“Эрдэнэс Таван толгой”-д 6 тэрбум 350 сая төгрөгийн ашиггүй бараа шахсан Б.Энэбишийг АТГ шалгаж эхэллээ
“Эрдэнэс Таван толгой”-н захирал асан Б.Энэбишийг АТГ шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Сүүлийн үед “Эрдэнэс Таван толгой”-н хувь заяа хүнд болсон талаар төр засгийн хэмжээнд яригдахтай зэрэгцэн өмнөх дарга нарын шахааны бизнес ч олноо илчлэгдсэн билээ.
Б.Энэбиш, Энхбаяр мэтийн “Эрдэнэс Таван толгой”-г удирдаж байсан удирдлагууд нийт 6 тэрбум 350 сая төгрөгийн ямар ч ашиггүй, хэрэгцээгүй, өдөө ашиглагддаггүй барааг уг компанид шахсан байгаа юм. Тухайлбал чанарын шаардлага хангадаггүй, зах зээлийн үнээс хэт өндөр, нэг бүр нь 160,000,000 төгрөгийн үнэ бүхий ачааны 10 автомашиныг 2011 оны аравдугаар сард “Эрдэнэс Таван толгой”-д шахсан байна.
“TAS” хэмээх нэртэй уг машиныг БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд ямар ч улсын дугаар, бичиг баримтгүй байсан аж. Уг нь зах зээлийн үнэ нь 70,000,000 төгрөг байдаг бол Б.Энэбиш захирал уг машины нэг бүрийг 160,000,000 төгрөгөөр тооцон худалдан авсан нь дөнгөж шинээр мэндэлж байсан “Эрдэнэс Таван толгой”-г Эрдэнэтийн ГОК шиг төсөөлж байсны илрэл гэж болно. Өдгөө эдгээр машины нэгийг нь ч ашиглах боломжгүй, сул зогсдог гэнэ лээ.
Мөн нэг бүр нь 100,000,000 төгрөгийг үнэтэй тус уурхайд хэрэглэгдэх ямар ч боломжгүй, чанар маш муу, хятад улсад үйлдвэрлэсэн MAGNA маркийн 30 ширхэг хүнд даацын автомашины дугүй шахаанд авчээ.
Бас нэг бүр нь 20,000,000 төгрөгийн үнэ бүхий нийт 98 ширхэг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн MAXAM
маркийн чанар муу, машинд тавихад байнга бууддаг дугүйг шахаанд авсан байна. Энэ бүхний үнэ нийлээд 6 тэрбум 350 сая төгрөг болж байгаа аж. Зөвхөн ил гарсан нь энэ боловч үүний цаана хичнээн төгрөгийг хохирол амсуулсан байхыг бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс Б.Энэбиш, мөн Энхбаяр гэгчийг АТГ шалгаж эхэлсэн талаар баттай эх сурвалж бидэнд мэдээллээ.
Уг асуудал анх сөхөгдсөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Эрдэнэс Таван толгой”-н одоогийн захирал Я.Батсуурь энэ талаар хэлэхдээ “Чанарын хэрэгцээ хангахгүй бараа, материал, машин байгаа нь үнэн. Тухайлбал уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тус бүр нь 160 сая буюу нийт 1,6 тэрбум төгрөгийн 10 ширхэг машин нийлүүлсэн байна лээ. Эдгээр машиныг манай компанийн Зүүн цанхийн уурхай дээр операторын үйл ажиллагаа явуулдаг компани шинжээд стандарт хангахгүй байна гэж дүгнэсэн. Одоо сул зогсож байна. Дугуйнуудтай холбоотой асуудлын тухайд тав орчим тэрбум төгрөгийн дугуй бий. Үүнээс 3,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөгтэй дугуй нь буруу размертай учраас тухайн машиндаа таарахгүй байна. Ямар ч байсан тендер зарлаад явсан юм билээ. Холбогдох хүмүүстэй нь хариуцлага тооцож ажлаас халсан. Цаашид хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа явагдах болов уу” хэмээсэн юм.
Харин үүний маргааш нь сандарч, тэвдсэн Б.Энэбиш:
“Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө “Би “ЭрдэнэсТаван толгойд ямар ч шахаа хийгээгүй, гэхдээ дээрх ханган нийлүүлэлт миний үед хийгдсэн нь үнэн. 2011 ондоо багтааж Хүний хөгжил санд 330 тэрбум төгрөг хуримтлуулах үүрэг даалгавартай байсан, үүнийг биелүүлэхийн тулд нэг сая тонн нүүрс олборлох шахуу зорилттой ажилласан бид 60 тоннын 10 ачааны машин авч, төлөвлөгөөт даалгавраа биелүүлсэн. Эдгээр машиныг одоо ч уулын ажилд ашиглаж болохоор байгаа. Харин дугуйны хувьд стандартын шаардлага хангасан эд байсан. Гагцхүү арай бага юм билээ. Жийпний 70, 75-ын дугуй гэдэг шиг. Тэдгээрийг нэг машинд дөрвөөр нь тавиад явуулахад болохгүй юм гэж байхгүй гэж техникийн албаны ажилтнууд баталж байсан. Ерөнхийдөө уурхайн ажлын явцад шаардлагатай сэлбэг, техникийг л бид тендер зарлан шалгаруулалт явуулж авсан. Түүнээс биш ямар ч шахаа байхгүй” гэсэн хариуг барьсан юм.
Өөрийнхөө хийсэн үйлийг ийнхүү хайцаалж байсан Б.Энэбишийг ямартай ч АТГ шалгаж эхэллээ. Чухам шахаа хийсэн үгүйг удахгүй шалгаад гаргаад ирнэ биз ээ.
noyon.mn
URL: