400 сая ам.долларын “улс төр”
ДНБ-ий хэмжээг 12 мянган ам.долларт хүргэх төслөөс 400 сая ам.долларыг харамласан, төмөр замын шинэ төслийг “Далан босгож мөнгө угаах нь” хэмээн хардан гуйвуулагчдад энэ нийтлэл сонин биш байх. Учир нь хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг юм гэдэг. Уг нь Ерөнхий сайд асан, төрийн бодлоготонд байтугай жирийн монгол менежерт алсын хараа гэж байдаг. Гэтэл М.Энхсайхан “Төмөр замыг хөгжүүлэх нэрийдлээр 40 орчим тэрбум төгрөг салхинд хийсгэлээ. Энэ алдааг яаралтай засахгүй бол үргүй зардал нь 400 сая ам.долларт хүрэх аюултай” хэмээн мэдэгдэл хийж иргэдийг “айлгаж” байна.
Төмөр замын шинэ төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт байсан хүний хувьд тэрбээр яг энэ цаг үед ийм мэдэгдэл хийх нь ямар хэмжээний хор хохиролтойг мэдэж байсан ч түүний “улс төр”-ийн модель дээрх тактикийг сонгосон нь харамсалтай.
Өргөн, нарийн царигийн талаар лав таван жил маргалаа. Сүүлдээ өнөөх геополитик, үндэсний аюулгүй байдлын гол “зэвсэг” маань нам хоорондын “хэрүүлийн алим” болж хувирч байх шиг байна. “Стандарт бус” хочтой хамтарсан Засгийн газар 2008 оны намар байгуулагдаад Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар томилсон. Харин ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга яагаад “Шинэ төмөр замын төсөл” гэгчийг “төрүүлсэн” бэ гэдгийг сайтар тайлбарлахгүй бол зарим нь мартсан бололтой. Мөн үүний тулд “Монголын төмөр зам” компанийг яах гэж байгуулсныг сануулах хэрэгтэй болох нь.
Төмөр замын тээврийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-д заасан үндэслэлийн дагуу 2010 оны зургаадугаар сарын 24-нд УИХ-ын 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан. Уг тогтоолд эхний ээлжинд барих төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Мөн Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 3-ны 283 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид олгожээ. Тухайн үед УИХ-аас өгсөн уг даалгавар буюу тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн өмчийн хороо, ЗТБХБЯ-ны хамтарсан 30/24 тоот тушаал гаргаж “Монголын төмөр зам” компанид хэд хэдэн даалгавар өгчээ. Үүнд төслийн санхүүжилтийн эх үүсвэрээ бодлогын баримт бичигт заасны дагуу шийдвэрлэх, зөвлөх компаниа сонгож гэрээ байгуулах, хөрөнгө оруулагчдын оролцоотой компани, эсвэд консорциум байгуулах бэлтгэлээ хангахыг үүрэг болгосон Мөн Засгийн газрын 266 тоот тогтоолын дагуу “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам,долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдэж өгөхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Ийнхүү “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндэслэлүүд бий болсон юм.
Гэвч санхүүжилтийн тухайд, тэр тусмаа 55 сая ам,доллар хаачсан бэ гэдгээс эхлээд өмнөх Засгийн газрын хутгасан будлиан чамлахааргүй саад болсон. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны есдүгээр сарын 9-ний 35/32 тоот зөвлөмжийн 1.3-т “УИХ-ын 2010 оны 32 тоот тогтоолоор баталсан “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтцийг мөн бодлогын 3.2.4-т заасан хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийн хамт 2013 онд багтаан ашиглалтад оруулахыг зөвлөсөн байдаг. Гэтэл Үндэсний аюулгүй байдлыг зөвлөл энэхүү шийдвэрээ гэнэт өөрчилж 2012 оны гуравдугаар сард гаргасан шийдвэртээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 ду-гаар зөвлөмжийн 1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Сайншанд- Тавантолгой- Ухаахудаг- Гашуунсухайт, Сайншанд-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг нэгдсэн сүлжээ болгох зорилгоор суурь бүтцийн барилга угсралтын ажлын концессыг шууд гэрээний үндсэн дээр олгож 2012 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх” хэмээн өөрчилсөн байгаа юм.
Ингээд 2012 оны эхний хагас жил буюу УИХ-ын сонгуулиас урьтаж Ухаахудагийн төмөр замыг барих ажлыг концессийн шууд гэрээгээр яаран сандран Ухаахудагт олгож байжээ. Харин одоо байдал өөр болсон. Бүх зүйл зүй тогтлын дагуу явах ёстой. Өөрөөр хэлбэл нэгдүгээр шатыг нь барихгүйгээр хоёрдугаар шатны төмөр замыг барих боломжгүй. Энэ нь хэнд ч ашиггүй. Тиймээс Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч батлагдан гарав. Ингэснээр 2010 оны арваннэгдүгээр сарын 3-нд гарсан Засгийн газрын 283 дугаар тогтоол хэрэгжих үеэр хэрхэн алдаа завхрал гарсныг засаж 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд 121 дүгээр тогтоол болон албан ёсны болж Зам, тээврийн яаманд хүргэгдэн ирсэн гэсэн үг. Хоёр жилийн дотор “зовлон” үзэж, золбирч тэнэж явах хугацаанд бид юу алдав. Нүүрсээ хямд үнээр Хятад руу гаргасаар байв. Хятадаас өөр зах зээлийн гарцгүй учраас худалдан авагч тал экспортын хэмжээгээ багасган монголчуудыг “чадаж” төсвийн орлогыг нь бууруулсан. Нэг улсаас, нэг компаниас хамааралтай зах зээл ийм л хор уршигтай. Зөвхөн нарийн царигийн төмөр зам барьж Ухаа худагийн ордыг эзэмшигчдэд туслах, улмаар Хятадыг л цорын ганц зах зээл гэж үзсэнийхээ төлөө бид хожмын өдөр том барьцаанд орж буй. Энэ барьцаа нь юун бонд, өртэй манатай, тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнэ цэнээс ч давж мэдэх юм.
Тухайн үед буюу 2011 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар төсөвт 2011 онд шаардлагатай 55 сая ам,долларыг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл одоо 2012 он дуусахад ганцхан сарын хугацаа үлдчихээд байхад нэг төгрөг ч “Монголын төмөр зам” компанид ирээгүй байна. Тэр ч байтугай байгаа хөрөнгө болох гурван зүтгүүрээ барьцаалж “Хаан” банкнаас таван сая 650 мянган ам.доллар авч Монголын үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээнийхээ техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хийлгэсэн байдаг. Хэрэв тэр үед зориг гаргаж ийм алхам хийгээгүй бол одоо л дөнгөж нэгдсэн төмөр зам барих нь яавал ашигтай байх вэ гэдгийг мэдэхийн тулд ТЭЗҮ хийлгэх гээд явж байх байсан биз. Тэгсэн хэрнээ Засгийн газар, УИХ-ын зүгээс “Монголын төмөр зам” компанийнхантай уулзах бүртээ “Төмөр зам хаана байна” гэж асуудаг.
Засгийн газрын 2011 оны арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаар төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр Монголын Засгийн газар “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниар дамжуулан нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой төдийгүй тусгаар тогтнолын баталгаа болсон төмөр замын суурь дэд бүтцээ төрийн өмчид байлгах нь баталгаатай боллоо. Үндэсний хөгжлийн цогц бодлогод баталсанчлан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж тэнд кокс химийн, төмөрлөгийн, зэс хайлуулах, газрын тос боловсруулах, нүүрс химийн үйлдвэр болон цахилгаан станц, төмөр замтай болох зэргээр цөөнхийн бус нийтийн эрх ашгийн төлөө ажиллах цаг ирж буй нь энэ.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа эмх цэгцэндээ орж эдийн засгийн тэргүүлэх чиглэл, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтдаа анхаарч ажлаа эхлээд байна. Тиймээс ч эрх мэдлийг нь өгөхгүйгээр ажил даалгах, хариуцлага нэхэх нь логикгүй тул нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад нэгтгэж төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах үүргийг “МТЗ” компанид шилжүүлсэн.
Мөн нэгдсэн төмөр замын тодорхой чиглэлд төмөр замын суурь бүтэц барихаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн оруулсан хөрөнгө, гаргасан зардлыг төрөөс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ нэгдсэн төмөр замын суурь бүтцийн хөрөнгө оруулалтад оруулан тооцох замаар татан оролцуулж барилга, угсралтын ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэн ажил-луулахыг үүрэг болгожээ.
Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх нөхцлийн нэг нь төмөр замын сүлжээнд холбогдох явдал яах аргагүй мөн. Тиймээс ч дэлхийн эдийн засгийн “хөрөлт”-ийн түр зуурын агшныг ашиглаж төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд яарах нь зөв. Ингэхдээ өмнөх Засгийн газрын алдааг засаж Ухаа худгаас төмөр зам барихаас илүү Тавантолгойг бүрэн дүүрэн ашиглах гэдэг утгаараа төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын 3.2.2-т заасанчлан эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой цогцоор барих онцгой эрхийг “Монголын төмөр зам” компанид олгосон билээ. Үүний дараа Засгийн газрын баталгаатай 1,5 тэрбум бондыг амжилттай арилжаалж уг мөнгө дансанд орж ирсэн цагаас хэрүүл эхэлсэн.
Дэлхийн банкнаас Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн хөгжлийн талаар хийсэн судалгаагаар “Энержи Ресурс” компанийн эзэмшиж буй Ухаахудагийн орд бол жил бүр 10 сая тонн нүүрс олборлоод байхад 40 жил ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг юм билээ. Тэгэхээр Ухаахудаг бол яах аргагүй том орд. Түүний эзэмшигчид ч “том” хүмүүс. Гэхдээ төрөөс том байна гэж юу байх вэ. Ухаахудагийг ашиглахын тулд Хятадын хил рүү нарийн царигтай төмөр зам барих хэрүүл эхэлсэн.
Дэлхийд коксжих нүүрсний нөөцтэй орон цөөнгүй байдаг. Гэхдээ Канадын коксжих нүүрсийн нийт нөөц Тавантолгойн ордын 57 хувьтай, Австралийнх 12, Германых 22, Америкийнх 28, Польшийнх 49 хувьтай нь тус тус тэнцдэг гээд боддоо. Тавантолгойгоос жилд 15-20 сая тонн нүүрс олборлоод байхад дор хаяж 200 жил ашиглах нөөцтэй. Өөрөөр хэлбэл ирэх 200 жил, түүнээс цаашхи хугацаанд улс орон оршин тогтнохын баталгаа нь Тавантолгой болчихоод байна. Ухаахудаг жилд 10 сая тонн нүүрс олборлоход 40 жил ашиглах нөөцтэй. Монголын төр ирээдүйн 40 жил, 200 жилийн алийг нь бодож бодлогоо тодорхойлсон бэ гэдэг нь мөнөөх л өргөн, нарийн царигтай холбоотой болж таарч байна.
Шинэ төмөр замын төслөөр нэгдсэн сүлжээ хоёр үе шаттай байгаа нь цаанаа маш нарийн учир шалтгаантай аж. Нэгдүгээр шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүн баян чиглэлд 400 кам, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн чиглэлд 140 км, Хөөтөөс Чойбалсан хүртэл 150 км, нийт 1100 гаруй км төмөр зам тавихаар тусгажээ. Хоёрдугаар шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 45.5 км зам, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг чиглэлд 380 км, Хөөт-Бичигтийн чиглэлд 200 км, нийт 900 км төмөр зам барьж улмаар Чойбалсангаас БНХАУ-ын Дандонг боомт хүртэл төмөр зам барих юм.
Нарийн царигтай төмөр зам бол нүүрсээ зөвхөн Хятадын хилээр гарахад зориулагдах зам юм. Манайд нарийн царигтай төмөр зам байгуулах хэрэгцээ байхгүй. Тийм туршлага, технологи ч байхгүй. Хэрэв нарийн царигтай төмөр зам барих болчихвол хятадууд л ирж барина. Хамгийн аймшигтай нь энэ тохиолдолд манай төмөр зам Хятадын төмөр замын нэгдсэн сүлжээний нэг хэсэг болчих гээд байдаг.
Дэлхийн зах зээлийн үнээс олон дахин хямд үнээр манай нүүрсийг авч сурсан хятадууд хилээ хаах ч юм уу, ямар нэг саад тавихад л бид нүүрсний үнээ буулгахаас өөр яах ч аргагүй. Бусад хөрш, түншүүд маань Монголд хэчнээн хайртай, Монголын коксжих нүүрсэнд дуртай байлаа гээд онгоцоор зөөлтэй биш. Тэгээд ч энэ тохиолдолд Сайншандын аж үйлдвэрийн парк барих асуудал ч “унтрахаар” байгаа. Гэтэл УИХ-аас баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулна” гэж заасан байгаа. Үүнийг дагаж мөрдөхгүй бол яах гэж баталсан юм бэ. Тиймээс л Х.Баттулга Оросуудтай хардуулан байж өргөн царигтай төмөр замаа барих гэж зүтгэсэн. Одоо Зам тээврийн сайд А.Гансүх яг энэ замаар, өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Тэгээд ч нарийн царигтай төмөр замын тухайд Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбартай холбоотой олон хууль тогтоомжтой зөрчилдөх асуудал энд үүсдэг. Тиймээс эхлээд заавал нэгдүгээр үе шатыг барих учиртай. Тавантолгойгоос нүүрсээ олборлоод Сайншандын боловсруулах үйлдвэрт очих, улмаар Владивостокоор дамжин Европ руу, мөн Энэтхэг, Тайвань гээд гуравдагч зах зээл рүүгээ чөлөөтэй гарч болж байна. Энэ нь Хятад руу нүүрс гаргахгүй гэсэн үг биш. Төслийн газрын зургийг харахад Хятад руу дөрвөн боомтоор, Орос руу хоёр боомтоор нүүрсээ гаргаж болж байна. Тиймээс ч төслийнхөн Хятад руу огт нүүрс гаргахгүй гээгүй. Хятад руу нүүрсээ маш ихээр гаргана. Хамгийн гол нь тэдний биш манай дүрмээр тоглох ёстой гэсэн хатуу байр суурийг баримталсан. Тэр дүрэм нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих явдал.
Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа нь дангаараа бус бусадтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зарчимд суурилсан байдаг. Эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх нь энэхүү баталгааг хангах нэг чухал элемент мөн. Тиймээс Х.Баттулгаар овоглосон “Төмөр замын төсөл” гэгчийн эдийн засаг дахь ач холбогдол нь юу вэ гэдэг нь анхаарал татсан хэвээр байгаа юм.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод 2021 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллар байна” гэсэн зорилт тавьсан байдаг. Монгол Улсын хөгжил бол аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн” Хөгжлийн үндэс нь эв нэгдэл. Өнөөдөр Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 17 дугаарт, Бутаны дараа, Шри-Ланкийн өмнө жагсаж байх юм. Хэрэв бид 2021 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 12 мянган ам.долларт хүргэчихвэл Тайваний байр суурийг эзэлж Азийн долоо дахь том эдийн засаг гэгдэх боломжтой. Тэр тусмаа голлон тоглогчийн байр сууринд очно. Яагаад гэвэл бид түүхий эд нийлүүлэгч гол орны хувьд аж үйлдвэлэгч бусад орон биднээс хамааралтай болно. Байгалийн баялгаараа хамгийн баян эхний 10 орны тоонд багтаж байна.
Азийн орнуудын коксжих нүүрсний хэрэглээ 2009-2015 онд жилд есөн хувиар өснө гэсэн тооцоолол буй. Тухайлбал 2015 он гэхэд Хятадад 30 сая, Энэтхэгт 56 сая, Японд 68 сая тонн хүртэл нүүрсний хэрэглээ өсөх аж. Хятадаас давчихсан орнууд бишгүй байгаа биз. Тавантолгойн нүүрс үнэд хүрэх нь ч гарцаагүй байх нь. Гэхдээ дан түүхий нүүрсээ зараад хол явахгүй. Аж үйлдвэрээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Дэлхий дээр уул уурхайн салбараа хөгжүүлээд амжилтад хүрсэн орон тун цөөн. Ботсвани, Америк, Чили, Норвеги гээд л бараг боллоо. Яавал зөв явах вэ. Юуны өмнө макро эдийн засгийн зөв удирдлага чухал. Удаахь нөхцөл нь төрийн зохицуулалтаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг зөв зохицуулах явдал. “Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд бүү оролц” гэдэг үе өнгөрч буйг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч эхлээд байна. Хамгийн гол нь гадаад зах зээлийн объект нь хэд хэд байх ёстой. Нэг улсаас хараат байхын хэцүү, хатууг бид хангалттай амссан. Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулж чадахгүй байгаа нь үүний хамгийн тод жишээ юм. Үүний дараа өөрийн боловсруулах үйлдвэртэй байх, өндөр технологийг нэвтрүүлэх шаардлагыг тавьж байна. Мөн үр ашигтай төмөр замын дэд бүтцийг байгуулах ёстой. Ингэж байж уул уурхайн салбар зөв хөгждөг аж.
Тийм ч учраас төмөр замын төслийг боловсруулж байх явцад аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулах асуудал анх “төржээ”. Тухайн үед “ЗТБХБЯ аж үйлдвэрийн парк яриад байхдаа яадаг юм бэ” гэж нам нэгт нөхдөдөө хүртэл УИХ-ын чуулган дээр зад загнуулж байсныг санаж байгаа байх. Ингээд нүүрснийхээ зарим хэсгийг түүхийгээр нь зарж, үлдсэнийг нь боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон хос морьтойгоор дэлхийн зах зээлд гарах үндэс суурийг тавьсан байдаг юм. Нэг ч килограмм төмөргүй, коксжих нүүрсгүй Өмнөд Солонгос улс дэлхийн хамгийн том гангийн үйлдвэртэй, эдийн засгийн хөгжлөөрөө эхний аравт жагсаж байгаад төмөр, коксжих нүүрсний хэмжээгээрээ дэлхийд гайхуулдаг Монголд энэ зам яагаад хаалттай гэж.
Үнэн хэрэгтээ Х.Баттулгын сайдын үед л төмөр замын төсөл “төрчихсөн” болохоос хэзээд хийхээс өөр аргагүй л ажил шүү дээ. Эцсийн зорилго нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдаж дуусахад 70 мянган хүн ажлын байртай болно. Дэд бүтэц иж бүрэн хөгжиж суурьшлын бүстэй болно. Хамгийн гол нь 2015 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 12 мянган ам.долларт хүрэх болно. Энэ бол Монгол Улсын үндэсний нийтлэг эрх ашиг юм. Ийм ирээдүйтэй төслөөс бондын хөрөнгөөс 400 сая ам.долларыг өнөөдөр харамлах, В.Путины бодлогыг Х.Баттулга ч юм уу, А.Гансүх дэмжээд байна гэж сурталчлах, шинэ төмөр замын төслийг далан барьж мөнгө угаах гэж байна хэмээн гүтгэх нь дэндүү гэнэн хэрэг.
У.Оргилмаа
URL: