Ц.Цолмон: Н.Энхбаяр даргыг хэзээ нэгэн цагт цагаатгах байх

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонтой ярилцлаа.

-Есөн ээж МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн төлөө өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Энэ намын удирдах албан тушаалтны хувьд асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Өлсгөлөн бол хувь хүмүүсийн асуудал. Үүнийг МАХН болоод “Шударга ёс” эвслийн зүгээс шахаж шаардаад өлсгөлөн зарлуулсан юм байхгүй. Нэгэнт эр зориг гаргаад эрүүл мэндээ золиослон байгаа эхчүүдийг хүндэтгэхээс өөр яах билээ. Тэдний  тавьж байгаа шаардлага нь үнэнээс хазайгаагүй зөв зүйтэй шаардлага байна лээ. Хэрэгжих ч боломжтой шаардлага. Ердөө  “Н.Энхбаяр даргыг хорионд байх хугацаанд нь эрүүл мэндийн тусламж  авах боломжийг нь хангаж өгөөч” гэсэн хүсэлт шүү дээ.  Харин ямар арга хэлбэрээр тэмцлээ хийх гэдэг нь тэр хүмүүсийн хувийн асуудал. Эвслийн зүгээс “Өлсгөлөн зарласан эхчүүдэд эрүүл мэндээ бод. Тэмцлээ зогсоогооч” гэсэн хүсэлтийг олон удаа тавьсан ч хүлээж авахгүй байна.

-Н.Энхбаярыг хорих эмнэлгүүдэд шилжүүлс­нээс хойш уулзав уу. Эмчилгээ хийлгэхгүй байгаа учраас биеийн байдал нь сайнгүй байх гэх юм?

-МАХН болоод “Шударга ёс” эвслийн зүгээс Н.Энхбаяр даргыг эмчилгээнд хамруулах бүх боломжийг эрэлхийлж байна. Ялангуяа, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан журмыг өөрчлөхөөр хол­богдох байгууллагуудад нь саналаа хүргүүлсэн. Журам өөрчлөгдвөл эмчилгээ хийх боломжтой болно. Гэвч тодорхой үр дүнд хүрэлгүй цаг алдаж байгаа зүйл ч байна.

-Түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас ялаас чөлөөлөх хүсэлт тавьж болох тухай өмгөөлөгч нь ярьж байгаа. Нэгэнт улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа бол ялаас чөлөөлөх хүсэлт тавих нь зохимжтой юм уу?

-Би иргэн хүнийхээ зүгээс хэлэхэд Н.Энхбаяр даргыг өөрт нь хамаа­ралгүй хэргээр шийтгэсэн гэж үздэг. Цаашид ч үзэх болно. Тэгээд ч түүнийг хамаатуулж шийтгэсэн хэргүүдийг нотолж чадаагүй. Энэ утгаараа хэзээ нэгэн цагт цагаадах хэрэг гэж хэлмээр байна. Харин тэр нь хоёр жил байх уу, хоёр сар байх уу, хоёр хоног байх уу гэдгийг нь мэдэхгүй. Ямар ч байсан баталгаа нотолгоо багатай хэргээр ялласан гэж хэлмээр байна. Энэ талаар өмнө нь ч гэсэн бишгүй их ярьжээ.  Тийм учраас тодорхой хугацааны дараа шүүхийн шийдвэрийг засч залруулах байх гэж бодож байна.

-Нэгэн цагт таны дарга байсан МҮАН-ын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлчихлөө. Үүнд ямар дүгнэлт өгч байна?

-Энэ талаархи мэ­дээлэл надад  бага байна. Сонинд өгсөн өөрийнх нь ярилцлагаас харахад “Бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулах ёстой” хэмээж  салбарынхаа сайдын баримталж байгаа бодлоготой зөрүүтэй байсан юм шиг байна. Өөрөөр хэлбэл, олон зөрүүтэй санаа уралдаж байгаа үйл явц байжээ гэдэг нь харагдлаа. Ер нь эцсийн дүндээ хэн нэгний үл ойлголцлоос илүү бүтээн байгуулалт буюу төмөр зам нь хурдан хугацаанд баригдах ёстой. Алийг нь түрүүлж барих вэ гэдэг нь улс төрийн асуудал биш. Харин судалгааны дүнд хийсэн хэн ч маргашгүй зөв хувилбарыг сонгож хийх ёстой техник эдийн засгийн асуудал. Тэр талаас нь хандаад зөв шийдвэр гарах байх гэж найдаж байна.

-Тэгвэл түүний албанаас нь чөлөөлсөн асуудалд  “Шударга ёсэвслийн зүгээс хэрхэн хандаж байгаа юм. Эвсэлд томоохон байр суурь эзлэх хүн шүү дээ?

-Энэ талаар бүлгийн болоод эвслийн хурлаар авч хэлэлцээгүй. Тэгээд ч цаад асуудал нь бүрэн дүүрэн шийдэгдээгүй байхад  бид яаравчлан дүгнэлт өгөх нь зохимжгүй. Энэ талаар Ерөнхий сайд ч гэсэн байр сууриа илэрхийлээгүй байна. Халах, халагдсан гэдэг нь эцэслэгдэн шийдэгдээгүй асуудал шүү дээ. Халах шийдвэр гаргасан дарга нь  хүртэл халагдсан гэхээр энэ үйл явц үргэлжилж байгаа юм. Энэ утгаараа бүлэг авч хэлэлцсэн зүйлгүй.

-Та МАХН-ыг МҮАН-тай нэгтгэнэ гэж байлаа. Таны хоёр нам нэгтгэх ажил чинь хэр үр дүнтэй байна вэ. Эсвэл үр дүнгүй шийдвэр байж уу?

-Үр дүн нь гарах болоогүй. Гарах хугацаа нь ч болоогүй байна. Ер нь хоёр намыг нэгтгэж хамтарч ажиллая гэсэн шийдвэр гаргахдаа үзэл бодлын хувьд ойрхон гэдэгт үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, МАХН нь социал демократ үзэлтэй. МҮАН үндэсний ардчилсан үзэлтэй. Монгол орныг тогтвортой үр дүнтэй хөгжүүлэхэд ямар онол үзэл хэрэгтэй вэ гэхээр энэ хоёр намын баримталдаг  үзлүүд юм. Энэ утгаараа хоёр намыг нэгтгэвэл Монголын эрх ашигт хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, үндэсний онцлогтой ардчилсан социализм байгуулах нь зохимжтой гэж үзэж байна. Урьд нь олон улсын хэллэгээр коммунист маягийн социализмийг туршаад өнөөх нь үр дүн муутай, хэтэрхий явцуу үзэл суртлын нийгэм болгож хувиргасан байдаг. Харин өдгөө Монголд ардчилсан социализм бараг үндэсний үзлийн хэмжээнд хүрсэн, хүн бүр ойлгож мэддэг болсон үзэл. Үндэсний үзэл гэдэг бол бүх хүний мэддэг, хэрэглэдэг зүйл юм. Монгол дээлээс эхлээд үндэсний гэсэн тодотголтой бүх зүйл үүнд хамаарна. Түүнтэй адил социализм ардчилал хоёр нь Монголын хөрс суу­ринд шингэсэн үндэсний үзэл гэж хэлэх байна. Нөгөө талаас дэлхий нийтийн сургаалийг авч хэрэгжүүлэхдээ үндэсний онцлогийг тусгах ёстой. Тэр утгаараа Монголд ком­мунист биш ардчил­сан шинжтэй социализм байгуулах зөв алхам. Үндэсний онцлогтой социализм байгуулж байна гэдгээ тунхаглаад хэрэгжүүлээд явах улс төрийн хүчин нь МАХН, МҮАН хоёр юм. Энэ хоёр намын үзэл нь Монголын хөрс сууринд нутагшсан, эрх ашигт илүү нийцэж байгаа учраас улс төрийн хүчин өнөө маргаашийн ялгаа зөрүүгээ мартаад нэг улс төрийн хүчин болоод явбал  Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бодлогын хувиар  хоёр улс төрийн  хүчнийг нэгдэх ёстой гэж бодож байгаа. Нэгдэх эсэхийг цаг хугацаа харуулах байх. Яг одоо буюу эвсэл байгуулсан  намууд хоорондоо нэгдвэл хууль, эрх зүйн хувьд ямар байх вэ. Эвслийн статуст нөлөөлөх үү, үгүй гэсэн нарийн асуудал бий. Гэхдээ улс төрийн хүсэл зориг нь байвал зохицуулах арга хэлбэрийг нь олж болно. Цаг хугацаа болоод сэтгэл зүйн асуудал бол бий. Ний нуугүй хэлэ­хэд өнөөгийн нийгэмд олон жижиг нам тус тусдаа яваад байх бололцоо муу. Үр ашиг ч багатай.

-Таныг МҮАН-аас МАХН-д, Д.Арвин гишүү­нийг МАН-аас АН-д элссэнээс хамаарч гишүүдийг намд нь богтлох хуулийн төсөл санаачлах сураг байна. Энэ нь сонгох, итгэл үнэмшилтэй байх эрхийг хязгаарлах нь гэж хүний эрхийн хуульчид хэлэх юм?

-Амьдрал өөрөө баялаг шүү дээ. Аливаа хуулиар зохицуулагдаагүй харил­цаа амьдралаас урган гарч байдаг. Тэгэхээр аль болох амьдралд байдаг,  амьд­ралд байж болох хувил­барыг тооцоолж хууль са­наач­лах нь зөв. Асуудлыг өргөн хүрээнд харж, хяз­гаарлах ёстой гэж үзсэн зүйлээ хязгаарласан, дэмжих зүйлээ дэмжсэн заалт байх ёстой. Өөрөөр хэлбэл, зохицуулах ёстой гэсэн харилцаа урган гарч ирж байгаа бол түүнийгээ зохицуулж болно. Миний хувьд “Хүний эрх зөрчинө. Болохгүй” гэсэн хаалт хэлэх нь зохимжгүй. Зохицуулах шаардлагатай харилцаа үүссэн бол хамаа алга. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Юу гэхээр  Д.Арвин гишүүн бид хоёрын хөдөлгөөн өөр шүү. Миний хувьд “Шударга ёс” эвсэл байгуулсан намууд хооронд нь шилжсэн. Энэ ч утгаараа эвсэлд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Харин Д.Арвин гишүүний хувьд сонгуульд тус тусдаа орсон хоёр намуудын хоорон дахь хөдөлгөөн юм. Ц.Даваасүрэн гишүүний тухайд ч гэсэн намын гишүүн байж байгаад бие даагч болоод гарсан тохиолдол бий. Энэ үүднээс нь харвал  дарангуйллын систем шиг ямар ч хөдөлгөөн байж болохгүй гэж хязгаарлаж болохгүй. Хөдөлгөөн гарлаа гэхэд ямар үр дагавар үүсэх вэ гэдэг нь харин тодорхой байх ёстой.

-”Шударга ёсэвсэл Засгийн газартаа хамтарч байгаа гэдэг утгаараа сөрөг хүчин байж чадахгүй, шийдвэрийг даган биелүүлэгчид гэсэн шүүмжлэл гарах болсон. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Дагаж дарвиад байна гэсэн шүүмжлэл сонсоо­гүй юм байна. Шүүмжлэх хугацаандаа ч очоогүй. Эвслийн зүгээс  шүүмж­лэх зүйлээ шүүмжилж өөрсдийнхөө санаа оноог хэлж  байгаа. Гэхдээ гол баримтлах зарчим нь “Хамтраад бүтээе” гэсэн алтан дундаж үзэл.  Заавал сөрөг хүчин байх шаардлага байхгүй. Цэвэр сөрөг хүчин гээд ажиллаж байгаа МАН-ын хувьд ч гэсэн сөрөөд явахгүй байна. МАН-ын олонхи гишүүн болж бүтэх талаас нь ханддаг байр суурь ажиглагддаг. Ганц нэг хүн юу ч байсан дандаа эсэргүүцэх байр суурь байж магадагүй. Түүнийг тухайн хувь хүний асуудал гэж үзэх ёстой. Ер нь улс төрийн хүчнүүд нийлээд улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах ёстой. Энэ утгаараа цаашдаа МАН, АН ялгалгүй хамтарч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүч­нүүд хоорондоо дайсаг­налцах биш аль болохоор бие биенээ ойлгож хам­тарч, ямар нэгэн зүйлийг хамтран бүтээх зорилго баримтлах ёстой байх.

-Ерөнхийлөгчийн сонгууль энэ онд болно. Намууд нэр дэвшигчдээ битүүхэн тодруулж байгаа гэсэн. Танай нам энэ талаар ярилцав уу?

-Энэ асуудлыг нам дээрээ яриагүй. Ярих нь ч эрт байна. Мэдээж манай намын хэн нэгэн гишүүн нэр дэвшээд өрсөлдөх байх.

-Таны ахалсан байнгын хороодод ямар хуулийн төсөл хэлэлцэж байна. Хамгийн сүүлд гэхэд өнөөдөр /өчигдөр/ хилийн боомтуудыг нэгтгэх хуулийн төсөл санаачилс­наа  ярих шиг боллоо?

-Байнгын хороогоор боомтуудын тухай болоод Г.Уянга гишүүний санаачилсан төрийн албан тушаал хашиж байсан хүмүүсийн статустай холбогдсон хуулийн төслүүд хэлэлцэж байна. Дээрээс нь тэсэрч дэлбэрэх бодисын тухай Засгийн газраас орж ирсэн хуулиуд бий. Харин миний санаачлагын хүрээнд Төрийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн хууль санаачилж хэрэгжүүлье гэж бодож байна. Энэ талаар эвслийн мөрийн хөтөлбөрт ч туссан байдаг. Өнөөдөр бүх орон сууцны асуудлыг зөвхөн хувийн хэвшлийн хүрээнд шийдэх боломжгүй. Маш их хугацаа алддаг учраас улс орон маань бага зэргийн хөрөнгө мөнгөтэй болж байгаа учраас хамгийн тулгамдсан орон сууцныхаа асуудлыг шийдэх боломжтой. Яаж шийдэх вэ гэхээр төрөөс мөнгө гаргаад орон сууц барина. Түүнийг хувьчилж бас заралгүйгээр шинэ залуу гэр бүл эсвэл бага орлоготой болоод ахмад насны хүмүүст түрээслүүлж эргэлтэд байдаг системд явъя гэж. Үүнийг  Япон, Сингапур зэрэг богино хугацаанд орон сууцныхаа асуудлыг шийдсэн улс орнуудад хэрэглэж байсан. Ер нь 2012-2016 оны УИХ үүсэн байгуулагдаад хагас жил болсны дараах ерөнхий дүгнэлтийг харахад Засгийн газар, УИХ хоёр янз бүрийн сэжмээр хэтэрхий холилдож байна. УИХ нь Засгийн газраас бүрэн хамааралтай болж байна гэсэн үг. Үүнийг засч залруулах ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрсдийн үйл ажиллагаанд тохируулж хуулиудад нэмэлт өөрчлөлт хийхийг нь хязгаарлах ёстой. Энэ чиглэлийн хуулийг Засгийн газраас оруулах эрхгүй байхаар УИХ бодлогоо явуулбал зүйтэй юм. Зөвхөн УИХ-ын гишүүд санаачилдаг, түүний үйл ажиллагааны хүрээнд шийддэг болохоор салгах хэрэгтэй. Тэгэхгүй бол гүйцэтгэх засаглал өөрсдийн бодлого, өнөө маргаашийн хэрэгцээндээ зориулж хуулийг өөрчилж нэмэх хасах үзэгдэл байна. Үүнийг зогсоох хуулийн төсөл санаачилснаа удахгүй өргөн барина.

 


URL:

Сэтгэгдэл бичих