Шахаа ба мэлзээ
Шахаа гэдэг үгийг сонсоогүй хүн үгүй биз. Улс төр, албан тушаал, эрх мэдэл дагаж явдаг, басхүү сүүлийн жилүүдэд монголчуудын үгийн санд шинээр нэвтэрсэн үг. Албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан ямар нэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бараа сэлтийг зах зээлийнхээс өндөр үнээр юм уу, өртөг нэмэн аль нэг томоохон байгууллагад худалдаж ашиг олохыг хэлж байгаа хэрэг.
Саяхан нэг иймэрхүү шахааны “хэрэг” олонд ил болов.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар “ярилцах” үеэр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нэгэн мэдээллийг задалсан юм. Тэрээр өмнөх удирдлагууд нь “Эрдэнэс-Тавантолгой”-д шахаа хийсэн.Тус бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй, нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй хүнд даацын 10 машин нийлүүлсэн. Тус компанид операторын үйлчилгээ үзүүлдэг “Machahon” компани энэ машинуудыг үзээд стандарт шаардлага хангахгүй гэсэн. Бас бичиг баримтууд нь олдохгүй байгаа. Мөн нийтдээ таван тэрбум орчим төгрөгийн дугуй авсан байсан. Үүнээс 3.6 тэрбум төгрөгийн дугуй нь ашиглах боломжгүй. Хэрэглэх гэхээр хэмжээ нь таарахгүй байгаа талаар хэлсэн.
Яг үнэндээ энэ нэг их шинэ мэдээлэл биш л дээ. 2012 оны аравдугаар сард “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэдэг хүн хэвлэлийн бага хурал зарлан энэ шахааны тухай хэлж л байв. С.Эрдэнэ тэр үед Б.Энэбиш нар Хятадын ашиглахаа больчихсон “ТАС” хэмээх пуужин тээвэрлэгч 10 машиныг, бас шаардлага хангахгүй 98 дугуйг тус бүрийг нь 20 саяар худалдаж авсан тухай мэдээлж байжээ.
Дээрх машин, дугуй зэргийг авахдаа тендер зарлах нь зарлаж. Одоогийн захирал Я.Батсуурь нь Тендерийн хороонд ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлж хуулийн байгууллагад шилжүүлсэн гэсэн.
Харин энэ бүхнийг сайтар мэдэж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн сарын 15 сая төгрөгийн цалинтай захирлын албыг хашиж байсан Б.Энэбиш огт өөр тайлбарыг хийж сууна. Я.Батсуурь захирал УИХ-ын Байнгын хороонд мэдээлэл хийнгүүт, маргааш нь “Үндэсний шуудан” гэдэг сонинд ярилцлагаа нийтлүүлжээ.
Тэрээр “Дээрх ханган нийлүүлэлт миний үед хийгдсэн нь үнэн. 2011 онд багтааж Хүний хөгжил санд 330 тэрбум төгрөг хуримтлуулах үүрэг даалгавартай, үүнийг биелүүлэхийн тулд нэг сая тонн нүүрс олборлох шахуу зорилттой ажилласан бид 60 тоннын даацтай 10 ачааны машин авч төлөвлөгөөт даалгавраа биелүүлсэн. Эдгээр машиныг одоо ч уулын ажилд ашиглаж болохоор байгаа. Дугуйны хувьд стандартын шаардлага хангасан эд байсан. Гагцхүү арай бага юм билээ. Жийпний 70, 75-ын дугуй гэдэг шиг. Тэдгээрийг нэг машинд дөрвөөр нь тавиад явуулахад ер болохгүй гэх юм байхгүй гэж техникийн ажилтнууд баталж байсан. Түүнээс биш энд ямар ч шахаа байхгүй” хэмээх тайлбарыг хийв. Шууд утгаараа тэр мэлзэв. Б.Энэбишийн үгээр бол хоёроор нь тавьдаг дугуйг дөрвөөр нь зэрэгцүүлчихвэл ашиглаж болох гэнэ. Ер нь бол “Би биш, С.Батболд нар л Хүний хөгжлийн санд мөнгө төвлөрүүл гэж даалгавар өгөөд байсан шүү дээ” гэжээ. Бас “Би шахаа хийгээгүй. Тендерийн хорооны ажилтнууд авч болно гэсэн, техникийн ажилтнууд ашиглах боломжтой гэж хэлсэн. Тэгээд л авсан” гэсэнтэй агаар нэг тайлбарыг хийн мэлзжээ.
Ийм байж таарахгүй л дээ. Багануурын уурхайн захирал асан Х.Мэргэнбаатар бас л дугуйны шахааны хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байна. Б.Энэбиш захирлынхыг бодвол хамаагүй “жижиг шахаа” гэж дуулдсан. Гэвч Б.Энэбиш захирлыг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхлээгүй байгаа бололтой.
Ер нь бол “Надад ямар ч шахаа байхгүй” хэмээн том дуугарсан Б.Энэбиш захирлын үг эргэлзээтэй л дээ. Учир нь “Эрдэнэс-Тавантолгой”-д зөвхөн 10 машин, зуугаад дугуйны асуудал байгаа хэрэг биш ажээ.
Шатахуун, түлшээ зах зээлийн үнээс литр тутмыг нь 200 төгрөгийн илүүтэйгээр нэр бүхий гурван компаниас авдаг байсан аж. Уурхайн хүнд машин механизмуудын шатахууны хэрэглээ гэдэг ямархуу хэмжээтэй байх нь хэнд ч тодорхой. Тэгээд хэдэн мянган тонн шатахууны литр тутмаас 200 төгрөг гэхээр мөн ч лут ашиг унах нь тодорхой. Энэ мөнгө чухам хэн, хэний халаас руу ордог нь харин тодорхой бус байгаа юм.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийг МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед байгуулж байсан болохоор түлш, шатахууны шахааг “Петровис”, “Содмонгол”-оос гадна “Шунхлай” хийдэг байжээ. Өөрөөр хэлбэл, энэ мэтчилэнгээр ухвал МАН-ын ч, АН-ын ч шахааны бизнес энэ компаниас нэлээд гарах нь дамжиггүй биз ээ.
2011 онд юм уу даа, УИХ-ын гишүүн нэгэн эрхэм “Эрдэнэтэд ганц бульдозер шахчих гэсэн юм” хэмээн Орхон аймагт явж байсантай таарч байв. Тиймээс Монголд цэцэглэж буй шахаа гээч нь албан тушаалд “дурлах” гол шалтаг болдог агаад бидний ярьдгаар томчуулын хийдэг бизнес ажээ.
Б.ОНОН
zuunii medee
URL: