БОДОЛ БОДЛООР ХЭЛХСЭН САНААШРАЛ

…ГЭГЭЭН АЛСАД ОДОХ ЮМ САН. Б.Шаравын ийм нэртэй хөгжмийг сонсох бүрт л сэтгэлд хөнгөн гуниг эгшиглэж” хаа нэгтээ одох сон” гэж өөрийн эрхгүй бодох. Сэтгэл нэг л давчдах мөчид уул уулсын өндөрт гарч, тэртээх холын хөндийд бодлоо билчээдэг монгол хүний зан юм болов уу. Сэтгэлд бараан үүлс хуралдах мөчид  тэнгэр ширтэж, өөртөө ухаарал хайдаг монгол хүний зөн юм болов уу. Амьдралын нэгэн хэмнэл дор удах тусам  бачимдан бухимдахдаа урт соруулт гаансандаа тамхиа асаан утааг нь шившин бодол нэрж, тэртээх алсыг хараачлан шинэ нутаг сэлгэх тухай эргэцүүлдэг монгол өвгөдийн  ухааны үргэлжлэл юм болов уу.
…Миний суусан онгоц нүргэлэн дуугарч, улам улмаар хүрхэрч  тэнгэр рүү тэмүүлэн цойлох нь яг л бүргэд мэт. Үл мэдэх хүч намайг суудал руу минь шахан шахаж газар руу чангаана. Гэвч би тэнгэр рүү тэмүүлнэ. Бидний “хөвөн шиг” гэж зүйрлэдэг  тэмээ цагаан үүлсийг яран дүүлэх мөчид  хүчтэй дугтралт мэдрэгддэг. Үүлсийн дээр өндөр аван гарахуйяа тэнгэр цэв цэнхэр, хараа билчих орчин даанч уудам.  Хааяа үүлсийн чөлөөгөөр газрыг тольдохуйяа тэв тэгшхэн, хавтгай хэрнээ сонин ертөнц. Тэр ертөнцдөө бид  зовж жаргаж, инээж бухимдаж, нөхөрлөж муудалцаж амьдардаг болохоор сэтгэлд нэг л дотно, аавын минь өвөр мэт.
Онгоцны давчхан суудал энэ мөчид миний орон зайн хязгаар болох боловч, бодол минь шувууд шиг хязгааргүй орон зайн дунд элин халин ниснэ, бас тэнүүчилнэ. Бодол бодлын хэлхээс тэнгэрт зэллэн нисэх шувууд шиг нэгэн цогц болж тэнгэрлэг санаашралд хөтлөнө. Тэнгэрт байшин барилга, замаар хөлхөлдөх машин тэрэг байхгүй болохоор бидэнд саад болох юу ч үгүй.  Халаасанд минь хичнээн мөнгө байгаад ч энд  юу ч худалдаж авахгүй. Сэтгэлээс минь  “шунал” холдон одож.  Биднээс, шунаж дурладаг хүсч тэмүүлдэг сайхан муухай бүхнийг минь салгаж орхивол “хэн байх бол?”.  Зөвхөн “мөн чанар”-ыг  нь үлдээгээд харах ахул яаж харагдах бол? Сэтгэлд юу үлддэг юм бол? Хариу нэхсэн олон олон бодлууд сэтгэлд эргэлдэнэ.
Би цаг хугацааны хязгааргүй орчил руу нисч явна.  Онгоцоор удаан нисэх мөчдөө ертөнцийн өглөө, өдөр, үдшийн нарыг угтаж үдэх нь бий. Жингийн цуваад хэзээ ч үл хүрэх холын орчилд цаг хугацааг товчлон зорьж очно гэдэг бас л гайхамшиг.  Нэг л жалганд эргэлдэх амьдралд хүмүүний сэтгэлгээ аргамжигддаг. Аргамжигдсан сэтгэлгээ нэг давчхан. Зэлэнд уягдсан ботго зуны аагим халуунд гаслан гасалж, эхийгээ дуудан дуудаж буйлах мэт. Сүүлээ шарвалзуулах нохой гэрийн сүүдэр бараадан аахилан хэвтэх мэт. Аргамжигдсан сэтгэлд бодол давчхан, уур уцаар арвин.  Ойр ойрхон бухимдах дор “амьдрал ямар ч утгагүй”, өдөр хоног даанч урт, уулзаж учрах хүн болгон даанч найдваргүй. Бүртийх ч үүлгүй болохоороо дусал ч хур газарт хайрлахгүй тэнгэр рүү янз муутайхан харж, газар руу нулимана. Сэтгэлийн уцаартай цэр газарт унахдаа хоромхон мөчид хатаж орхих.
Онгоцны цонхоор  хараа билчээх мөчид зах хязгааргүй уудам орон зайг мэдэрнэ. Газарт уулсын цаана уулс цэнхэртэн байдаг бол тэнгэрт үүлсийн цаана үүлс, нэхсэн даавуу мэт тасралтгүй үелэнэ.  Харин хөнгөнөөс хүнд рүү уусах мэт цэнхэр өнгөнүүд уран зураачийн гайхамшигт бүтээл мэт. Уудам энэ орчинг мэдрэх дор нэг их уртаар амьсгаа авмаар, эсвэл санаа алдмаар.  Хүмүүс бид ер нь ямар их бухимдаж амьдардаг юм бэ? Заримдаа уурлах хэрэггүй зүйл дээр албатай юм шиг л уурлаж сэтгэлээ зовооно.  Олж байгаа мөнгө маань амьдралд хүрэлцэхгүй байна,  ханилахаар сонгосон хүн маань намайг хайрлахгүй байна,  ажиллаад  хичээгээд байхад  дарга минь ойлгож магтахгүй байна,  хүүхэд том болох тусмаа үгэнд орохгүй байна,  найз минь надаас илүү сайхан амьдраад байна. Хэрэв уурлах энэ олон шалтгуудыг огт өөр өнцгөөс харж, бухимдалгүй тайвнаар бодож чаддаг бол? Тэгвэл тэнгэрийн энэ уудам орчил шиг сэтгэл тайвшрах болов уу?
Заримдаа тэнгэрт элин халин жисэх шувуудыг харахад атаархмаар. Элин халих тэнгэрийн өндрөөс биднийг” ихэмсэг нь аргагүй хардаг байх даа” гэж бодогдмоор. Өчүүхэн шунал, хомсхон бодолдоо тушигдан газраар мөлхөх биднийг хараад өрөвддөг байх даа гэж санамаар.  Өндрөөс өндөрт  ямагт дүүлэн нисдэг бүргэд шувуу хэзээ ч зөнөдөггүй юм гэнэ билээ. Насны хэмжээс болсон тэр мөчид өндрөөс дүүлэн элгэн хадыг  цээжээрээ мөргөн хальдаг юм гэнэ билээ. Уулсын оргил болох эгц цавчим хаданд дүүлэн жаргадаг тэх, насны эцэст эврээ даахаа болихоороо “зогсоол” доо ирдэг юм гэнэ билээ. Эвэр нь түүнийг татан чангааж эцсийн мөчид амьдралаас авч оддог юм гэнэ билээ.  Тэнгэртэй ойр байх тусмаа араатан жигүүртэн ч, амьтан шавьж ч амьдралын эцсийн мөчид ч омог бардам байж чаддаг нь, энэ л хязгааргүй уудам орон зайн татах хүч байх.
Зөвхөн “өөрийгөө” гэх аминчхан бодол бидний сэтгэл оюуныг минь хязгаарлаж орхидог  мэт. Нэгэн өчүүхэн биеийг тойрон эргэлдэх хүсэл сонирхол, шунал тачаал нь бүдэгхэн лааны гэрлийг тойрон эргэлдэх “дэнгийн эрвээхэй” мэт. Тэр бодол нь хэт богинохон байх тусмаа лааны гэрэлд санамсаргүйгээр далавчаа түлэн газар хөсөр унах эрвээхэй мэт.  Бухимдал, атаархал, хорсол бүхэн бидний давчхан бодлын илрэл.  Үзэн ядалт, хорлолт, бусдыг чадах хүсэл бүхэн нь өчүүхэн сэтгэхүйн бүтээл.  Тийм хүмүүс хэзээ ч энэ удам хязгааргүй орон зайг мэдэрч, гүн цэнхэр тэнгэрийн өнгийг бахдан мэдэрч чаддаггүй. Харин энэ ертөнцийн амьдралын түмэн өнгийг өөдрөг сайхнаар ялган харж чаддаг хүмүүс  бусдыг ойлгож уучлан, бусдад чин сэтгэлээсээ талархан дэмжиж, бас урамшуулж,  ядарч зовсон хэн нэгний зовлон шаналлыг “өөрийн мэт” мэдэрч, “хариу нэхэлгүй”-гээр туслаж чаддаг.  Тийм хүмүүст  энэ амьдралын мөч бүхэн гэрэл гэгээтэй утга учиртай, урсан өнгөрч буй цаг хугацаа болгон үнэ цэнэтэй.
…Онгоц буух ойртож байгаа нь мэдрэгдэв. Онгоцны хошуу нь газар руу тэмүүлж, мөнөөх үүлсийн хөвөнлөг хэрнээ хатуу орчин руу зүсэн орохдоо үл мэдэг дайвалзан, чичирхийлнэ. Тэртээ доорх юмс үзэгдэл тодрон тодорч, бидний амьдардаг ертөнц  үзэсгэлэнтэйеэ харагдана.  Газраар хурдлан давхих машины тасралтгүй урсгал, ажил амьдрал руугаа яаран алхах хүмүүсийн бараа, нэг л дотно ертөнц. Онгоцон доторх хүмүүсийн хөдөлгөөн  ихэсч хүн болгон л буух гэж яарна. Тэнгэрээс газартаа буцан ирж байгаа хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодорч, эх болсон газар руугаа тэмүүлдэг. Тэднийг, намайг хүмүүс хүлээж, бас тосч байгаа. Хүмүүс  бид бие биенээсээ холдох дургүй, бас бие биенээ санаж хүлээдэг. Хүмүүс бид хамтдаа байхдаа л энэ амьдралын аз жаргалыг мэдэрнэ.  Онгоцны хөөрөх буух агшин болгон амьдралын эрч хүч, аядуу зөөлөн сэтгэл, уучлал бас хайрыг  бидэнд мэдрүүлдэг мэт. Амьдралын үнэ цэнэ, хүн болж төрсний хувь тавиланг нэгэнтээ сануулах мэт.
Би онгоцноос буулаа. Шинэ газар нутаг, шинэ танилууд. Бас илэн далангүй яриа, ойлголцол, сайхан нөхөрлөл. Шинэ танилуудтай уулзаж ярилцах бүрдээ би, хүмүүсийн сэтгэлийн чанад дахь гэрэл гэгээ, ухаарал бодролыг мэдэрч баярлан бахаддаг. Энэ болгон нь надад баяр бахдал, урам зоригийг авч ирдэг. Тэр тусмаа би энэ амьдралд талархана.
…ГЭРТЭЭ БУЦААД ИРЭХ САЙХАН. Холын аянаа дуусгаад буцаад л ниснэ. Цэнхэр тэнгэрийн хязгааргүй уудам орон зайд мөнөөх л бодол бодлоор хэлхсэн санаашрал үргэлжлээстэй. Орон зайн хязгааргүй орчилд бодол санаа ч хязгааргүй, төгсгөлгүй. Бодол бодлоор хэлхсэн санаашрал, хүний сэтгэлд ухаарал болон шингэдэг. Онгоц буух мөчид амьдарч дассан газар минь,  сэтгэлд  минь даавуу мэт зөөлхөн. Шинэ газар нутагт олон сайхан гайхамшигийг үзэж харж, дуу алдан баясавч эргээд гэртээ ирэхэд энэ бүхэн дурсамж болон үлддэг. Бид хаашаа нислээ ч эх дэлхийдээ, өөрийн төрж өссөн нутаг руугаа тэмүүлдэг, бас буцаж ирдэг.  Гэхдээ хааяадаа нисч байх ч сайхан шүү.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


URL:

Сэтгэгдэл бичих