С.Баяр, Сү.Батболд нарын балайрлал буюу “Роснефть”-ийн шахаа
Орос ах найтаахад Монгол дүү ханиадаг гэх ёж үг соц нийгмийн үеэс эхтэй л дээ. Зах зээлийн жилүүдэд энэ ёгтлол харин улам хүчтэй яригдаж байна. Оросууд дургүйгээ хүрэхээр бензин, шатахуунаараа боож эхэлнэ. Тэгмэгц нь бид талийгаач болохоо шахан амь тэмцэнэ. Ноднинхон яав. Намрын тариа хураалт, хадгалалттай зэрэгцүүлээд тэд шатахууны үнээ нэмчихсэн. Ингэхдээ манай хэдэн импортлогч компаниудыг хахуулиар бугуйлдан ингэж баллаж байсан гэдэг. Ерөөсөө Монголын нефть импорлогчдын дийлэнх нь буюу нэлээд хүчирхэг гэгдэх “НИК”, “Сод Монгол” зэрэг нь Ардын намын дарга асан, одоо Америкт орогнож буй С.Баярын анивалзах алаг нүдний харцаар хөдөлж байсан юм билээ. Сүхбаатарын Батболд ч мөн түүний өрөөсөн “дугуй” байлаа. Тиймээс Монголд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгч Оросын “Роснефть” компанийнхан хэтэрхий оодорч байжээ. Энэ тухай учир начрыг нарийн мэдэх нэгэн эх сурвалж ийнхүү хэлээд байгаа юм. Үнэн л дээ. Засгийн газрын түвшинд “Роснефть”-ийн нийлүүлдэг, манай импорлогчдын түгээдэг шатахууны үнийн өсөлтийн “нууц”-ыг задалж ярилцах гэхээр эрх мэдэлтнүүд бүгдээрээ шахуу амаа хамхин, бие засах гээд дүлж суугаа бяцхан жаалууд шиг бүлтэлзээд унадаг байв. Тун өрөвдөлтэй иймэрхүү онигоо эрхмүүдийн дунд их байлаа.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж санал, дүгнэлт боловсруулахаар УИХ-ын ажлын хэсэг томилогдож, ахлагчаар нь одоогийн Уул уухайн сайд Ц.Ганхуяг ажилласан юм. Монгол банк валютыг тогтвортой барьж чадаагүй нь шатахуунд нөлөөлсөн хэмээн зарим нь байв. Гэхдээ гол нь импортлогч компаниудын шунал арай хэтэрч байжээ. Тиймээс урьд нь тэдэнд оногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг төлүүлэх гэсэн боловч шударга өрсөлдөөнийг зохицуулдаг нөхдүүд нь хаацайлаад төлбөрөөс бултуулчихсан. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар очсон О.Магнай тэр дураараа даргыг нь Авлигатай тэмцэх газар руу шалгуулахаар шилжүүллээ. Болж байна аа, энэ бол зөв, зоригтой алхам. Гэлээ гээд байдал сайжрахгүй л байна.
Оросууд манай Засгийн газрын 100 дахь хоногт зориулан дахиад “бэлэг” илгээсэн юм. Засгийн газраас шатахуун импортлогчиддоо 120 сая доллар өгч туслах гэснийг өнөөх “Роснефть” нь мэдэнгүүтэй шатахуунаа тонн тутамд нь 100 доллараар нэмлээ гэсэн “бэлэг” явуулж байгаа юм даа. Мөн лут шүү. “Роснефть” компанийн экспорт хариуцсан захирал А.В.Ширковецын гарын үсэг бүхий бичиг буюу ээлжит энэ “Бэлэг” нь одоо бидэнд ханиад, хатгаа болоод байна. Шадар сайд Д.Тэрбишдагва Орост очиж сайд нартай нь яриад ч нэмэр болсонгүй. Гэхдээ найдлага тасраагүй гээд байгаа бололтой, мань хүн. Ингээд Оросуудын хатуурхал зөөлрөхийг хүлээхээс аргагүй боллоо. Маниусыг ийн манарч суутал нийслэлийн автобус компаниуд нь “Амь тавилаа, үнээ энэ сарын 23-наас 500 төгрөг болохгүй бол болохгүй байна” гээд орилолдож эхлэв. Одоо яалтай вэ, энэ Засгийн газар.
Зэх зээл рүү хөл тавьсан хорь гаруй жилийн турш хуйвалдан идэгчид голцуу шатахуун импортлогчид руу ханарч, тэд нараас намын болоод бусад санхүүжилт, авлига зэргээ бүрдүүлсээр ирсэн юм. Тэдгээр компанийн захирлуудын дийлэнх нь өнөөдөр улс төрийн өндөрлөгт хүрчээ. “Роснефть”-д энэ нь их таатай санагдаж байсан биз. Ямартаа л С.Баяр Ерөнхий сайд байхдаа тэдний шатахуун түгээх 100 станцыг Монголдоо авчирч үйлчлүүлэх саналыг нь дэмжиж УИХ дээр танилцуулж суух билээ. Шатахуун бол манайдаа л стратегийн хамгийн чухал эд. Гэтэл С.Баяр ийм эмзэг асуудлаар монголчуудаа “Роснефть”-ийн наадгай болгох санаатай байлаа. Ер нь Орос гүрэн хэдийгээр бидний мөнхийн хөрш ч гэсэн Монгол улс тусгаар байдлынхаа дархлааг ингэж саармагжуулж яавч болохгүй шүү дээ. Оросууд манай Асгат, Таван толгой, Дорнод, Сүхбаатарын ураны орд зэргийг сонирхож, хамтарсан төмөр замаа тэлэхэд оролцох зэрэг нь шатахууны 100 станц байгуулахаас арай өөр асуудал юм. Гэхдээ л тэд том бизнес, эдийн засгийн том эрх ашгийн төлөө “Роснефть” компаниараа дамжуулан бидэнд шахалт үзүүлж дөнгөөд байгаа юм. Нефть боловсруулах үйлдвэрүүдийг Монголдоо барьж байгуулах гэсэн зарим дотоодынхоо компаниудыг түрүүчийн Засгийн газрууд жийгээд хаячихдаг байсан нь ч мөн хойд хөршийнхний иймэрхүү санаархалтай далдуур сүлэлдэж байсан байж магадгүй. Ерөнхий сайд асан Сү.Батболд тэр жил Дорнодод жижиг оврын нефть боловсруулах үйлдвэр байгуулах бүх тооцоогоо бариад орсон бизнесменүүдэд “Та нар үйлдвэрийнхээ 50 хувийг бидэнд өгч чадах юм уу” гэх ухааны юм яриад хөгөө дэлгэсэн байна лээ. Мэл гайхсан бизнесмен залуу дараа нь энэ тухай нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид Сү.Батболдын саналыг хүлээж аваагүй тул тэр манай нефть боловсруулах үйлдвэрийн төслийг дэмжээгүй” гэж шууд хэлсэн юм. Сү ноёнтон нээрээ сайхан балайрч байгаа юм шүү. Гэхдээ ойрноос цаг сайжирч, юм юм л наашаа эргэх янзтай. Аливаа шийдвэр, ажил хэрэг шударга тал руугаа тусах нь ойртож буй бололтой. Иймээс шатахуун зэргийнхээ учрыг олчихож болох байх аа, засаглалын хашрууд шуналаа дарж чадвал.
Б.Отгонбаяр
URL: