Үлэг гүрвэлүүдийн “Орон сууцыг” булаацалдсаар байн
Хилийн чанадад алдсан үлэг гүрвэлүүдийнхээ олдворыг бид энд, тэндээс цуглуулж байна. Тэгээд нэг музей байгуулахаар болтол хаана байршуулах вэ гэсэн асуудал мандав. Ингээд бэлэн музей юу билээ гэж хайтал манайдаа Лениний музейгээс өөр барилга үгүй ажээ. Улаанбаатарт музейн зориулалтаар барьсан ганц барилга нь тэр байж. Гэтэл өнөөх барилгыг нь огт өөр зориулалтаар олон жил ашиглаж байсан билээ. Засгийн газар ч шийдвэрээ гаргаж Лениний музейг үлэг гүрвэлийнх болгохоор болтол өмчийн маргаан дэгдсэн. Дээрх обьект төрийн өмчийнх үү, хувь эзэмшилд очсон уу гэдэг асуудал босч иржээ. Соёл, спорт , аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн Ерөнхий сайдад өгсөн танилцуулгаас үзвэл тус музейн барилгын түүх бага зэрэг сонирхолтой юм. Тус музейг 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар Соёлын яамны захиалгаар бариулжээ. Орос ах нараар бариулсан уг музейн барилгын бүх хөрөнгийг улсын төсвөөс гаргасан байна. 1980 онд барилгыг ашиглалтад оруулахдаа хэний ч өмчид шилжүүлээгүй аж. Харин барилгыг хүлээн авсан Засгийн газрын комисс ашиглагч байгууллагаар Намын түүхийн институт гэгч субьектийг нэрлэсэн байж. Дээр дурдсанчлан барилга анхнаасаа музейн зориулалтаар баригдсан, захаилагч нь Соёлын яам байсан боловч барилга ашиглалтад хүлээлгэн өгөх явц нь журмынхаа дагуу яваагүй бололтой. Тиймээс Соёлын яам ч барилгаа хүлээн авч чадаагүй юм байна. Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй байхад 1979 онд одоогийн МАН-ын удирдлагууд уг барилгыг намынхаа өмч мэтээр бүртгүүлсэн ажээ. Энэ цагаас тус музейн барилгыг МАН эзэмшсээр байсан юм. Тэгэхээр Лениний музейн барилга нь МАН, АН-ын алиных нь ч биш төрийн өмч ажээ. Төрийн өмч гэдэг ард түмний өмч гэсэн үг. Ард түмний өмчийг аль нэг намын үйл хэрэгт ашиглуулах уу, үндэстнийхээ бас нэгэн түүх соёлын бахархал болсон үлэг гүрвэлийн “орон сууц” болгох уу гэдгийг бодох л хэрэгтэй ажээ.
URL: