Эх оронд минь өрийн “зуд” нүүрлэлээ

Бондын жилийн хүүгээр 360 цэцэрлэг барина
“Шинэчлэлийн” гэх өргөмжлөлтэй Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис” бонд гаргаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хэрэв их эзэн Чингис хаан өдгөө амьд сэрүүн байсан сан бол өөрийн аав ээжийн буян хишиг шингэсэн алдар нэрийг минь их өрийн бичигт “овог” болголоо. Өрийн бичгийн овог нэр болох гэж би тэртээ зуунд дэлхийн талыг эзэлж, Их Монгол Улсаа нэгтгэж, Чингисийн Монгол гэж дэлхий дахинд алдарших байсан юм уу гэж асуух болов уу.
Зөвхөн сарын хугацаанд л гэхэд эх орны нийслэл, аймаг, сумдад хүүхдийн 30 цэцэрлэг барьж босгох хэмжээний өртэй болжээ. Зөвхөн жилд л гэхэд хүүхдийн 360 цэцэрлэг барьж босгох өрийн данс өсч, бонд өөрөө бондойх биш, бондын хүү нь “бондойж” их өрийн ангал үүсгэх нь ээ. Тэгэхээр яаж ч бодсон бонд “борц” болж дампуурах нь тэнэг л биш бол ямар ч хүнд ойлгомжтой байна.

“Чингис” бондын хүү 10 тэрбум давлаа

Эх оронд минь өвлийн биш өрийн “зуд” нүүрлэлээ. “Өртэй хүн өөдөлдөггүй. Өттэй ямаа…” яадаг билээ.  АН-ын Засгийн газар “бондоор бондойчихно”, “Өрөөр өндийчихнө” хэмээн ичиж улайх ч нүүргүй “зангууны үлгэр” яриад сууж байна. Өвлийн зуд ч яахав. Сарын дараа л саарна. Харин бондын өрийн “зуд” хэчнээн жил үргэлжлэхийг хэлж мэдэх хэн ч алга.
Өдөр тутам “Чингис” бондын өрийн төлбөрийн дансанд 270 сая төгрөг өр болж, одоогоор энэ өр 10 тэрбум орчим төгрөг болоод байгаа юм. Их өрийн “зуд”-нд элгээрээ хэвтэж, өөд нар харахгүй болсон байтлаа нүүр нь улайдаггүй, санаа нь чилдэггүй, толгой нь ажилладаггүй АН-ын энэхүү үйлдэлд Засгийн газрыг огцруулахад ч багадна биш үү. Бараг олон улсын шүүхэд өгсөн ч гашуудахгүй санагдана.

Өрийн хүү нь талийгаад байхад гар хумхин суухын учир юу вэ

“Ухаангүй ноёнд урагшгүй албад” гэгчийн үлгэрээр “шинэчлэлийн” хаяг шошготой Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг одоо болтол ямар нэгэн үр өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэнгүй гацаасаар, бондын хүүгийн өр, сөрөг эрсдэл нь улам бүүр гаарсаар л байна.
Засгийн газар ямар ч хүүгүй, тэгээд ч огт эргэж төлөхгүй юм шиг амар амгалан өдөр, сарыг барсаар байгаа нь ямар учир жанцантай юм бол. Гайхаад баршгүй. Их өртэй байж, түүнээ мартдаг, өрийн хүү нь талийгаад байхад санаа нь шархирдаггүй, “сэтгэл” нь ширгэсэн, “чих” нь таг дүлийрсэн, “нүд”-нд нь цагаан юм унасан Засгийн газартай ямар үйлийн үртэй ард түмэн бэ, бид чинь.

Ч.СОДНОМДОРЖ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих