Монголчууд цэвэр усаар дутахгүй
Монголчууд, тэр дундаа нийслэлийнхэн маань ус гэдэг зүйлийг дуусчих болов уу гэж санаа зовдоггүй. Гэвч ирэх 2015 онд цэвэр усны хомсдолд орно гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.
Манай улс цэвэр усны гүний болон гадаргуу дээрх усны нөөц хэр байгааг судалсан байдаг. Үүнээс хамгийн сайн судалсан нь газрын гадаргуу дээрх усны судалгаа байдаг байна. Энэхүү судалгааг 1924 он буюу анх Шинжлэх ухааны академи байгуулагдсан тэр цагаас өдийг хүртэл судалж ирсэн байгаа юм. Судалгаанд голын усны нөөц, нуурын усны нөөц, хэлбэр, гадаргуугийн усны горим, Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтон бүрэлдэх усны зүй тогтол зэрэг маш олон талаасаа нь судалсан. Харин газар доорх гүний усны судалгааг өнгөрсөн 1938 оноос судалж эхэлжээ. Газар доорх усны судалгаа нь геологийн болон гидргеологийн судалгаатай салшгүй холбоотой байдаг бөгөөд энэхүү хоёр судалгаатай уялдуулан гүний усны нөөцийг судалдаг байна.
Газар доорх цэвэр усны нөөц нь жилээс жилд харилцан адилгүй байдаг бөгөөд тухайн жилийн хур тунадас болон 12 жилийн үечлэлээс хамаардаг байна. Дулааны улиралд орсон бороо, хүйтний улиралд орсон цас газрын гадаргуу дээрх усны нөөцийг бүрдүүлж тэжээдэг бол гадаргуу дээрх ус газар доорх цэвэр усны нөөцийг бүрдүүлдэг. Манай улс нь 608 сая метр.куб гадаргуугийн усны нөөцтэй аж. Харин газар доорх цэвэр усны нөөц тухайн жилийнхээ судалгаатай холбоотой байдаг. Энэ жилийн судалгаагаар 12 сая метр.куб усны нөөцтэй гэж тогтоосон байгаа юм. Манай улсын нутаг дэвсгэрт буй ус төв Азийн хамгийн өндөрлөг хэсэгт бүрэлдэж байгаа учраас хамгийн цэнгэг ус байдаг гэнэ. Жишээлбэл Алтайн нуруу далайн төвшнөөс дээш 3000 метр өндөрт өргөгдсөн байдаг. Мөн Хангайн нуруу далайн төвшнөөс 2500 метр, зарим газраа 2200 метр өргөгдсөн. Ийм газар нутагт бүрэлдсэн усны нөөц маш цэвэр ус байдаг байна. Харин далайн оролцоо буюу арлын орнуудад бүрэлдэж буй ус цэнгэг биш гэж тооцогддог аж.
Манай улсын усны гол хэрэглээ нь хүн ам, мал аж ахуй, газар тариалан байдаг. Жил ирэх тусам хүн, малын тоо толгой өсөхийн хэрээр цэвэр усны хэрэглээ ч мөн адил өссөн үзүүлэлттэй байгаа юм. Нийслэлийг усны хэрэглээгээр нь авч үзвэл Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн 36 хувь нь орон сууцанд, үлдсэн 64 хувь гэр хороололд амьдардаг. Нэг хүний өдрийн усны хэрэглээ 1990-ээд онд таван литр, өрхийн хэрэглээ 350 литр ус хэрэглэж байсан гэсэн тооцоо гарсан байдаг бол энэ жилийн судалгаагаар нэг хүн өдрийн хэрэглээгээрээ найман литр ус, өрхийн хэрэглээгээрээ 250 литр ус хэрэглэдэг болсон байгаа юм.
Нэлээд хэдэн жилийн өмнө уул уурхайн салбар хувьчлагдаж, гадаадын орнууд уул уурхайн салбарт нээлттэй хөрөнгө оруулалт хийх болсон. Үүнийг дагаад ч уул уурхайн усны хэрэглээ өссөн байгаа юм. Өнгөрсөн 1990-ээд оны үеэр үйлдвэрлэлийн усны хэрэглээ улсын нийт усны хэрэглээний 27-30 хувийг эзэлдэг байж. Харин одоогийн төлөв байдлаар уул уурхайн усны хэрэглээ нийт усны хэрэглээний 27 орчим хувийг дангаараа эзлэх хэтийн төлөв байгаа аж. Цэвэр усны хэрэглээ гэхээс илүүтэйгээр Монгол Улс цэвэр усны нөөц хэр байгаа бол гэх асуулт гарч ирж байгаа юм. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2015 он гэхэд манай улс цэвэр усны хомсдолд орж магадгүй гэх мэдээлэл олон нийтэд хүрч байсан. Ер нь цэвэр усны нөөц хүн ам, мал аж ахуй, газар тариалан, тэр ч байтугай уул уурхайн зориулалт, хэрэглээнд хүрэх эсэхийг “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын зөвлөх Я.Цэдэнбалчираас тодруулахад “Манай улсын цэвэр усны нөөц эх орондоо эзэн болж байгаа 2.7 сая хүн, 43 сая толгой малдаа, цааш өсөн хөгжих үйлдвэрлэлдээ хангалттай хүрэх нөөц бий. Гэхдээ манай улс нэг онцлогтой. Гадаргын усны сүлжээ хойд талдаа, нийт нутаг дэвсгэрийн гурваны нэгд нь байдаг. Нийт нутгийн гурваны хоёрыг эзэлдэг говь, тал, хээрийн бүсэд гадаргын усны сүлжээ байдаггүй. Харин газар доорх усыг ашигладаг. Ерөнхийдөө газар доорх ус маань гадаргуу дээрх уснаас тэжээгддэг учраас хязгаарлагдмал нөөцтэй. Иймээс энэ бүсийн аймгуудад цэвэр усны нөөц бага. Говийн болон тал хээрийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг дагаад ч усны хэрэглээ өсөх учраас хайгуул хийж, усны нөөцийг хаана байгааг тогтоож байгаа. Магадгүй ирэх 2040, 2050 онд энэ бүсэд цэвэр усны хомсдол үүсэж болно. Тэр үед усны менежментийнхээ дагуу гадаргынхаа усыг шилжүүлэх ажил хийгдэнэ. Энэ талаар төр засаг баримт бичгийг хөтөлбөртэй нь гаргачихсан. Манай улсын нутаг дэвсгэрийн маш олон газар хайгуул хийж усны нөөц байгааг нь тогтоочихсон. Ялангуяа төр засаг маань хүн амынхаа усны хэрэглэх нөөцийг 20, 30 жилээр түрүүлж төлөвлөдөг. Энэ төлөвлөлтөө хийчихсэн учраас цэвэр усны тал дээр ямар ч асуудал байхгүй. Гэхдээ аливаа сав газрын усны нөөц шавхагдах нь тодорхой. Магадгүй энэ жилийн судалгаагаар тогтоогдсон усны нөөц 2030 гэхэд дуусах магадлалтай” хэмээн ярьсан юм.
Түүний хэлж буйгаар аливаа сав газрын усны нөөц шавхагдана. Улаанбаатар хотынх ч мөн адил. Ийм учраас нийслэлийнхээ нутаг дэвсгэрийг тэлж цэвэр усны шинэ нөөцийг тогтоох боломжтой бөгөөд шинэ нөөц ч байгаа гэнэ. Өнгөрсөн 1970-аад оны үеэр ОХУ-ын мэргэжилтнүүд Хараа болон Хэрлэн голын сав газар цэвэр усны маш их нөөцтэй гэдгийг тогтоосон судалгаа байдаг аж. Дээрээс нь гадаргуугийн усаа ашиглах бодлогыг төр засаг маань хэрэгжүүлсэн байгаа юм. Мөн Улаанбаатар хотын гадаргуугийн усыг Гачууртад тодорхой хэмжээгээр хуримтлуулж, нийслэлийнхээ хүн амыг газар доорх ус болон гадаргуугийн устай хослуулан хэрэглэж, ашиглах төрийн бодлого гарсан. Ерөнхийдөө монгол хүн цэвэр усаар дутагдана гэсэн ойлголт байхгүй ажээ. Улаанбаатар хотын хүн амыг ундаалж байдаг усны дөрвөн том их үүсвэр нийслэлийн нутаг дэвсгэрт байдаг. Эхний үүсвэрээс 93 худаг цэвэр усыг олборлодог бол дээд буюу хоёр дахь их үүсвэр дээр 23 худаг ажилладаг. Эдгээр цооног нь Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувийн усны хэрэглээг хангадаг аж. Дээрээс нь үйлдвэрийн их үүсвэр гэж Мах комбинатын орчим цөөн хэдэн цооног ажилладаг. Гэвч олборлолт нь арай бага байдаг ажээ. Эдгээр цооногоос өдөрт дунджаар 160 мянган метр.куб ус олборлож нийслэлийн хүн ам болон бусад зориулалтаар ашигладаг байна. Энэхүү тоо ч ирэх 2020 онд гэхэд магадгүй гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна.
Монгол Улсын Усны тухай хуулинд бидний хэрэглэж буй ус ямар ч үнэ төлбөргүй хэмээн заасан байдаг. Харин уул уурхайн зориулалтаар ч юм уу аль эсвэл ашиг олох зорилгоор хэрэглэж буй ус төлбөртэй байдаг. Тэгэхээр та бүхэн үнэгүй усыг яагаад бид мөнгө төлж байгаа юм бэ хэмээн бодож байж магад. Гэр хороолол болон орон сууцанд амьдардаг айлууд хэрэглээнийхээ усыг тодорхой үнээр худалдан авдаг үнэ нь зөвхөн тээврийн хөлс болон үйлчилгээний хөлсийг оруулсан байдаг гэнэ. Энэхүү жишгийг бүх улс орнууд дагаж мөрддөг байна.
Нийслэлийн гэр хорооллын айлуудын ихэнх нь газар ухаж бохироо хийдэг. Энэ нь ч хөрсний болон газар доорх усыг бохирдуулах гол шалтгаан болж байгаа юм. Ялангуяа “Нарантуул” худалдааны төвийн ойр орчимд байрлах гэр хорооллын айлуудын жорлон газар доогуур урсах цэвэр усны нөөц ихтэй газар байрлаж байгаа нь газар доорх усыг бохирдуулах хамгийн их магадлалтай байна. Харин бусад гэр хороолол газар доорх ус руу нэвчиж бохирдуулах магадлал бага гэнэ.
Ж.Баттуул
URL: