Ардчилал амьсгал “боож” мэдэх нь

Ардчиллын салхийг 16 жилийн дараа жинхэнэ утгаар нь монголчууд мэдрэх нь гэтэл эндүүрэл байж. Ардчиллаар өөрсдийгөө овоглосон өнөөгийн эрх баригчдаас соци нийгмийн дарангуйлал мэдрэгдэх бол­лоо. Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулийн заалтыг ч тэд “хөсөр хаях” гэнэ. Тэр нь интер­нэт хуудсын сэтгэгдлийг хяз­гаарлаж, бусдын эрх рүү хал­дах ахархан бодлоготой нь холбоотой.
Гэтэл үүгээр зогсохгүй Хэв­лэлийн эрх чөлөөнд “халдах”-аар санаархаж эхэллээ. “Намайг битгий муулаарай. Хаал­­тын гэрээ хийе” гэж гүй­гээд байдаг улстөрчид мар­гаашгүй ертөнцөд оршин тогт­нож эхэлсэн бололтой дог шүү.Өөрсдөө хэвлэлийг хэлгүй, дүлий болгочихоод одоо болохоор даналзаж бай­на, цаана чинь. Тухайн хэв­лэлийн байгууллагын эздийг нь хашрааж, сэтгүүлчдийг нь эрх чөлөөт орчинд “аргамжих” юм байх.

 

Хууль зүйн байн­гын хорооны өчигдрийн хурал­даанаар Хэвлэлийн эрх чөлөө­ний тухай хуулийг онцлон хэлэлцэв. Ингэхдээ гишүүдийн удтал тогтож хэлэлцсэн нэг асуу­дал нь дээрх хуулийн төслийн 19 дүгээр заалт байлаа.УИХ-ын гишүүн Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ нарын гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, татан буулгахын төлөө “тэмцэх” нь тэр.

 

Тодруулбал, гишүүн З.Баясэлэнгэ “Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага хуулийг гурваас дээш удаа зөрч­­вөл тусгай зөвшөөрлийг нь цуцлах, харин сэтгүүлчийг мэргэжлээрээ хоёроос доошгүй жилээр ажиллахыг нь хориглох хэрэгтэй” гэх санал гаргаж, байнгын хорооны гишүүдийн дэмж­лэгийг хүлээх гэж санаар­хав. Хэн ч таньдаггүй байсан энэ эмэгтэйг олонд таниулж, парламентын босго алхахад нь хэвлэл мэдээллийн бай­гуул­лагынхны тус нэмрийг чамлахааргүй мэт.

 

Тэр ч бүү хэл, эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжиж, өдөр тутмын сонингууд нэгдэж байсан нь саяхан. Харамсалтай нь, эрхэм гишүүн тэр их ачийг нь хариулахын тулд сэтгүүлчдийг өмгөөлөх гэж ийнхүү мунгинаж сууна. Тэрбээр дээрх гаргасан саналынхаа талаар тайлбарлахдаа ч “Би сэтгүүлчдээ л өмгөөлөх гэсэн юм” хэмээлээ.

 

Аз болж, гишүүн Д.Лүндээжанцан эрхэм авхайн гаргасан саналд тайлбар хийж, хууль зүйн талаас нь зөвлөгөө өгснөөр З.Баянсэлэнгэ “Өө саналаа буцаагаад авчихья” гэх нь тэр. Юутай ч сэтгүүлчдээ өмгөөлөх З.Баянсэлэнгийн энэ санал эзнийхээ өвөр рүү буцлаа, ашгүй дээ.Тусгай зөвшөөрлийг нь цуцалж, хаалгыг нь барихаасаа илүүтэй эдийн засгийн хөшүүргээр асуудлыг нь шийдэх нь зүйтэй гэж М.Батчимэг байнгын хорооны гишүүдэд тайлбарласны дагуу үргэжлүүлэн хэлэлцлээ.

 

Ажлын хэсгээс  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар оруулж ирснийг байнгын хорооны гишүүд 50-100 дахин болгож  нэмэгдүүлэв.  Мөн энэ үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хаалтын гэрээг “үгүй” хийхээ тодотгосон юм.

 

Тэрбээр “Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ч хаалтын гэрээ хийх нь хориотой. Цаашид ч хууль бус хэвээр байх болно. Иймд байгаа хуулиар мөрдүүлж ажиллах хэрэгтэй. Мэдээж, хэрэгжүүлэх явцад зөрчилтэй тулгарах байх” гэв. Хууль батлагчид өөрсдөө хуулиа зөрчдөгийн жишээ салбарын сайдын үгээр баталгаажиж байгаа нь энэ. Гэсэн ч шинэчлэлийн сайдын буянаар гишүүд хуулиа мөрддөг болох нь.

Ийнхүү хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай 19-р заалтан дээр гишүүд нэг талаас хэвлэлийн эрх чөлөөг боомилох аливаа илрэлтэй тэмцэх, нөгөө талаас олон нийтийн үнэнийг мэдэх эрх чөлөөг буруугаар ашигласан тохиолдолд сэтгүүлчид болон тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний эздэд хүлээлгэх хариуцлагын механмзмыг чангатгах асуудлыг нэлээд хурцаар хөндсөн юм.

 

Гишүүд уг хуулийг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Контентын тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг хуулиудтай багцаар нь оруулж цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байсан ч тэдгээр хуулийн төслийг боловсруулан оруулж ирэхийг хүлээж цаг алдахгүйн тулд нэн түрүүнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө баталж, улстөрчдийн зэвсэг, гүтгэлэг доромжлолын хэрэгсэл болж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздэд хүлээлгэх хариуцлага, тухайн  хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох зэрэг асуудлыг дараа дараачийн хуулиар шийдээд явах нь зүйтэй гэж санал нэгдэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд санал дүгнэлтээ илгээхээр боллоо.
Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих