Шинзо Абегийн айлчлал хятадын “инээдийг хүргэв” үү
Хоёр дахь удаагаа Япон улсын Засгийн газрын тэргүүлэх эрхтэй болсон Шинзо Абе гадаад дахь айлчлалаа Тайланд, Вьетнам, Индонез гэсэн гурван улсаас эхэлсэн. Түүний айлчлалын тов гарсанаас хойш л дэлхий нийтийн анхаарлын төвд байв. Тус улсын хэвлэлүүдэд ч “айлчлалын гол зорилго нь арлын маргааныг шийдэхэд оршиж байгаа болов уу” гэсэн таамаглал хэвлэлээр цацагдсан. Мөн түүний айлчлалыг “Reuters” агентлаг “Яагаад дээрх гурван орноор айлчлалыг эхэлсэн нь тун сонирхолтой” гэсэн өнцгөөс тайлбарлахыг оролдсон юм.
Ажиглагчид түүнийг “Азийн орнуудаас хамгийн түшиг тулгуур, хамтын харилцаа сайн байгаа гэсэн орнуудадаас айлчлалаа эхэлсэн нь нэгийг өгүүлж буй. БНХАУ болон Өмнөд Солонгосоор айлчлалыг эхэлж болох байсан ч арлын маргаан, хамтын ажиллагааны бат бэх байдлаас хамаарч ийнхүү айлчлалаа сонгосон байх” гэдгийг онцолсон. Түүний айлчлалын эхний орон Тайланд. Гадаад дахь анхны айлчлалаа тус улсаар эхэлсэн нь учиртай. Шинзо Абе өнгөрсөн бямба гарагт Тайландын нийслэл Бангкок хотноо тус улсын Ерөнхий сайд Ийнглак Чиннаваттай уулзсан бөгөөд хоёр орны эдийн засаг, бизнесийн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалцсан байна. Мөн бизнесийн салбарт хоёр орны зүгээс ахиц гаргахын тулд олон улсын бизнес төлөвлөгөө багтсан санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Шинзо Абе уулзалтын үеэр Тайландын Ерөнхий сайд Ийнглак Чиннаваттай тус улсын дэд бүтцийг хөгжүүлэх хэд хэдэн төслийн талаар санал солилцсон. Хөрөнгө оруулалт, хоёр орны хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх цаг ирсэн гэдгийг ч онцолж байсан юм. Абе Мьянмар болон Тайландыг холбосон хурдны галт тэргийн төмөр замын төслийг дэмжиж, шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалт хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ төсөл нь Тайландын ирээдүйн хөгжилт томоохон ач холбогдол үзүүлж байгаа төдийгүй сүүлийн хэдэн жилд хийх гэж буй хамгийн том төсөл гэдгийг Ерөнхий сайд Ийнглак Чиннават онцолсон. Тайландын хувь нийт гадаадын хөрөнгө оруулагчдын дйилэнх хувийг Наран улс эзэлдэгт талархаж явдгаа Ийнглак Чиннават илэрхийлж, өнгөрсөн оны хөрөнгө оруулалт үлэмж хувиар өссөн гэдгийг онцолсон юм.
Анхаарал татаж буй асуудал бол Вьетнам болон Индонез өөр нэгэн улстай улс төрийн болоод батлан хамгаалах салбарын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг ойр, ойрхон явуулах сонирхолтой талаар Японы Гадаад хэргийн сайд айлчлалын өмнө мэдэгдэж байсан. Харин айлчлал эхэлсэнээс хойш БНХАУ-ын хэвлэлээр “Японы Ерөнхий сайд Зүүн Азийн орнуудтай цэргийн ажиллагаа, хамтарсан бэлтгэл хийх талаар ярих юм бол дэлхий нийтэд буруу ойлголт төрүүлэх болно” гэсэн утга бүхий мэдээллүүдийг цацаж буй. Хамгийн гол нь арлын маргааныг олон улсад ямар байр суурь айлчлалын хүрээнд илэрхийлэх нь чухал байгаа юм.
Их Британийн ажиглагчид Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн энэхүү айлчлалыг Хятад болон тус улсын хооронд дэгдээд буй арлын маргаанд бусад улсаас тусламж, дэмжлэг олох зорилготой хэмээн дүгнэсэн байна. Япон болон Хятад Тайванийн арлын ойролцоо орших газрын тосны асар их нөөцтэй “Сенкаку” арлыг өөрсдийн эзэмшилдээ авахаар маргаан дэгдээгээд байсан билээ. Энэ удаагийн айлчлалын өмнө Японы Шадар сайд Таро Асо Мьянмарт айлчилсан бол Гадаад хэргийн сайд Фумио Кисида Филиппин, Сингапур болон Бруней зэрэг орноо тус тус айлчилж маргаантай арлын талаарх Японы байр суурийг илэрхийлсэн юм.
Гадаад хэргийн сайд Фумио Кисидагийн айлчлалын үеэр арлын маргаанаас болж БНХАУ дахь Японы үйлдвэрүүд хаалгаа хаасанд ихэд харамсч буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь гадаад дахь томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлсөн гэдгийг онцолсон. Харин өнгөрсөн жилийн байдлаар Японы эдийн засаг сэргэж эхэлсэн бөгөөд иргэдийн хувьд ч амар тайван амьдарлын хэв маяагт эргэн шилжсэн талаар “NHK” мэдээлсэн юм.
Тэр ч бүү хэл, Японд амиа хорлолт буурсан талаар хэвлэлээр нэг хэсэг голлох сэдэв болж байсан юм. Ерөнхий сайдын айлчлалын өмнө япончуудын амиа хорлолт буурсан нь иргэдийн тогтвортой ажлын байр, хангалттай цалин, амьдрах орчин эргэн сайжирсантай холбоотой гэдгийг Шинзо Абе онцолж байсан юм. Амиа хорлолтоор сүүлийн 15 жилийн хугацаанд өнгөрсөн жил буурсан үзүүлэлт гарсан нь тус улсын хувьд таатай мэдээлэл билээ. Японы Үндэсний цагдаагийн газраас гаргасан тоо баримтаас үзвэл тус улсад өнгөрсөн онд 27766 хүн амиа хорлосон нь анх удаагаа амиа егүүтгэгчдийн тоо 30 мянгаас илүү гараагүй гэдгийг тус улсын хэвлэлүүд мэдэгдсэн. Айлчлалын өмнө дээрх мэдээлэл Ерөнхий сайдын сэтгэл санааг өөдрөг болгосон талаар түүний туслах мэдэгдсэн.
Өнөөдөр Шинзо Абе Вьетнам улсад айлчилж байгаа. Тус улсын хувьд ч мөн Зүүн Хятадын тэнгисийн газар нутгийн асуудлаар Бээжинтэй маргаантай байгаа. Энэ нь Японы талаас маргаантай арлын талаар байр сууриа солилцоход давуу талтай. Тиймдээ ч, Японы “Асахи” сонинд “БНХАУ-тай маргаантай, тус улсын эдийн засаг, цэрэг армийн хүчирхэгжилтээс сэрэмжилж буй орнуудын хувьд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь айлчлалын чухал хэсэг. Гэхдээ Зүүн Азийн гэлтгүй Азийн орнуудын хувьд Хятадын талаар барьж буй байр суурийн эрс тэс ялгаатай байгаа. Тиймээс Хятадын эдийн засаг, цэрэг армийн тэлэлтийг барихаар АНУ-тай хамтран ажиллаж байгаа Японы алхам Азийн орнуудын дунд хагарал үүсгэж болзошгүй” нэмээх нийтэлжээ.
Мэдээж дээрх мэдээлэл гарсаны маргааш нь буюу өчигдөр БНХАУ-ын “Global Times” сонинд “Хятадыг тогтоон барих Японы итгэл найдвар инээд хүрмээр юм. Хятад, Японы харилцаа муудаад ирэхээр Японы тал Зүүн хойд Ази дахь байр сууриа бэхжүүлэхийг хүсч буйг бид ойлгож байна. Гэхдээ энэ нь Хятадад нөлөөлж чадахгүй л болов уу” гэсэн хэвлэлийн далд зөрчилдөөн дэлхий нийтийн өмнө анхаарал татаж байна.
Б.Баатар
URL: