Үүл баатрын ”Үлгэрийн” төлөвлөгөө

Өчигдөр хотын дарга Э.Бат-Үүл баатартай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид “Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг ням гаригт  замын хөдөлгөөнд оруулах эсэх” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.  Эл хэлэлцүүлэгийг харж суухад,  “ард түмний саналаар асуудлыг шийдэж байгаа, иргэдийн оролцоог аливаа асуудалд тусгаж байж нийслэлийн удирдлага шийдвэр гаргана”  гэж  ярьж хэлэх дуртай Хотын дарга маань үнэндээ өөрийнхөө шийдвэрийг муйхарлан ард түмэнд тулгаж байгаа мэт   санагдлаа.

Учир нь хэдхэн хоногийн өмнө яг энэ асуудлаар нийслэлийн иргэдийн дунд  үүрэн холбооны оператор компаниудаар  дамжуулан  асуулга явуулахад нийт 18.000 иргэн оролцсоны олонхи нь эл асуудлыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл ард түмэн энэ асуудалд хотын даргаас эсрэг бодолтой байгаа гэдгээ илэрхийлжээ. Гэтэл Үүл баатар иргэдийн  хариултыг үл  тоон  энэ бүтэн сайн өдөр дахин  үүрэн телефоноор дамжуулан дээрх санал асуулгыг 100 мянган иргэдээс асуухаар болж байгаа гэнэ.

Өмнөх асуулгад цөөн хүн оролцсон нь  ард түмний  бүрэн төлөөлөл болж чадаагүй юм байх. Тиймээс дахин санал асуулга явуулж байгаагаа хэллээ. Уг нь энэ асуудлын хүрээнд иргэд Facebook, Twitter-ээр  үзэл бодлоо илэрхийлж,  ихэнхи нь эсрэг бодолтой байгаагаа хэн бүхэнд илэрхий мэдрэгдэхүйц шүүмжлэлттэй хандаж байсан.

Товчхондоо бол хотын дарга  асуудлыг  АРД  ТҮМНЭЭС  АСУУХ БИШ, харин  АРД ТҮМЭНД тулгаж байна.  Энэ бүтэн сайн өдрийн санал асуулгын үр дүнгээр “Хотын даргын санаачлагыг иргэд дэмжиж, буруу талдаа жолооны хүрдтэй автомашин ням гаригт хөдөлгөөнд оролцохооргүй боллоо” гэсэн шийдвэр гарчээ гэвэл та бүү гайхаарай. Магадгүй энэ шийдвэрийг  иргэд дэмжлээ гэдгийг олон нийтэд харуулахын тулд  урьдаас бэлтгэж,  мессэж санал асуулгыг дахин явуулахаар төлөвлөсөн байхыг үгүйсгэх аргагүй.

Буруу талдаа жолооны хүрдтэй машинтай  хүмүүс яасан юм бэ, ямар гэм хийсэн юм бэ,  хотын даргын өөрийнх нь хэлдгээр  тэд  нэг өдөр машин жолоодох эрхээ хасуулахаар  “дутуу төрчихсөн” хүмүүс үү, хэрэв ингэх байсан юм бол  анхнаасаа яах гэж буруу талдаа жолооны хүрдтэй автомашин оруулах зөвшөөрөл өгсөн юм бэ?

Эрхэм хотын дарга  таны энэ шийдвэрт  том дарга  нар лав эмзэглэхгүй. Учир нь тэд  компанийнхаа, эхнэрийнхээ, хүүгийнхээ,  жолоочийнхоо  машиныг унаад ажлаа зохицуулчихна. Харин энгийн нэг ажилтнууд хуулиар олгогдсон ажлын бус амралтын ганц өдрөө  аав ээждээ очих, агаар салхинд гарах, хувийн ажил төрлөө амжуулах боломжгүй болно. Сурч, ажилладаг залуус хагас бүтэн сайнаар “халтуур” хийж,  хаанаа ч  хүрэлцдэггүй цалиндаа нэмэр болдог байсан бол одоо өнгөрлөө.

Хотын даргын  хэлснээр  гэр бүлээ, үр  хүүхдээ дагуулаад автобуснаас автобус дамжин явах хэрэг гарах нь дээ тэд.

Улмаар буруу рультэйгээсээ  болж тухайн автомашин 7 хоногт  2  өдөр  “сул зогсоно”. Хотын дарга ийм шийдвэр гаргахыг эртнээс мэдсэн бол япон машин биш, Еxcel авч унадаг байж гэсэн бодол төрж байна  шүү.

Үлгэрийг зохиож болдог, бас түүнд итгүүлж болдог шиг Үүл баатар маань ийм  нэгэн үлгэр зохиожээ, үүндээ өөрөө бүр итгэчихэж, харин одоо  түүнд олон түмнийг итгүүлэх хэрэгтэй болжээ. “Үлгэр эхлэх өдөр”  буюу санал асуулга авах өдөр  энэ сарын Ням гараг буюу 1 сарын 20-ны  өдөр. Үлгэр үнэн байдал болох эсэхийг харах л бидэнд  үлдлээ. Эртнээс нааш эрх  мэдэлтнүүд   өөрт нь  ашигтай л бол “үлгэрийг үнэн”  гэж мэлзсээр ирсэн гэдэг.

Ц.Мөнх

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих