Иргэн бүр 536+1 давуу эрхийн хувьцаа эзэмших нь

Монгол Улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болсон. Тэгвэл 536+1 буюу давуу эрхийн хувьцааг иргэн бүрт нэмж олгохоор болоод байна. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар баталгаажих аж.

Төрийн өмчийн хорооноос Засгийн газрын өчигдрийн хуралдаанд оруулсан дээрх санал дэмжигдсэн, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн сайд нар үзжээ.

Ямартай ч гурван сая ширхэг давуу эрхийн хувьцаа гаргахаар урьдчилсан байдлаар шийдвэрлээд байгаа гэнэ. Монгол Улсын нийт хүн ам 2.8 сая орчим гэж тооцжээ. Харин үлдсэн 200 мянган ширхэг хувьцаа нь шинээр мэндлэх иргэдэд хуваарилагдах аж. Улсын хэмжээнд жилд 50-60 мянга орчим шинэ иргэн мэндэлдэг тул дээрх хувьцаа ойрын 4-5 жилд хүрэлцээтэй хэмээн тооцоолжээ.

Хэрэв дээрх саналыг Засгийн газар баталж, тогтоол гаргавал, Монгол Улсын иргэн бүр хоёр төрлийн хувьцаа эзэмших эрхтэй болно. Давуу эрхийн хувьцаанаас Монгол Улсын иргэн жил бүр ногдол ашиг хүртдэг давуу талтай.

Мөн энэхүү давуу эрхийн хувьцаанаас 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мэндэлсэн шинэ иргэддээ эзэмшүүлэхээр төсөлд тусгасан талаар ТӨХ-ын дарга Т.Сугар мэдээллээ. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн энгийн хувьцааг 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө мэндэлсэн Монгол Улсын иргэн бүр эзэмших эрхтэй байхаар Засгийн газрын тогтоол батлагдсан юм. Учир нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд олгохдоо хүн амын тооллогын дүнг баримталж, дээрх нэг иргэнд 536 ширхэг хэмээн гаргажээ.

Харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд Оюутолгой, Тавантолгой болон стратегийн ач холбогдолтой гэж үнэлэгдсэн ашигт малтмалын томоохон орд газруудын төрийн өмчийн хувийг эзэмших “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг эзэмших аж.

Давуу эрхийн хувьцааг бусдад арилжаалах, өвлүүлэх, бэлэглэхийг хориглосон тул зөвхөн ногдол ашиг авах боломжтой аж. Харин ” Эрдэнэс Тавантолгой “-н хувьцааны хувьд Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, хувьцааг нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, үнэ нь тогтсон үед иргэд хувьцаагаа арилжих, өвлүүлэх, бусдад бэлэглэх эрх нь нээлттэй.

Л.Нинжсэмжид

“Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих