Хайран 40 тэрбум

Untitled-221М.Энхсайхан, Х.Баттулга нар “дуэль” хийхээр болжээ “Монголын төмөр зам”-ын даргын суудлаас хусагдсан М.Энхсайхан Х.Баттулга нарт ийм санал тавив. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга  үүнд нь хариу өгөөгүй байгаа аж. Төмөр замын асуудлаар тэд зарчмын зөрүүтэй байр суурьтай байна. Өргөн, эсвэл нарийн  царигтай төмөр зам тавих тухай  маргаан нь сүүлдээ М.Энхсайханыг ажилгүй болгожээ. Тэр нарийн царигтай төмөр зам барих нь дэлхийн стандартад дөхсөн, эдийн засгийн үр ашигтай бүтээн байгуулалт болно гэж үзжээ. Гэтэл  Х.Баттулга, А.Гансүх нар эсрэгээр нь өргөн царигтайг тавихаар зүтгэж байна.  Төмөр замыг урд хөрштэй хэрхэн холбохоос Монголын эдийн засаг,  улс орны хувь заяа хамаарах нь зүйн хэрэг. М.Энхсайханы  үзэж буйгаар бол  ОХУ, түүний нөлөөнд байсан улс орнууд  өргөн царигтай төмөр зам хэрэглэдэг юм байна. Тэгвэл манай түүхий эд, бүтээгдэхүүний ихэнх нь  Хятад руу гардаг.  Тус улс  нарийн царгийн төмөр замтай. Тиймээс манайх урд хөрш рүүгээ өргөн царигтай  төмөр зам тавьчихвал ачаагаа нарийн царигтай вагон руу шилжүүлэх шаардлагатай болно. Эдийн засагчдын тооцоогоор Таван толгойгоос  жилд ойролцоогоор  20 сая тонн нүүрс урагш нь тээвэрлэнэ гэж байгаа.  Хэрвээ энэ их нүүрсээ  замд нь буулгаж ачаад байвал юу болох вэ. Мэдээж хэрэг, нэмэлт хөдөлмөр, цаг хугацаа алдана.  Энэ хэрээр  эдийн засаг болон байгаль экологид  таатай нөлөө үзүүлэхгүй. Харин ч бөөн гай нүүрлэнэ. Эрдэмтэд, судлаачид 20 сая тонн нүүрсийг шилжүүлж  ачихад 2.5 хувь нь  тоос болж агаарт дэгддэг гэж байна.  Нүүрсээ хил дээр аваачаад буулгахаар нөгөө нүүрсийг нь тогтмол авахгүй байх эрсдэл бас бий.  Мөн өвлийн  цагт таван хувийн чийгшилтэй  нүүрс  нь яалт ч үгүй барьцалдаад хөлдөж орхино. Зуны улиралд халалтаас болоод шатах аюултай.  Эдгээр нь эдийн засгийн хамгийн энгийн ойлгомжтой зүйлс юм. Х.Баттулга нартай найраа хийж,  дундаа тохиролцон 1,5 тэрбум ам.долларын бондын мөнгөөр өргөн, нарийн хос царигтай төмөр зам тавих тухай ч зарим нь ярьж эхэлжээ. Гэтэл ийм хос царигтай төмөр зам өндөр хөгжилтэй орнуудад бараг байдаггүй. Монголд бүр ч бүтэхгүй.

Манайхан хоёр, гурван жилийн өмнөөс нутгийнхаа зүүн чиглэлд  1800 км  төмөр зам барьж байгуулах  төслийг гадаадын компаниар  хийлгэжээ.  Үүний тулд “Монголын төмөр зам” компани нь “Хаан” банкнаас зур­гаан сая ам.долларын зээл авч, төлбөрөө төлж эхэлсэн боловч одоо болтол өрөө бүрэн барагдуулаагүй  байгаа ажээ. Гэ­тэл энэ төсөлд нь ОХУ, БНХАУ-ын төмөр замын хөгжлийн стратегийн судалгаа ороогүй, эрс­дэлийн анализ байхгүй, ер нь монголчуудын мөрөөдөлд тохи­руулан хийж “гурилдсан” явдал болсон байна. Энд гад­ны байгууллагыг буруутгах аргагүй. Манайхны захиалга өгч байгаа чадвар л энэ аж.  Хэрвээ ийм янзаар өргөн царигийн төмөр зам баривал хүлээн авагч тал нь ачаа шил­жүүлэх үйл ажиллагааг зохи­цуулах юм байна. Энэ тухай   Олон улсын конвенцид тодорхой заажээ.  Тэгэхээр манай тал  нүүрсээ ачиж хил дээр очиж мөнгөө төлөөд  ачаагаа  шилжүүлнэ гэсэн үг.

Харин Таван толгой, Гашуун сухайтын хооронд тавигдах 270 км төмөр замын төсөл нь ажлын зурагтай, ханган нийлүүлэлт, барилгын ажил нь хийгдээд эхэл­сэн, ойрын хугацаанд ашиглах боломжтой болжээ. Гэтэл Таван толгой, Сайншандын  хооронд тавих  500 км төмөр замын төсөл  яагаа ч үгүй, зуун задгай, жаран хагархай хэвээр байна.  Таван толгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1800 км төмөр замын урдчилсан ТЭЗҮ-ээс авахуулаад олон асуу­дал  эргэлзээтэй байгаа юм. М.Энхсайхан эдгээр болхи заваан ажлыг  нь хараад л бухимдсан бололтой. Тэгээд А.Гансүх, Х.Баттулга нар руу хату үг чулуудаж эхэлсэн нь сүүлийн үед улам тодорхой болж байх шиг байна.  Тиймээс тэр  “Монголын төмөр зам-Өмнөд” хэмээх  төслийн ком­пани байгуулахаа мэдэгдлээ. Энэ ком­панийнх нь  51 хувийг “Монголын төмөр зам” компани, 20 хувийг нь “Эрдэнэс Таван толгой” компани,  үлдсэн хувийг  хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх юм гэнэ.  Өөрөөр хэлбэл, 71 хувь нь төрийн мэдэлд үлдэж, төмөр зам барих, ашиг­лалтад оруулах ажлыг гүй­цэтгэх нь зүйтэй гэсэн санал оруулжээ,  төр засаг руу.

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замд 775 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байна. Энэхүү төслийг эхлүүлснээр 8,2 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх аж. М.Энхсайхан ийм тооцоог УИХ, Засгийн газрын түвшинд гурван удаа тавьжээ.  Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн гишүүдийн нэг нь ч  түүний  энэ төслийг няцаагаагүй юм байна. Тэрбээр Зам тээврийн яам ямар бодлоготой байна вэ гэсэн асуултад “Салбарын яам Чингис бондоос 400 сая ам.доллар авна. Тэгээд суурин болгонд 20-50 км далан барих тухай ярьж байна. Энэ бол инженерийн мэдлэггүй хүний яриа. Энд, тэндгүй хэнд ч хэрэггүй олон ажил эхлүүлж байгаан мөнгө угаах ажил гэж ойлгож болно” гэсэн хариултыг өгчээ. Мөн өнөөдрийн байдлаар Мон­голын төмөр замыг хөгжүүлэх нэрээр 40 орчим тэрбум төг­рөг салхинд хийсгээд байгаа гэлээ. Энэ байдлыг өөрчлөхгүйгээр цааш  үр­гэлж­лүүлбэл  үргүй зардал нь 400 сая ам.долларт хүрэх аюул­тай ажээ. Хайран 40 тэрбум.

Б.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих