Хуурамч юаныг хэрхэн ялгах вэ?

Хорь гаруй хоногийн дараа тэмдэглэх гэж байгаа Сар шинийн баяртай холбоотойгоор БНХАУ-д хуурамч юань үйлдэрлэдэг, дамжуулдаг бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхижээд байгаа гэнэ. Эрээн, Бээжин зэрэг ганзгын наймаа хөгжсөн хотуудад таксины жолоочид, бөөний барааны дэлгүүрийн наймаачид энэхүү бүлэглэлийн гишүүд байдаг гэнэ. Гадаадын иргэд хуурамч юаныг таньж мэдэхгүй, мэдсэн ч нууцаар цааш хэн нэгэнд дамжуулснаар хуурамч мөнгөн тэмдэгтийн гэмт хэрэг үүсэх, цэцэглэх гол шалтгаан болоод байгаа ажээ.

Одоогоор манай улсад орж ирээд байгаа 10 мянга гаруй хуурамч юаний хэргийг  Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхлээд байгаа аж. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “ Хуурамч юань авснаа мэдсэн даруйдаа иргэд цагдаагийн байгууллагад хандах ёстой. Хэрэв хуурамч юань гэдгийг нь мэдсээр байж дахин гүйлгээнд оруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдана. Харин энэ тухайгаа цагдаагийн байгууллагад өөрөө ирж мэдээлсэн тохиолдолд эрүүгийн хэргийн ямар ч хариуцлага хүлээхгүй, залилуулсан мөнгөө эргүүлэн олох боломжтой” гэв.

Хуурамч юань жинхнээсээ хэд хэдэн шинж тэмдгээр ялгаатай байдаг гэнэ. Тодруулбла, Маогийн зураг бүхий дэвсгэрийн нүүрэн талын зүүн доод буланд байгаа гялгар ногоон өнгөтэй 100-гийн тооны өнгө дэвсгэртийн өнцгийг өөрчлөхөд хөх саарал өнгөтэй болдог аж. Мөн жинхэнэ юаны цаас нь зузаан бөгөөд хураагаараа имрэхэд барзгар, дэвсгэртийн баруун дээд буланд байгаа зууван дүрсийг бааруун талаас өнцгийг өөрчилж харахад 50, 100-тын тоо тодорч харагддаг юм байна.

Иргэд юань худалдаж болон солилцохдоо сайтар шалгаж, авсан юаныхаа сери дугаарыг тэмдэглэж авах, гар утсаар зургийг нь дарах, балын харандаагаар тэмдэглээ хийх хэрэгтэй гэнэ. Энэ нь иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэх шилдэг арга гэнэ.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих