэчлэлийн Засгийн газрын сайд нар эгдүүцэж байсан ч ам нээж зүрхэлсэнгүй. Харин ч хэлэх үггүй, нүүрээ улалзуулж, аман дотроо бувтнаж суудаг үнэн төрхийг нь ард түмэн өнгөрсөн бямба гаригт харсан юм.

 

АН ялснаас хойш ард түмэндээ тоотой харагдсан Төрийн тэргүүний энэ үйлдлийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах нэгэн ч бий. Угшил нэгт нөхдийнхөө хууль бус үйлдлийн эсрэг дорвитойхон дуугарчихаж чаддаггүй байсан ардчилсан Ерөнхийлөгч юутай ч “амь” орлоо. Бусдын өмч рүү халдаж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь чөдөрлөх гэж санаархсан “шинэ” сайд нарын үйлдэлд Төрийн тэргүүн ард түмэнтэйгээ санал нэг байгаагаа энэ дашрамд илэрхийлж чадлаа.

 

Попилимз үнэртсэн нээлттэй хуралдааны дараагаар асуудлыг ажил хэрэг болгох эсэхийг ард түмэн харах л үлдлээ. Харин Ерөнхийлөгч сонгогчидоос оноо авч чадсан гэдэгтээ итгэл төгс, данагар харагдана билээ. Ямартай ч хаалттай хаал­ганы цаанаас сураг нь гардаг ч мэдээлэл нь ил болдоггүй зарим нэг асуудлыг ч энэ өдөр “Хурал­даанаар хоёрдугаар цахилгаан станц дээр хагас коксжсон нүүрс гаргах ажил яг юунаас болоод зогссон, Тавдугаар цахилгаан станц, гэр хорооллын хөрсний бохирдол, Цэвэрлэх байгууламж, барил­гын шинэ стандартууд хэзээ батлагдахыг сайд нарын амаар ард түмэнд мэдээлэл өгүүллээ.

 

Коксжсон нүүрсний тухайд үйлдвэрлэлд нэвтрээгүй техно­логийг хэрэглэхээр шийд­сэн нөхдүүдтэй хуулийн бай­гуул­лага хариуцлага тоо­цохоор болжээ. Тавдугаар цахилгаан станцын газрын асуудал, байршил нилээдгүй маргаантай байсан ч өнгөрсөн онд шийдэгдсэн. Эрчим хүчний яам, Хөгжлийн яам хамт­раад гэрээ хэлэлцээрээ хийгээд ажил эхэлсэн талаар М.Сономпил сайд хэлэв.

 

Харин хөрсний бохирдол гүний худгийн төвшинд хүрчээ. Гэр хорооллын хөрсний бохирдлыг шийдэх ганц зам бол ариутгах. Татуурга татаж цэвэрлэх байгууламжтай болгох. Одоо бол нүх ухаад тэндээ бие засаад байгаа. Тэрийг маш хурдан зогсоож, нэгдүгээрт хот төлөвлөлтийг хийж инже­нерийн байгууламжтай болгох. Өөрөөр хэлбэл цэвэрлэх бай­гууламжтай холбож асуудлыг шийдэх арга бийг хотын дарга Төрийн тэргүүнд “илтгэв”.
Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих