Элэг урсана

Саявтар дэлхийд алдартай Францын жүжигчин Жерард Депарьде ОХУ-ын иргэн болж дэлхийд сенсаац дэгдээв. Алдартнуудын найтаах нь хүртэл анхаарал татаж байдаг хойно хэн хүнгүй л мань эр яагаад Орост суурьших болсон талаар таамаглацгаалаа. Хэргийн учир басхүү улс төрийн учиг сүвлээтэй гэмээр.

Өмнөх Ерөнхийлөгч Саркозийг улаан нүүрээрээ дэмжин сонгуульд оролцож байсан Депарьдед шинэ ерөнхийлөгчийн нэг сая еврогоос дээш орлоготой иргэдээс 75 хувийн татвар авна гэсэн нь таалагдсангүй. Оросуудад иргэн чинь болъё гэж ханджээ. Улс төрийн нүүдэлд угийн гаргуун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнд оросын харьяатын үнэмлэхийг Хар тэнгисийн Сочи хотод өөрийн биеэр очиж гардуулав. Бүр ОХУ-ын Мордови улсын соёлын сайд болоорой гэжээ. Иймэрхүү багавтар “геополитика” өрнөж оросууд нэгэн алдартнаар тоогоо нэмлээ.

ОХУ-д үүний эсрэгээр буюу гадагшаа тэмүүлэгсэд ч олширсоор байгаа. Нэг хүний дарангуйлал хийгээд ардчиллын цэцэрлэг улам бүр хумигдаж буйд дургүйцсэн сэхээтнүүд, боловсролтой иргэд нь энэхүү ай цуурайг хадааж эхэлсэн. Тэдний нэг нь Халимагийн ардын жүжигчин, туульч Охинойн Цагаанзам билээ. Тэр барууны ертөнцийг сонирхсонгүй. Монголчуудын үсэрсэн цус, тасарсан яс болохын хувьд уугуул нутаг, язгуур “өлгий”-гөө санажээ. Энэ талаараа Монгол Халимагийн түүх соёлын гүүр болоод байгаа туульч маань хэдэн жилийн өмнөөс л илэрхийлэх болсон юм. Түүний хэлснээр “Жангар” туульд нэгэн шувуу төрөлх бумбын орноо орхиод аз жаргалын орон руу нисэн явж буй тухай гардаг аж. Учир юун гэвээс бумбын оронд нь хүн, мал үрэгдээд хөөрхийлөлтэй болсон тул ийн аян замд гарчээ.

Энэ домог бол Ижил мөрний сав газарт 400 орчим жил нутагласан халимаг түмний зовлон юм. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Халимагийг олон жил удирдлаа. Энэ эр төрөлх ард түмнээ бодоогүйн горыг халимагууд амсч эхэлжээ. Оросуудын хэт хавчлага, эдийн засгийн уналт, үндэсний түүх, соёл, хэл бичиг мартагдан бүдгэрч буй нь Халимагуудыг гадагшаа “халиах”-д хүргэж байна. Кремльд талтай, Путины сүүдэр болсон олон мянган “Үлэмж”-үүд бий. Оросын хатуу бодлогыг сөрөх  байтугай илээр дэмжиж буй нь “Бумбын орон”-оо орхиход хүргэсээр. “Соёлжсон” гэгдэх халимагууд барууны ертөнцийг байнга саравчилсаар. Гэтэл хөл дээрээ тогтохчоо болж буй Монгол Улс руу тэмүүлэгчид бас байдаг ажээ.

Оросуудаас дайжиж уугуул болсон нутгаа орхигч халимагууд ийнхүү хоёр хуваагдав. О.Цагаанзам тэргүүтнүүд нь язгуур монгол хэл, соёл, ёс заншлаа хадгалж, тээгчид билээ. 400 орчим жилийн турш их Оростой нанчилдаж, харьяанд нь орж, хядуулж, чичүүлсэн тэдний тэсч үлдсэн нь монгол овогтны бахархал гэхээс өөрөөр юү гэх вэ дээ. Жүүдүүдээс ерөөс дутахгүй. Дэлхийн I, II дайны үед Оросууд Халимагуудын дунд геноцид хийсэн юм. Сибирь руу овог, отгоороо хөөгдөн цөлөгдөж, үйрч үрэгдэж байв. Аз жаргал, тайван амьдралыг ер нь амсч үзсэн үү гэмээр. Домогт Халимагийн морин хороог оросын жанжнууд дурссан нь бий. Хаант Орос ч, большевикууд ч тэдний эрэмгий, дайчныг нь ашиглаж орхиод алж цөлөөд эхэлдэг нь гэм биш зан.Түүхийн ч улбаатай юм. Охинойн Цагаанзам бол түүхийн энэ гашууны нэг дусал. Сибирийн хахир хүйтэнд цөллөгт явж буй халимагуудын зовлонт нүүдлийн замд нэгэн хөвүүн төрсөн нь тэр байжээ. Замд төрсөнийг нь бэлгэдэн  ирээдүйн амьдрал нь цагаан болох болтугай гэж нэрийг нь хайрласан гэдэг. Тухайн үед бүхий л халимагууд  “цагаан зам”-аар бумбын оронд очихыг хүсч байлаа. Тэгсэнгүй. Мөн л гадагшаа дайжив.Эдүгээгийн Франц дахь болон АНУ-ын Нью-Жерсигийн монголчууд бол халимагууд. Арай настайчуул нь дөрвөд, торгууд аялгаар ярина. Одоо ч байхгүйтэй адил гэнэ билээ.

 

Монголчуудын гэх ганц колони нь л доо. Сталины дэглэмээс зугтсан нь тэр. 1930-аад оны үед ардын засгийн газрын  даалгавраар урагшаа очиж нөгөө Чан Кайшигийн зөвлөхөөр хүртэл ажиллаж байсан Дилав хутагт Жамсранжав тэдэнтэй нийлж Америкт төвхнөсөн нь нэгийг өгүүлнэ. Түүх сөхөхөд Торгуудын Хоо өрлөг ноён дөрвөн ойрадын чуулганы зөвшөөрлөөр Хойд аймгийн хойд зах Эрчис мөрний дунд урсгал Орын ганц мод хэмээх газарт 1607 онд нүүж очжээ. Тэндээс 1628 онд Ижилийн зүг нүүж 1630 онд Уралаас Ижил мөрөн, Астраханаас Самарканд хүртэлх уудам нутгийг эзэмшжээ. Ойрадын нутгийн ар болох зүүн Сибирь, Барга, Буриадын нутаг болон Хар мөрний урсгал дагуу хаант Орос  газар нутгаа тэлж байв.  Ойрадуудыг захирагдахыг шаардахад бүрэн няцаалт өгөөдөхөв. Харин ч баруун зүг цойлоод хаант улс байгуулж орхидог байна.

Оросууд үүнийг хүсээгүй юм. Хоо өрлөг Дөрвөн ойрадын шинэ хязгаар (колони)-ыг бүрдүүлсэн нь Дундад Азид оросуудын эзэгнэх санаархлыг даруй 100 гаруй жилээр саатуулсан байдаг.Үүнд Дөрвөдийн Далай тайш ч голлох үүрэгтэй оролцсон юм. Харин Хоо өрлөг Астраханий төлөө оросуудтай дайтаад амиа алдсан билээ. Хожим  халимагуудын зарим нь улс төрийн шалтгаанаар буцаж нүүсэн нь одоогийн Шиньжаан, Ховог сайр, Ховд аймгийн Булган сумын торгуудууд. Магадаггүй, домгийн шувууны адил шалтгаанаар бумбын орноо орхиход хүрсэн ч байж мэднэ. Нааш ирэх замдаа хасагуудтай нүдэлдэж ихээхэн цөөрсөн юм. Халимаг гэдэг нэрийн үүслийг хоёр янзаар тайлбарлана. Кальмык буюу үлдэгдэл гэдэг нь нааш нүүхэд үлдсэн учраас чингэв хэмээнэ. Эсвэл эндээс хальж (хүчирхэгжиж) нүүсэн учир ийм нэр авав уу гэх. Сүүлийнх нь ортой болов уу. Сонирхуулахад 1920-иод оны үед монголд ирж ажиллаж байсан Коминтерний сургагчид  дотор халимагууд цөөнгүй байв. Хэл ус нь нэвтрэлцдэг гээд оросууд илгээгээ биз. Тэдний европ соёлыг дууриан үсээ богиносгосон монгол эрчүүд “шинэ” үсээ халимаг гээд нэрлээдхэв. Ийм л түүхтэй ард түмэн эдүгээ Монгол руу тэмүүлээд байгааг хорьж боломгүй. Уугуул нутагтаа ирье, монголын харъяат болъё, цугтаа алхая гээд байна шүү дээ. Мундар хутгах гээгүй.  Мөнөөх Депарьдегийн нүүж суугаад байгаагаас огт өөр л дөө. Биднийг санаж сарвайсан сэтгэлийн их нүүдэл нь жинхэнэ нүүдэл болж хувирах цаг айсуй ч байж мэднэ. О.Цагаанзам Монгол Улсын иргэн болмоор байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгасан нь бий. Энэ хүсэлт бол халимаг түмний элгэн их дуулал юм. Үгүй ээ гээд буцаах эрх бидэнд байхгүйг түүхийн гашуун өгүүлнэ. С.Назарбаев ерөнхийлөгч болонгуутаа дэлхийн казахуудыг урин дуудсан. Манайхаас нэлээд казах иргэн очсон нь бий. Энд үлдэгсэд нь голдуу хэрэйд овгийнхон л доо. Жалайр, хонгирадууд нь С.Назарбаевын өмгөөлөлд багтсан. Одоо Казахстаны хүн амын 40 хувь нь байсан казахууд оросуудаасаа арай олон тоотой болоод байгаа. Нутгийн хойгуур оршдог оросууд  тусгаар тогтнох гээд айлгаад байснаас үүдэж нийслэлээ Астанад шилжүүлсэн хэрэг. Бид С.Назарбаев эрхмийн бодлогыг хааяа нэг “уншиж” үзүүштэй цаг ирсний дохио нь О.Цагаанзамын хүсэлт юм. Алдарт туульч эрийн монголд байн байн ирж буцаж байгаа нь халимагуудын илгээлт шүү дээ. Ойрадуудын гашуун түүхийг  сануулна. “Ээж минь”-ийгээ зүгээр нэг дуулсангүй. Дуучин С.Жавхлан саваагүйтэж “Төрлмүд минь” ая дууг өргөөгүй. Халимагууд уугуул нутаг, цус нэгтэн биднийг санадаг, хайрладаг, бахархдагийгаа “Элэг урсана” хэмээдэг гэж О.Цагаанзам өгүүлж билээ. Тэгэхээр бид элгэн сэтгэлээ гээж болох уу. Элстэй хотоо тойрон элсэнд шингэх шиг бүдгэрэхийг нь үзэх гэж үү. Тэд маань оросжиж дууслаа. Тод бичгээ ч таталж бичих нь ховорджээ. Үүнийг харсан бол Ойрадын Зая бандид Намхайжамц хэрхэх бол. Ингэхгүйн төлөө Хоо өрлөг ноён цусаа залгин тулалдаанд эрсдсэн билээ. Чих дэлссэнээр бол 4000 гаруй халимаг Монголын иргэн болж энд суурьшихад бэлэн хэмээжээ. Тэд олон ястны өлгий баруун Монголын хаа нэгтээ сумын статустайгаар оршиж болно. Тосгон байгуулж, түүх соёл, хэл, ёс заншлаа дээдлэн, амиа чирэх эсэх нь тэдний ч, бидний ч амь цог байх учиртай.

 

Тэд биднийгээ л гэж тэсч, тэвчиж ирсэн юм. Тэгж ч яваа юм. Хэрвээ манайх давхар иргэншлийн хуультай болбол язгуур  шинж нь арай илүүтэй халимаг, буриад, тува нараас ч Депарьде, Цагаанзамтангууд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Ийм хуульгүйгээс болж Европ, Америкт олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудын үр хүүхдүүд харийн иргэн болж байна. Миний уран бүтээлийн садан, эр хүнийхээ хувьд найз явсан хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсан сэтгүүлч хүн байна даа энэ талаар бичээч гэдэг байсан сан. Сүмоч Н.Цэвэгням японы, буудлагын Г.Мөнхбаяр Германы иргэн болох үеэс л эхэлсэн халаглал. Энэ нь зөвхөн гадаадад буй монголчуудын асуудал төдий бус. Бидний, монгол үндэстний эмзэг сэдэв болоод эхэлжээ. Төрийн тэргүүнээс эхлээд хууль батлагчид анхаарвал ямар вэ. Наран ургах зүг рүү, наашаа гэсэн халимагууд минь. Цөөн хэд нь ч атугай ирж цөхрөл гунигаа тайлаасай билээ.

 

Ижил мөрөн урсана

Элэг урсана.

Их Монгол тосно

Элэг татна.

 

 

Б.Цогнэмэх


URL:

Сэтгэгдэл бичих