Н.Энхбаярын ээж Р.Бүдханд өлсгөлөн зарлалаа…

Сүүлийн нэг долоо хоног Монголчууд бид зугаатай ч бас залхмаар улс төрийн шоуны хог шаар болсон мэдээллээр хүчирхийлүүлж өнгөрөөв. Тухайлбал, Н.Алтанхуяг ерөнхий сайдын хэвлэлийг боомилж унагаад, бололцооны ар талгүй, сэтгүүлч эзэдтэй мэдээллийн хэрэгслийг нэг мөсөн амыг барих гэсэн оролдлого, иргэн хүнийг илэрхийлсэн үзэл бодлоор нь далимдуулан цагдаж, улмаар шоронгийн “тав” болгох гэсэн сайхан нэртэй, сүрхий өнгөлөн далдалсан тогтоол зэргийн төлөө цэцэрхэж, мэтгэлцэж байлаа. Үүний хажуугаар ёстой “шүдний өвчин” болсон нэг асуудал бол Монголын улс төрийг хавар, зун, намар, одоо өвөлжин бужигнуулж буй Н.Энхбаярын хэрэг. Иргэн Н.Энхбаяр хийсэн хэрэгтээ гурван шатны шүүхээр дамжин байж ял аваад аавынд морилчихоод байгаа ч фенүүд нь түүнийг хилсээр гүтгэгдсэн, “баадаг бурхан” гэж ирээд л өмгөөлөөд сүйд. Төр засгаа, ерөнхийлөгчийгөө, хуульзүйн сайдаа гээд зүхэж болох бүхнийг зүхэн зандчиж байх бололтой юм. Тэд бараг л Н.Энхбаяртай өдөр шөнөгүй хамт байж, эхнэртэйгээ орондоо ороход нь хажууд нь лааг нь бариад хонодог байсан юм шиг аяглах болж. Огт гэмгүй хүнийг зохиомол хэргээр шоронд хийчихээд л, тамлаад, л Монголд байхгүй өвчин тусгаад л байгаа юм байх. Адаг сүүлд нь Монгол улсын хүний нөөцөд гэр бүлийнхээ зүгээс онцгой анхаарч, түүнийхээ төлөө төрөөс “алдарт эх” гэдэг хүндэтгэлийг хүлээсэн ээжүүд төрүүлсэн үр хүүхэд, хань ижлээ  “хог шаар” мэт хаяад хүний хүүгийн төлөө амь золин, өлсгөлөн зарлах болов. Ёстой гаж гэхэд хэтэрхий гаж улстөржиж байна аа бид.
Гэмгүй ээжүүд цурхирч уйлаад гудамжинд өлсөөд суухад эрх баригчид нэгийг бодож, аятай шийдэл гаргана гэж Н.Энхбаяртангуудын хөл гарууд бодсон байх нь. Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нь өнөөх өлсөж буй ээжүүдтэй уулзаж гүйгээд л. Тэглээ гээд асуудал нааштай шийдэгдэх нь юу л бол. Нэгэнт бөөн сенсаци болгож, өндрийг нь тултал авахуулсан Н.Энхбаярыг “гэрээ мартсан ээж”-үүдээс болж суллаад тавьчих нь эргэлзээтэй. Өөрийнхөө амиар өлсөөд бараагүйг түмэн мэднэ дээ.
Яс юман дээр Н.Энхбаярын хамгийн ойр дотныхон нь, тогоотой хоолоо хуваадаг хань ижил, үр хүүхэд, эцэг эх нь огтоос л тоосон шинжгүй мессэж захиа бичисхийгээд хараад суугаад байх шиг санагдах болов. Гэтэл яахаараа хоногийн хоолоо яая гэдэг ээжүүд хүний “хэрэгтэн” хүүгийн төлөө өлсөж, цангаж уйлж дуулж байгаа хэрэг юм бол. Тиймээс ч Н.Энхбаярынхан ээжүүдэд мөнгө өгчихөж гэх барин тавин яриа гарч эхэлсэн. Бүр мөнгөнийх нь тоог 25 сая гэж ирээд л яригдах болов.
Хамгийн сонирхолтой арван сар хэвлийдээ тээсэн Н.Энхбаярын ээж Р.Бүдханд гуай бүлх залгисан мэт дуугуй байна. Эрхэм Намбар гуай хүүгийнхээ төлөө өлсөж, тэмцэх нь бүү хэл ил гарч ганц үг ган хийсэнгүй. Сүрхий эхнэр О.Цолмон нь Х.Тэмүүжинтэй мессэждээд завгүй. Аавынхаа хэрэг төвгийн ачаар “од” болж, Монгол банкны дэд ерөнхийлөгч гэх албанд “суга” дэвшчихсэн Э.Батшугар юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд явж байна. Н.Энхбаярын төлөө намирсан улаан туг болж, гудамжинд өлсөж, хүн зодож, Бүгд найрамдахаа уншуулах шахаж явсан З.Баянсэлэнгэ гэх мэтийн нөхөд нь албан тушаалаар хүлүүлсэн учраас тоглоомноос гарчихаж. Тиймээс хэдэн ээжүүдийг зоосны нүхээр хэмжин, өвлийн хүйтэнд өлсүүлж суулгаад байгаа хэрэг юм биш биз. Ээжүүд Хойд Солонгосын удирдагч “чад” хийхэд ард иргэд нь хайртайгаа нотлох гэж цурхиран уйлж, хар толгойгоороо хана мөргөж байсантай огт адилгүй, итгэл үнэмшил нь хэтийдсэн харагдана лээ. Алдарт эхийн одон зүүтлээ хүсэн, төрүүлсэн үр хүүхэд нь Н.Энхбаяр гэдэг хүнээс үнэгүй байна гэж байх уу. Үхэх, өтлөх, өвдөхийн цагт өнөөх Н.Энхбаяр нь хайр энэрлээ өгөх үү. Хөлийг нь хучиж, гарыг нь бүлээцүүлэх болов уу яах бол.
Тиймээс ч одоо Монголчууд шударга ёс ярьдаг МАХН-ынханд, шударга ёсны төлөө ял эдэлж байгаа Н.Энхбаярт “шударга” байхыг уриалах цаг болж.
Гэмгүй ардын ядуу амьдрал дээр дөрөөлөн улс төр хийж, албан тушаал ахисан, ахих санаа өвөрлөж байгаа МАХН-ынхан жаахан “шударга” бай гэдгийг сануулах цаг болж.
Гэмгүй ээжүүд үр хүүхдийнх нь төлөө уйлаад өлсөөд сууж байгааг хараад юу хэлэхгүй байгаа Р.Бүдханд нэгийг бодож хоёрыг тунгаа гэж хэлэх хэрэгтэй болж.
Авааль нөхөр нь шоронд орчихоод, амь нас нь хутганы ирэн дээр байхад, түүнийх нь төлөө огтоос хамааралгүй хүмүүс өлсөөд байхад О.Цолмон яахаараа таг чиг байгааг асуух үе ирж.
Өөр шиг нь үр хүүхдээ хаячихаад эцгийнх нь төлөө өлсөж байхад зовнихгүй байгаа Э.Батшугарын “шударга” үнэн хаана байгааг лавлах хугцаа тохиож.
Тиймээс шударга байцгаая гэж уриалъя.
Р.Бүдханд гуай гудамжиндаа гарч, ариун шударга хүүгийнхээ төлөө өөрөө тэмцвэл яасан юм. Мэдээж эх хүн болохоор үрээ хаяад гудамжинд “зурагтаар” л харсан хүүгийнх нь төлөө өлсөж суугаа ээжүүдийг, тэдний үр хүүхдийг нь өрөвдөх сэтгэл байгаа байлгүй. Тийм ч учраас Н.Энхбаярын ээж Р.Бүдханд өлсгөлөн зарлалаа гэхэд дусал цусны хольцгүй ээжүүд цурхиран уйлахаас хамаагүй үнэн бодитой, үнэмшилтэй сэтгэл эмзэглүүлэм мэдрэгдэх байх гэж санагдана.
О.Цолмон хатагтай гэмгүй үр хүүхдийг хараан зүхсэн мессэж илгээх ажлаа гудамжинд гарч өлсөж зуураа бичиж болох байх. Олон жил өвөр түрийгээ хуваасан хань нь шоронд ороод үхэл, амьдралтай нүүр тулчихаад байхад нь дулаан гэрээсээ мессэж бичээд суух нь хэр зохимжтой байдаг болж байна. Гэмгүй ээжүүдийг хөлдөө чирсэн нөхрийнхөө төлөө өөрөө л тэмцэх учиртайсан.
Э.Батшугар албан тушаалаа өгөөд аавынхаа төлөө өөрөө тэмцэх нь зүйн хэрэг бус уу. Үнэтэй машинаар ажилдаа явж, дулаан тансаг хүрмээр гангарч, Монгол банкны тансаг өрөөнд тухлахдаа өлссөн ээжүүдийн хүүхдүүд хэрхэн амьдрах, юу идэхийг нэг бодоод үзэх хэрэгтэй л санагдана. Уг нь тэрээр өөрөө л эцгийнхөө төлөө уйлах нягууртай.
Эцэст нь Н.Энхбаяр шиг хэзээ ч тодорч чадахгүй эрхмүүд МАХН-д толгой хорогдож, бялуу хүртэх гэсэндээ бууны нохойны дүрд тоглож, хүний амиар дэнчин тавьж шоуддагаа зогсоох хэрэгтэй болж. Н.Энхбаяр байхгүй бол тэд хэн ч, юу ч биш гэдэг хатуу үнэн байгаа гэнэ лээ шүү.
Ш.Булга
www.shuum.mn.

URL:

Сэтгэгдэл бичих