Вьетнам засварын газрууд машины хулгайг өөгшүүлж байна
Энэ үгийг албаныхан тодотгож байгаа юм. Сүүлийн үед машин, машины хучлагатай холбоотой гэмт хэрэг эд гаарч байна. Өвлийн цаг дундаа орж, гунан үхрийн эвэр тас хөлдөх үеэр ч гэсэн битүү зогсоолын хүрэлцээгүй байдлаас улбаалж, иргэд машинаа ил задгай байрлуулах явдал үргэлжилж байна. Эл байдлыг овжноор ашиглаж, хувийн машиныг нь хулгайлсан хэрэг нэг бус удаа бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулж, Цагдаагийн Ерөнхий газраас “хучлага” арга хэмжээг хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүн өгөхгүй байна. Харин өчигдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст бүлэглэн машин хулгайлдаг таван залуу баригджээ. Тэд машины маркаар дагнан хулгайн хэргээ үйлддэг бөгөөд “Ланд Круйзэр” болон “Гранд” маркийн зургаан машин хулгайлсан гэдгээ мөрдөн байцаалтын үед хүлээгээд байна.
Өчигдөр хоёр машиныг эздэд нь хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар бусад машинтай холбоотой болон хэрхэн худалддаг талаар мэдээллийг авахаар мөрдөн байцаалтыг үргэлжүүлж байгаа аж. Харин хэргээ хүлээгээд буй сэжигтнүүд 20-25 насны найзууд бөгөөд эл хэрэгт нэр бүхий Вьетнам авто засварын газрууд холбогдоод байна. Хэзээнээс ч үнэ хямд, найдвартай гэгддэг тус газрынхан нүд улаан, мөнгө цагаан гээчийн үлгэрлэл болж хулгайн хэрэгт ханцуй шамалж эхэлжээ.
Энэ нь зам дагаж машин горилох тус засварын газруудад хяналт үгүйлэгдэж буйн шинж. Тэд машиныг эд ангиар нь задалж зардаггүй бөгөөд, гаднаас нь хараад танигдах шинжийг нь өөрчилж бүтнээр нь худалддаг тухай албаны хүн тодотгов. Харин хамгийн харамсалтай нь эд хийж бүтээх, суралцах насан дээрээ яваа залуус хөлсний дусал болгон нь хөдөлмөрөөс үүдэлтэй байдаг гэдгийг умартжээ. Хүний өмчид халдаж, хормын дотор мөнгөтэй болох хүсэлтэй хулгайчид насны хувьд улам бүр залуужсаар нь байгаа нь эмгэнэлтэй.
Бид энэ талаар тодруулахаар, Баянзүрх дүүрэг (БЗД)-ийн цагдаагийн I хэлтэсийн Цагдаагийн ахлах дэслэгч Ш.Энхтайвантай уулзлаа.
-Танай байгууллагаас сүүлийн үед нийгэмд ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар үүсгэн байгуулагдсанаар Цагдаагийн байгууллага ч гэсэн шинэчлэгдэж байна. Тэр нь иргэд рүү улам ойртох бодлогоор эхэлсэн гэж ойлгож болно. Үүний дүнд нэг биш арга хэмжээ зохион байгууллаа. Бид нутаг дэвсгэрт байрлах наймаас 26 дугаар хороонд харьяалагддаг орон байргүй, орон байртай байсан ч архи уугаад явдаг, хүнд амьдралтай гээд олон хүнийг цуглуулж уулзалт зохион байгуулсан.
Эхэндээ сэтгэгдэл нь өөр байсан. Архины эмчилгээнд явуулах гэж байна. Эсвэл яриа ухуулаг хийх байх гэсэн бодолтой ирсэн. Харин бид өөр маягаар угтаж авсан. Цагаан сүү барьж угтаж авсан явдал нь тэдэнд маш их таалагдсан. Халуун уух ундаагаар дайлж, тэдэнтэй ойртон ажиллаа. Үнэхээр их сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдаж байна лээ. Нулимс дуслуулж байгаа нь ч харагдсан.
-Гэхдээ Цагдаагийн байгууллага хүчний байгууллага шүү дээ?
-Цагдаагийн байгууллага хүчний гэх утгаа хууль зөрчсөн үйлдэл дээр л гаргах учиртай. Хэрэг төвөг хийдэг, танхайрдаг зүйлс дээр л төрийн төмөр нудрага үйлчлэх ёстой. Эмзэг бүлгийн иргэдийг ганцхан удаа худлаа үнэн халуун юмаар дайлах гэж дуудсан юм биш. Иргэнд ойртож ажиллана гэдэг өнөөдөр их чухлаар яригдаж байна. Дээрх арга хэмжээний орой нь бид эргүүлийн арга хэмжээг үргэлжлүүлэн явуулсан.
Шөнийн цагаар залуу хүн гэхээсээ илүү, өндөр настай, тэтгэвэрийн эсвэл өвчин зовлонтой хүмүүс харуул манаанд ажиллах нь элбэг. Тиймээс бид тэдгээр хүнийг эргэж тойрч, нөгөөтэйгүүр шалгалт явуулсан. Халуун аарцаар дайлж, сэтгэгдлийг нь сонссон. Уулзсан хүн бүрт халуун аарц өгөөгүй ч хэсэг хүмүүст хүргэж чадсан. Иргэд цагдаа гэхээр барьдаг, хорьдог гэх ойлголт их болсон байна. Тиймээс энэхүү арга хэмжээг дахин явуулна. Мэдээж цагдаа бүр хүн болгонтой “Сайн байна уу та” гэж харьцахгүй ч Цагдаагийн байгууллагын ерөнхий масс иргэн төвтэй болж эргэж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Өнөөдөр (өчигдөр) автомашин хулгайлсан залуусыг барьсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулна уу?
-Машин бол хүссэн үедээ авдаг хямдхан эдлэл биш шүү дээ. Олон сая төгрөгийн асуудал яригдаж байна. Манай дүүрэг болон, бусад дүүрэгт автомашины хулгайн хэрэг гарах болсон. Мөрдөлтийн явцад 20-25 насны таван залуу баригдсан. Тэд марк эд ангиар нь дагнан машин хулгайлдаг нь тогтоогдоод байна. Эдгээр залуучууд нь зүгээр нэг танилууд биш найз нөхдүүд юм билээ.
Машин сонгохдоо хүртэл “Ланд Круйзэр”, “Гранд” гэх хоёр төрлийн машиныг дагнан хулгайлсан байна. Мөрдөн байцаалтын явцад “Ланд Круйзэр” машин дөрвийг, “Гранд” хоёрыг хулгайлсан нь тогтоогдоод байна. Хэрэг шалгах явцад Вьетнам авто засварын газрууд хулгайн хэрэгт холбогдож байна. Машины эд ангиудыг сольж өгөхөөс эхлээд холбогдоод байна. Засварын газрууд анхан шатны хяналтад байдаг ч, уг хяналтыг чангатгах хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгөнөөс болоод буруу гартнуудтай холбогдож байна. Аль хэдийнэ зохион байгуулалтад орсон байна шүү дээ.
-Бүх машин ил зогсоолоос хулгайлагдсан уу?
-Голцуу ил задгай зогсоолоос хулгайлагдаж байна. Гэрэл гэгээ муу, дохиолол байхг үй учраас хулгайд өрт өх нь хялбар байна. Энэ бүгдийг нь нэг бодлын байнга хэлээд байхаар иргэд бүр дөжрөөд байх шиг байна. Харуул хамгаалалттай газар тавь, дохиолол суулга гэдэг ч төдийлөн биелэхгүй л байна. Бид иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй ч иргэд өөрсдөө хамтран ажиллах хэрэгтэй. Хамтран ажиллавал хэрэг зөрчил буурах үндэслэл бий.
-Баяр болгоны үеэр орон байрны хулгайн асуудал ихээхэн сөхөгддөг?
-Иргэд өөрөөс шалтгаалах зүйлсээ хийх хэрэгтэй байна. Гэр орон, эд хөрөнгөө эзэнгүй орхиж болохгүй. Орон байрны хулгай хүний чихэнд их дасал болчихож. Орон байрны хулгай гарч л байдаг юм гэсэн сэтгэлгээтэй байж болохгүй. Саяхан нутаг дэвсгэрийн XII хороонд хэсэг айлд хулгай орсон хэрэг гарлаа. Энэ асуудлыг бид илрүүлэн шалгаж байна. Анхаарал татаж байгаа нь эмэгтэй хүн ганцаараа эл хэргийг үйлдсэн байгаа юм. Эмэгтэй учраас том, хүнд юм авахгүй. Байцаалтын явцад 4-5 удаагийн үйлдлээ хүлээгээд байна.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: