Банкууд Хүний хөгжлийн мөнгийг урьдчилан олгож хүү завшиж эхэлжээ
Сар бүрийн дундуур “Хүний хөгжлийн сан”- гийн дэвтрээ цүнхлээд банкны зүг алхахдаа 21 мянган төгрөгөөр хэрхэн амь зогоохоо бодох нь цөөнгүй. Ганц шуудай гурил, хагас портер нүүрс, 10 кг махны үнэд хүрэхгүй энэ мөнгөний дэвтэр дэндүү сайхан нэртэй. Сар бүр олгодог эх орны хишиг иргэдийн амьдралыг өөд татаж хөгжүүлж дэвшээсэн зүйлгүй.
Дараагийн сонгууль хүртэл ядуу ард түмний ам таглахаар гаргасан шийдвэр гэдэг нь гарцаагүй. Иргэд энэ мөнгөөр жижиг дунд үйлдвэр байгуулж, хөрөнгө босгохыг зорьсон. Гэвч бичсэн төсөл нь шаардлага хангаагүй гэх шалтгаанаар бүтдэггүй байна. Энэ мэтээр ашиг тусаа өгөхгүй байгаа байгалийн баялаг иргэдээс илүү банкуудад ээлтэй болох шинжтэй болоод явчихав.
ЭХ ОРНЫ ХИШГЭЭС САРД 460 САЯЫГ ЗАЛГИНА
Сар бүрийн 15-наас ажил нь оволзож эхэлдэг банкууд 21 мянган төгрөгийн эздээс 100 төгрөгийн татаас авна. Өнгөрсөн сард 2.3 сая иргэн “ Хүний хөгжил сан ”-гаас хувь хишиг авсан гэх мэдээг Үндэсний статистикийн хорооноос дуулгасан. Тэгэхээр сар болгон банкууд дунджаар 230 сая төгрөгийн ашиг “үзэж” байна. Энэ тоо өөр нэг арга замаар нэг дахин өсч байгааг банкууд дуулгасан. Өөрөөр хэлбэл, банкны аль ч салбараас гэр бүлийнхээ мөнгийг авахад 200 төгрөгийн хураамж төлнө. Үүнийг онлайн холболтын төлбөр гэх.
“Хүний хөгжил сан”-гийн 21 мянгыг харъяа дүүргийн хорооны банкны салбараас авах гэж хүмүүс ажил албаа цалгардуулж, дараалалд даарч хөрөн зогсох нь банкуудын нүдэнд тусчээ. Энэ байдлыг халахаар банкууд шинэ программ зохиосон гэх. 200 төгрөгийг 21 мянгаасаа суутгаснаар дараалалд зогсохгүй, гэр орноороо банк руу нүүхгүй юм байна. Өмнө нь хэл ам, хэрүүл зодоон болж авах “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнөөс сард 230 саяыг банкинд үлдээдэг байсан бол одоо 460 саяар мөнгөний байгууллагыг тэтгэх нь.
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН МӨНГИЙГ БӨӨНДӨЖ, АШИГ УНАГАНА
Банкууд “Хүний хөгжил сан”-гийн мөнгөөр бизнес хийх дараагийн арга нь бөөндөж, үүнээс хүү унагах. Энэ мөнгийг олгох эрхтэй банкууд ийм санаа зохиожээ. “Хадгаламж” банкны Нийслэлийн харилцааны албаны дарга Б.Амартүвшин “Харилцагчид Хүний хөгжлийн мөнгөө бөөнд нь авснаар өөрт хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой. Тэдэнд хэрэгтэй зүйлд тус болох үүднээс энэ хувилбарыг хэрэгжүүлэх гэж байна. Одоогоор нэг иргэн ойролцоогоор 189 мянган төгрөг авах боломжтой” хэмээсэн.
Гэхдээ тэд иргэдэд олгох бөөн мөнгөө зүгээр нэг өгөхгүй. Энэ нь цалингийн зээлтэй тун төстэй. Тухайлбал, иргэд “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан банкнаас 189 мянган төгрөг авахад 16 мянгаас дээш төгрөг хураалгана. Үүнийг “Төрөөс сар бүр увуулж цувуулан өгөх мөнгийг бөөнөөр өгөхдөө банк хүү бодох юм гэсэн. Хүний хөгжлийн мөнгийг энэ хэлбэрээр олгохоор судалж байна гэж банкныхан дуулгасан. Ирэх сараас хэрэгжих дуулдаж байна.
Э.Солонго
“Зууны мэдээ”
URL: