Ганц худагт тавтай морил – үлгэр үргэлжилсээр

Энэ үгийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч  Н.Энхбаярыг хуучин Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр хорих анги руу өчигдөр орой 22.10 цагийн үед ачсан талаар эх сурвалж мэдээллээ. Сүүлийн жил гаруй хугацаанд гэрээсээ  хорих, мөрдөн, эмнэлэг гээд ийш тийш “шидэгдсэн” Энхбаярыг чухам ямар учраас түүнийг Ганц руу ачсан нь тодорхой бус байна.

 

Ачлагыг ээжүүд өлсгөлөн зарласан, ер нь эмх замбараагүй байдал үүсэж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс  Монголдоо хамгийн “чанга” гэгддэг тэр дундаа сэжигтэний аюулгүй орчин бүрдээгүй гэгдээд хаагдаж буй Ганцад хатуу харуул хамгаалалтын доор шилжүүлсэн гэх таамаг гарч эхэллээ. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэх нь хэмээн намынхан нь хүлээж байсан.

 

Учир нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2002 онд батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 313/316 тушаалаар баталсан “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” журмыг хүчингүй болгосон юм.

 

Хэрвээ уг хүчингүй болгосон журмыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бүртгэж авбал Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх байсан юм. Гэвч түүнийг өчигдөр Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс хуучин ганц худаг рүү ачжээ.

 
Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүл гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол өлсгөлөн зарлаж буй ээжүүд тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөнд шилжихээ мөн мэдэгдээд байгаа билээ.
Д.Сүх

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих