Базух: Шинэ дууныхаа найруулгыг хийж байна
D45” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн залуу дуучин Базух буюу Батзоригийг зочноор урьсан юм.
-Яг одоо юу хийж байна?
-Албан ёсны фэйсбүүк фэн хуудастай болсон. Яг одоо найзууддаа зориулж, уран бүтээлийн шинэ соргог мэдээллээ оруулаад л сууж байна. Ойрын үед “Итгэл” нэртэй шинэ дуу гаргах гээд их завгүй байсан. Тиймээс завтай болсон даруйдаа фэйсбүүк хуудсынхаа найзуудтай санал бодлоо хуваалцаж байна.
-Шинэ гарах дууныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Шинэ дууныхаа шүлэг, хөгжмийн найруулгыг өөрөө хийж байгаа. Энэ дуугаа Анхууш ахтай хамтран дуулсан. Эерэг сайхан зүйлийг өгүүлж, “Итгэл” гэдэг ямар чухал болохыг л залуустаа ойлгуулахыг зорьсон. Би ер нь залууст ухаарал хайрласан дуу дуулах дуртай. Өмнө нь шинэ үеийн залуустаа зориулж “Оюунлаг залуус” дуу бүтээж байсан.
-Хамтлаг тарах болсон шалтгаан юу вэ?
-Хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээ хийхээр болсон учраас тарсан. Миний хувьд 2008 онд хамтлагт орж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Цаашид бие даасан олон сайхан уран бүтээлээрээ залуустайгаа уулзах болно. Анхны бие даасан “Нандин” дуу маань залуусын таашаалд хүрч урмын үг нэлээд авсан. Тиймээс уран бүтээл туурвих эрч хүчээр дүүрэн байгаа шүү. Энэ дашрамд миний дууг сонсдог, намайг дэмждэг залуустаа талархаж буйгаа илэрхийлье.
URL: