Америкийн хүний махан идэштэн Алберт Фиш
Бруклины цус сорогч-ийн жинхэнэ нэрийг Альберт Фиш гэдэг байжээ. Тэрээр зөвхөн бяцхан хүүхдүүдийг ангуучилж, амийг нь тасалсныхаа дараа махыг нь иддэг байсан аж. Түүний үйлдлүүд нь үнэхээр үс цайрмаар аймшигтай байсан тул хүмүүс түүнийг мэдрэлийн гажигтaй гэдэгт огтхон ч эргэлздэггүй байв. Ой ухаан нь эрүүл биш хэдий ч Альбертыг хийсэн аймшигтай үйлдлүүдийнх нь төлөө цаазаар авах ялаар шийтгэжээ.
Альберт уг нь Гамильтон гэдэг нэртэй байжээ. Гамильтон Фиш нь 1870 онд, Вашингтоны жирийн гэр бүлд мэндэлсэн байна. Ойрын төрлийн ах дүүс нь сэтгэл мэдрэлийн өвчин тусч эхэлсэн учир Гамильтон нь дотуур байртай сургуульд элсэн оржээ. Амар амгалан гэр бүлээс гаралтай Гамильтон дотуур байртай сургуульд л анх удаагаа зодуулж, бие махбодийн шийтгэл амсаж, бас бусад хөвгүүдийг хэрхэн зодуулж буйг анх харсан байна. Тэр үед Гамильтон ижил хүйстэнтэйгээ явалдаж эхэлжээ. Насанд хүрснийхээ дараа тэрээр Нью-Йорк-т шилжин суурьшиж, сургуульд байхдаа нэрнээсээ болж “өндөг, хиам” гэж шоолуулдаг байсан учраас нэрээ Альберт болгон өөрчилсөн байна.
Удалгүй Альберт нь ээжийнхээ ятгалгаар хүнтэй сууж, 6 хүүхдийн аав болжээ. Эхнэр нь Альбертыг маш сайн эцэг, эр нөхөр байсан боловч үе үе хачин зан гаргадаг байсан гэж дурссан байдаг. Жишээлбэл нэг удаа өөрийнхөө гарыг албаар хадаасаар цоолсон гэдэг.
Альберт Фиш 1903 онд өөрийн ажилладаг дэлгүүрээ ухсан хэргээр анх удаа баривчлагдаж байжээ. Энэ хэргээс болж Альберт шоронд хоёр жил хоригдсон байна. Гэхдээ түүний хувьд гэмт хэргийн ертөнцөд “хулгайч” гэдэг нэрээр тэмдэглэгдэн үлдэх учиргүй байж…
Фиш нь 1920-иод онд, 50 гарсан хойноо цуврал аллага хийж эхэлсэн байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын үр дүнд Фиш-ийг 1910 онд анхны аллагаа хийсэн болох нь илэрхий болжээ. Мөн Альберт Фиш насанд хүрээгүй хөвгүүдийг хэд хэдэн удаа хүчирхийлж байсан боловч шийтгэл хүлээлгүйгээр мултарч байсан аж.
1924 оны 7-р сарн 14-ний өглөө Фрэнсис Макдонел гэдэг хүүхэд ор сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд түүнийг тоглоомын талбай дээрээс дунд орчим насны, буурал сахалтай, туранхай биетэй, саарал хувцастай эрэгтэй хүнтэй хамт холдож байхыг л харсан байна. Хэдэн цагийн дараа Фрэнсис-ийн цогцосыг ой дотроос олжээ. Хүүхдийг аймшигтай зодож, хүчиндэж, өөрийнх нь тэлээгээр боомилсон байв. Цагдаа нар өнөөх “саарал хүн”-ийг (Альбертийг харсан гэрч түүнийг саарал хувцастай байсан гэж мэдүүлсэн) эрэн сурвалжилж эхэлжээ. Гэвч саарал хувцастай хүнийг олох мөрдөн байцаалтын ажил бүтэлгүйсээр байв.
1927 оны 2-р сарын 11-нд 4 настай Билли Гафни гэрийнхээ ойр хавиас алга болжээ. Биллитэй хамт тоглож байсан хөрш айлынх нь жаалын хэлснээр Билли дээр туранхай, хөгшин хүн ирээд, аваад явсан гэв. Хүүгийн цогцсыг олж чадаагүй байна. Бас нэгэн тохиолдол нь 1928 оны 6 сарын 3-ны өдөр болжээ. Энэ удаагийн гэмт хэрэг нь өмнөх хоёроосоо ялгаатай байв. Ажил хайж байсан 17 настай Эдуард гэдэг хүү сонинд зар өгчээ. Тун удалгүй өөрийгөө Фрэнк Говард гэж танилцуулсан нэг хүнд түүнтэй холбоо барьжээ. Фрэнк Говард гэгч нь өтгөн цагаан сахалтай, туранхай хөгшин байсан бөгөөд Эдуардын гэрт нь зочлон очиж, гэрийнхэнд нь ч сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан байна.
Фрэнк Говард гэж өөрийгөө танилцуулсан алуурчин нь хүүгийн гэрт ахин дахин очиж, өөрийгөө баталгаатай хүн гэдгээ нотлон, хүүг нь авч ажиллуулж чадна гэдгээ харуулсаар байв. Хамгийн сүүлд Эдуардынд очихдоо 10 настай дүү охин Грейсийг нь “хүүхдийн баяр” –т дагуулж явахыг санал болгожээ. Хэсэг эргэлзсэн эцэст, эцэг эх нь бяцхан охиноо нүдэнд дулаахан, итгэл даахуйц төрх, яриа хөөрөөтэй жентлмен –д өгч явуулахыг зөвшөөрсөн байна. Тэд охиноо ахин хэзээ ч олж хараагүй гэдгийг хэлэх илүүц биз ээ.
Цагдаа нар алга болсон охиныг эрчимтэй хайж эхэлсэн бөгөөд тун удалгүй Фрэнк Говард гэж хүн байдаггүй болохыг олж илрүүлжээ. Ингээд Грейс Бадд охиныг бусдын гарт амиа алдсан гэсэн хангалттай нотолгоогүйн улмаас хэргийг хаасан байна.
Арван жилийн дараа Альберт Фиш нь Грейс охины ээжрүү захиа илгээжээ. Захидалд тэрээр охиныг нь яаж алсан тухайгаа дэлгэрэнгүй бичсэн байв. Эртнээс түрээслэсэн байсан байшиндаа охиныг авч ирээд, хувцсыг нь тайлуулж байгаад боомилж алаад, биеийнх нь зөөлөн хэсгүүдийг тайрч, духовканд шарсан тухайгаа захидалд дэлгэрэнгүй бичжээ. Охины биеэр 9 хоногийн турш хооллосон гэдгээ ч бичсэн байна.
Хэргийг ахин сэргээж, цагдаа нар шуурхай мөрдөн байцаалтад оржээ. Энэ удаад мөрдөн байцаагч Уильям Кинг (William King) хэргийн мөрдлөгийг удирдсанаар Альберт Фишийг баривчилж чадсан байна.
Цуврал алуурчны хохирогчдын талаар нарийн тоо баримт одоо болтол үгүй. Цагдаагийнхны таамаглаж байгаагаар Альбертын гарт 7-15 хүн амиа алдсан байх магадлалтай байгаа аж. Зарим нэгийг нь тэрээр хүчирхийлснийхээ дараа хөнөөж байжээ. Байцаалтын үеэр тэрээр хүүхдүүдийг хэрхэн тамлаж алаад, махаар нь хэрхэн хооллож байсан тухайгаа дэлгэрэнгүй ярьж байсан аж. Түүнчлэн Альберт Фиш нь өөрийгөө түлж, арьсаа зүсч, саваагаар зодох мэтээр биеэ тамлан зовоодог байсан нь илэрхий болжээ. Эмчийн үзлэгийн үеэр Альберт нь цавиндаа 27 ширхэг зүү зоосон байсан нь олдсон байна.
Хамгийн аймшигтай нь эмч нар Альберт Фишийн сэтгэцийг хэвийн болохыг тогтоожээ. Фиш нь цахилгаан сандалд суух болсон тухайгаа дуулаад, харин ч сонирхолтой санагдаж байгаагаа хэлсэн байдаг. 1936 оны 1 сарын 16-ны өдөр Альберт Фиш цаазаар авахуулжээ.
URL: