Машиныхаа мөнгийг танаас нэхэмжилье, Үүл баатар аа!!!

527-1358500593kiwi-middleIDEA

Улаанбаатар маань утаагүй, түгжрээгүй, хоггүй, халтиргаагүй болчихоосой гэж хүсэхгүй хэн байхав. Тиймдээ ч дугаараар хязгаарлаад эхлэнгүүт дуулгавартайяа нэг өдөр явган гүйж, түгжрээ багасгахад өөрийгөө хувь нэмэр оруулж байна гэж додигор явлаа.

Цаашдаа иймэрхүү төвийг сахисан, иргэдээ өмч хөрөнгө, бэл чинээгээр ялгаварлахгүй тэгш хандсан зохицуулалт хийвэл хоёр гараа өргөөд дэмжих хэмжээний эрмэлзэл, сэтгэхүйтэй болчихоод байлаа.

 

Гэтэл “Будаач будаач гэхэд сахлаа будав” гэгчээр машины баруун зүүн рулиэр ялгаварлаж, баруун рультэйг нь хязгаарлана гэнэ. Санал асуулгаар дэмжихгүй гэсээр байхад дэмжтэл нь дахин дахин асуух юм гэнэ. Уучлаарай Бат-Үүл дарга аа… Санал асуулгыг ингэж нэг сэдвээр, ийм ойрхон, илт тулгасан шинжтэй явуулдаггүй байх. Та хүний эрх, хувийн өмчинд халдаад зогсохгүй хууль зөрчөөд байгаа юм биш үү.

Иргэдийн 75 хувь тэртэй тэргүй буруу гэчихээд байхад та юунд найдаад улайраад байнаа, эсвэл сонгуулийн дүнг луйвардаж болдог юм чинь санал асуулгыг өлхөөн зохицуулчихна гэж бодоо юу? Үгүй бол герман, солонгос машин оруулж ирдэг нөхдүүдийн хэрэг бүтэж байвал бусад нь хамаагүй юу….

Баруун хүрдтэй машиныг өнөөдөр хязгаарлаж, маргааш оруулахыг хорьж, нөгөөдөр төмрийн сэг рүү шилжүүлснээр түгжрэл буурдаг юм байж, тэгвэл ад шоо болсон буруу рулийн ард хэдэн хүний амьдрал тэг зогсолт хийхийг та тооцоолж үзсэн үү?

Ардчилсан зах зээлт нийгэмд нийгэмд төрийн шийдвэр хүний өмч хөрөнгийг ялгаварлах, үнэгүйдүүлэх ёсгүй. Гэтэл чанар, үнийн хувьд боломжийн гэж үзээд баруун рультэй япон машин сонгосныхоо төлөө өмч хөрөнгө эзэмших, эдийн засгийн эргэлтэд оруулах эрхээ зөрчүүлж байна.

Хуруу хумсаа хуйхалж байж авсан машинаа заръя зарж чадахгүй, унъя унаж болсоны хохирлыг хэн төлөх вэ? Та юу…? Сайн байна, тэгвэл эртхэн мөнгөө аваад, сургаар одооноос үнэ нь өсчихөөд байгаа “зөв” машинаас ганцыг олж авъя. Эрхбиш та Ардчиллын баатар болохоор Алтжин авгайгаас ч илүү хоншоортой загнах байлгүй дээ.

Бид, өөрөөр хэлбэл нийслэлийн нийт иргэдийн 70 орчим хувь муу муухайдаа, хууль ёс зөрчдөгтөө, хотын хөгжилд тээг саад болох гэсэндээ баруун рультэй машин сонгосон юм биш. “Мал маллахаа марксизмээр заалгахгүй” гэгчээр зах зээл дээр байгаа бараанаас үнэ, чанар, эдэлгээ даах чадвар, хөдөө гадаа явдаг хэрэглээгээ бодоод хэнээр ч заалгахгүй сонгосон юм.

Эрэлт дээр тулгуурлаж нийлүүлэлт явдаг зах зээлийн хуулиар автомашин импортлогчид ч “ард түмний” машиныг түлхүү оруулж ирдэг. Ганц гайк ч үйлдвэрлэдэггүй орны иргэн бид нэг нь зөөгөөд нөгөө нь авч унахаас өөр яах юм бэ?

Үнэхээр машины тоог цөөрүүлэх гээд байгаа бол та хувийн өмч хөрөнгө рүү өнгөлзөж суухаар нийтийн эрх ашигт илүү нийцсэн арай шударга аргыг сонго л доо. 15-аас дээш жилийн насжилттай, өнгө үзэмж муутай, утаа тортог ялгаруулдаг (ихэнх нь таны дуртай зүүн рультэй эксэл, элантра, акцэнт, сонатта) салж унах шахсан сарампайнууд хотын замаар зөндөө л явж байна. Тэдэнд шаардлага тавь л даа. Үүний тулд оношилгоог бодитой болгомоор байна. Одоо бол ёс төдий, зөвхөн татвар авахын тулд хийгддэгийг бүгд л мэдэж байгаа.

Гаалиар орж ирж байгаа их гүйлттэй, тааруу үзүүлэлттэй машинуудыг битгий оруул, эсвэл өндөр татвар тавь. Ингэхийн тулд татварынхаа тогтолцоог сайжруул, бас гааль дээр үнэн зөв оношлогоо хийдэг болоосой.

Баруун рулийг зөв болгоно гэж үлгэрийн юм ярьж байхаар замын хөдөлгөөний дүрмээ эргэж харвал яасан юм бэ. Биднээс хэдэн зуу дахин олон япон, солонгос, хятадууд яаж нам түгжрэхгүй яваад байна? Лав л ард иргэдийнхээ агаар салхи амьсгалах, амин хувийн ажлаа амжуулах эрхээс хумсалж, бүтэн сайнд гэртээ бүгэхээс аргагүй байдалд оруулаагүй байх.

Эцэст нь хэлэхэд зүүн рультэй машинуудыг голдуу олигархиуд унадаг, тэд тусдаа нийлж амьдардаг, үр хүүхдээ тусдаа сургуульд сургаж, өөрсдөө тусдаа эмнэлгээр үйлчлүүлдэг. Одоо тусдаа зорчдог өдөртэй болж байгаа юм байна, удахгүй тусдаа амьсгалдаг агаартай болог гэж ерөөе. Үүний төлөө ардчиллын биш алагчлалын баатар Таныг илүү их хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байна.

Харин Таны дахин асуулгад чинь амжилт хүсэхийн зэрэгцээ улам амжилттай байлгах нэг санал нэмэрлье. Замын цагдаагийн газраас зуун талдаа рультэй машин эзэмшигч нарын мэдээллийг аваад, Мобикомоос дугаарийг нь шүүлгэж, санал асуулгаа мессежээр явуул, тэгвэл “санамсаргүй” сонгосон төлөөллөөс хүсээд байгаа хариу чинь гарах нь гарцаагүй.

Баянзүрх дүүргийн иргэн Э.Адъяасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих