Б.Рагчаа: Улсын баяр наадмыг орон даяар дамжуулахад омогшил төрдөг
СГЗ нэвтрүүлэгч Б.Рагчаагийн хувьд олон жил МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа туршлагатай нэвтрүүлэгчийн нэг. Тэрээр өдгөө МҮОНР-ийн “Гурван эрдэнэ” студид ажиллан сонсогчдодоо бурхны сургаалиа хайрлан тэдний ухаарал, гэгээрэлд цучил нэмсээр явна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг жүжигчин болох гэж байгаад нэвтрүүлэгч рүү урвачихсан гэдэг?
-Тиймээ. Би анх хүүхэлдэйн театрын жүжигчин болох гэж зорьж явсан хүн шүү дээ. Гэтэл гэнэт урлагийн олон авьяас нэг дор илрээд зохиолч Ч.Лодойдамба сайдаас мэргэжлийн жүжигчний үнэмлэхийг шалгалтгүйгээр авч байлаа. Мөн тэр үед Цээнямбуу гэж алдартай гоё жүжигчин байсан. Түүн шиг жүжигчин болох далдхан хүсэл ч надад байсан. Бас тухайн үеийн урлагийн томчуул болох Ардын жүжигчин Ц.Цэгмид, Э.Оюун гуай нарын нэрийг нь сонсоод хормой минь чичирдэг байлаа.
Гэхдээ бурхан намайг ивээж шалгалтгүйгээр нэвтрүүлэгчийн мэргэжил эзэмшсэн нь миний амьдралын хамгийн баярт мөч байсан. Монголын радиод нэг удаа Алтангэрэл найруулагч “Лусын дагина” гэж их монологтой жүжиг бичсэн юм л даа. Анх 1967 онд анх зурагт радио нээгдсэн. Тэр үед ганц радио ард олныхоо сонорт дуу хуур, олон сайхан хөрөг найруулал, уран сайхны киноны зохиомжийг чанартай явуулдаг байлаа. Үүгээр сонсогчид оюун ухаанаа тэлж, хөгжиж баясдаг байсан үе. Миний хувьд “Лусын дагина” нэвтрүүлэгт радио жүжиг бичүүлснээрээ нэвтрүүлэгчийн мэргэжилд тэнцсэн юм билээ. Дараа нь Алтангэрэл найруулагч чамаас нэвтрүүлэгчийн дуу хоолой гараад байна, уран хурц сонсогдож байна гээд гайхдаг л байсан.
Би радиогийн гурав дахь үеийн Рагчаа. Үүгээрээ залуу Рагчаа гэсэн тодотголтой. Гэхдээ одоо юу нь залуу байхав дээ. 1967 оны есдүгээр сард ахмад Рагчаа гэдэг нэвтрүүлэг уран тод ярьдаг ажилд радиогоор ярьж байсан түүхтэй юм билээ. Эрэгтэй Рагчаа нь бүдүүн баргил хоолойтой сүүлд зурагт радиогийн уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч хийж байсан. Түүнээс хойш гурав дахь үеийн Рагчаа болж 43 дахь жилдээ нэвтрүүлэгч хийж явна.
-Сүүлийн үед радио, FM олширсон. Тэдний дуу хоолой, ярих чадварын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Мэргэжлийн гэх тодотголтой нь МҮОНРТ байдаг. Мэргэжлийн түвшинд бидний дуу хоолой, чадвар одоо шинээр гарч байгаа FM радиогийн нэвтрүүлэгчдийг дагуулахгүй. Нэвтрүүлэгч хүн уран тод хэллэгтэй, хоолойны өнгө хөг эгшиглэнтэй байх ёстой. Тэдэнд биднээс сурах зүйл их бий. Ахмад үегүй залуу үе, залуу үегүй ахмад гэж байхгүй шүү дээ. Хөгжил гэдэг агуу юм даа. Нэг л мэдэхэд Монголын радио 80 дахь жил рүүгээ явж байна.
2014 онд МҮОНР-ийн 80 жилийн ой болно. Миний хувьд үндэсний телевизийн ой болохоор хүндэт зочин, бас радиогийн ой болохоор хүндэт зочин болоод л явж байдаг юм. Нэвтрүүлэгчийг би хүнийг ухааруулж, хөгжүүлж, сайхан явуулдаг урлаг дотроос төрсөн урлаг гэж ярих дуртай. Бүх урлагийн төрөл телевиз, радиод байдаг. Бүх тайз дэлгэцийн том бүтээлүүд монголын радио, телевизийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Тухайлбал миний тоглож байсан “Муурын байшинд”, “Алтан загасны үлгэр”, “Сайхан дуу” зэрэг жүжиг бий.
Би сургуульд байхдаа их дуулах дуртай байсан. Тэгээд л жүжигчин болох гэж яваад нэвтрүүлэгч рүү урвачихсан юм даа. Гэхдээ л сурсан юмыг сураар боож болдоггүйн хааяа өөрийн эрхгүй дуулах хүсэлдээ хөтлөгдөөд заримдаа дуулчихдаг юм. 17 настайдаа радиод “Үргэлж жавхаатай”, “Шаавай төржээ” хоёр дуугаа бичүүлж байлаа. Гоцлол дуучин Рагчаа дуулна гэхийг сонсоод ганц радиотой байсныг ч хэлэх үү хирдээ баясч, урамшдаг байлаа. Хүмүүс миний “Үргэлж жавхаатай” дууг дуулуулах их дуртай байдаг. Хүний сэтгэлд хоногшино гэж байдаг юм билээ.
Бас болоогүй ээ, АЖ.Б.Мөнхшүртэй хамтарч “Шинэ жил’’дуу дуулж, энэ дуу маань шинэ оны босгон дээр зурагтаар дуулагдсан. Хүмүүс их гоё болсон байна гэж урам хайрлаж байгаа. Би өөрөө дуучин хүн биш. Гэвч аз тохиож сайхан алдартай дуурийн дуучин найзынхаа нөмөрт л дуулчихсан юм шүү дээ. Энэ нь эргээд хүний амьдралын бүтээл болж үлддэг юм байна.
Их баяртай байгаа.
-Нэвтрүүлэгч хийж байхад сайхан зүйл бишгүй тохиолддог биз?
-Яриад байвал их зүйл байна. Хүний хөдөлмөрч идэвх зүтгэл, авьяас, билгийг магтсан нэрлээд баршгүй олон хөрөг найрууллын нэвтрүүлэг хийлээ. Сүүлийн 14 жил бурхны нэвтрүүлэг хийж байна. Бурхны сургаал хүнийг хүн болгодог. Үүндээ би их шүтдэг. Бас Улсын баяр наадмыг орон даяар дамжуулна гэдэг асар нэр хүндтэй ажил байдаг.
“Анхаараарай МҮОНРТ-ийн микропон” төв цэнгэлдэх хүрээлэнд байрлаж байна гэхэд 5000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн чив чимээгүй болдог. Тэр үед төрийн гурван өндөрлөг хүндэтгэлийн асартаа байраа эзэлчихсэн байдаг. Хамгийн омог бардам байх мөч энэ л байдаг даа. Мөн хүүхэд яралзтал алхаад ура гээд хашгираад орж ирэхэд өөрийн эрхгүй хоолой зангирч, нулимс унагадаг. Гэсэн хэдий ч сэтгэлийн хөдөлгөөнөө барих тушаал өөртөө өгдөг. Гэхдээ л зарим үед уйлж байгаад л ард түмэндээ дамжуулна шүү дээ. Энэ мэтээр аль тийм сайхан мөч тохиохыг хэлж барахав дээ. Хамгийн сүүлд Далай багшийн хүнд төрөлхтөнд хандсан сургаалыг дамжуулсан, Хүн хүн шиг явъя гэвэл алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй.
Ер нь алдаагаа дахин давтдаггүй хүнийг жинхэнэ хүн гэдэг. Бурхны сургаалд ээжийнхээ амийг хороосон хүнийг бурхан багш уучилсан байдаг юм билээ. Бурхны сургаал уншиж байхад намайг цаазлаад өгөөрэй, би ээжийгээ алчихлаа гээд хашгирч орилоод байдаг. Тийм учраас ингэж орилж хашгирч байгаа хүн дахиж хүн алахгүй юм байна гэж итгэл үзүүлж, уучилж байгаа нь тэр юм. Энэ бол агуу юм. Уул нь төрүүлж өсгөсөн эхийнхээ амийг хөнөөчихсөн байхад цааш нь үтэр түргэн зайлуул гэмээр шүү дээ. Ингээд бодохоор ертөнц юмыг маш ухаалгаар зохицуулж байгаа биз. Ер нь өөрөө өөрийгөө дайчилж, юм бүхний зах сэжүүрээс барьж аваад цаашаа өчүүхэн ч гэсэн хараад авах юмсан гэдэг хүсэл тэмүүлэл байна гэдэг агуу зүйл юм. Ийм л сайн сайхан он жилүүдтэй учирч явна даа.
-Радио, телевизийн “залуу Рагчаа” гэснээс одоо ч та залуухнаараа харагдаж байна?
-Баярлалаа. Ард түмэн маань намайг үргэлж залуугаараа, үргэлж гоёороо байх юм гэж их урам хайрладаг. Ямар нууц байна вэ гэхээр нь ямар ч нууц байхгүй ээ, аль тааралдсан бүтээгдэхүүнээ түрхчихээд л явдаг хүн шүү дээ. Түүнээс надад тусгайлсан брэнд гээд байх юм байхгүй гэдэг. Хорвоо ертөнц, бурхан хүнийг ингэж хардаг юм байна. Учир нь бурхны сургаал унших бүрд миний амьдралд гэрэл гэгээ нэмэгддэг. Хүний ээж аав мөнхийн бурхан. Түүнээс зүгээр нэг гүнгэрваатай бурхан авчирчихаад мөргөөд байхын нэр биш. Би өвөг дээдэс, аав ээжийгээ үргэлж шүтэж, тэдэндээ баярлаж талархаж явдаг. Нөгөө талаас ард түмнийхээ хүндэтгэл дунд явдаг учраас тэдэндээ баярлалаа гэж мэхийн ёсолж байх дуртай. Хүний амьдралд төр, ээж аав, бурхан гэсэн гурван алтан зүйл байдаг юм гэнэ лээ. Энэ гуравтаа л үнэнч явбал болох нь тэр.
-Та сүүлийн үед байсхийгээд л Солонгос явчихдаг болж?
-Том охин маань солонгос хүнтэй суугаад тэндхийн иргэн болсон. Солонгос хүргэн маань Япон аавтай, солонгос ээжтэй. Хоёр хөөрхөн хүүхэдтэй. Солонгосын ард түмний ажилсаг хөдөлмөрч, цэвэрч зан гайхамшигтай. Өндөр хөгжилтэй орон татвар даатгал хоёр дээр л амьдардаг юм байна. Сүүлийн дөрвөн жил монгол Бусан хоёрын хооронд явдаг болчихоод байна шүү дээ. Энэ сайхан ард түмний дунд хэсэгтээ орж амьдрахад үнэхээр сайхан байлаа.
Д.Нэргүй Эх сурвалж:
URL: