Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Өчигдөр Статистикийн салбарын хамт олны удирдах ажилтаны зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд Үндэсний статистикийн хорооны удирдлагууд газар хэлтсийн дарга нар, ахлах шинжээчид, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга нар оролцож байна. Зөвлөгөөнөөр 2012 онд хийсэн ажлаа дүгнэж 2013 онд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлын талаар ярилцах юм.

 
Зөвлөгөөний ажиллагааг нээж ҮСХ-ны дарга С.Мэндсайхан үг хэлж, Үндэсний статистикийн салбарын 2012 оны үйл ажиллагаа, цаашдын зорилт, нийслэл, аймгийн статистикийн газар хэлтсийн ажлын дүнгийн тухай танилцуулга, илтгэл хийлээ. Өнгөрөгч онд ҮСХ–ны хамт олон Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх Улаанбаатар хотын бүлэг байгуулах санаачлага гаргаж, НҮБ-ын Статистикийн комиссын 43 дугаар чуулганаар батлуулж, 2012 оны 8-р сарын 20-21-нд анхдугаар хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулав.

 
“Статистикийн мэдээллийн сангийн менежмент,  үйлчилгээний систем – МОНСИС” төслийг БНСУ-ын Статистикийн газартай хамтран хэрэгжүүлж, статистикийн онлайн мэдээллийн сангийн удирдлага, тархаалтын системийн программ хангамжийг 2012 оны 8 сард ашиглалтанд орууллаа…

 
“СТАТИСТИК-2012” Үндэсний Зөвлөгөөнийг 2012 оны 08 сарын 09-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.   Мал, тэжээвэр амьтдын тооллогын программыг онлайн орчинд боловсруулж, анх удаа сумын түвшинд онлайнаар шивэлтийг хийсэн. Дэлхийн банктай хамтран 2011 оны ядуурлын үзүүлэлтүүдийг индексийн аргаар тооцон, Ядуурлын дүр төрх тайланг бичиж, тархаалтын семинар зохион байгууллаа.

 

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ядуурлын үзүүлэлтийг аймаг, сум, дүүргээр нарийвчлан тооцох өргөн цар хүрээтэй ажил хийлээ. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнд үндэслэсэн 12 төрлийн сэдэвчилсэн судалгааг англи хэлээр, аймгуудын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын нэгдсэн дүн, хүн амын хэтийн тооцоо ном, товхимолыг хэвлэн гаргасан.

 
Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдлын 2008-2011 оны танилцуулгыг гаргаж, УИХ-ын гишүүд болон хэрэглэгчдэд  тархааж, олны хүртээл болгосон зэрэг томоохон ажлыг 2012 онд хийж бүтээсэн жил байлаа..
ҮСХ-ноос Нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн хамт олны өнгөрөгч онд хийж бүтээсэн ажлыг үнэлж Тэргүүн байрыг  Баян-Өлгий аймгийн статистикийн хэлтэс, удаах байруудыг Өвөрхангай, Орхон, Сүхбаатар, Завхан аймгийн статистикийн хэлтэс шалгарлаа. Статистикийн байгууллага 2013 оныг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгохоор зарлалаа.

 
Статистикийн салбар 2013 онд эдийн засгийн статистикт олон улсын нийтлэг, шинэ стандартыг нэвтрүүлэх бэлтгэлийг бүрэн хангах, нийгмийн статистикийн үзүүлэлтүүдийн цогц байдлыг бүрдүүлж, судалгааны уялдааг хангах, төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоонд уялдсан салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулж, статистикийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, тархаах шинэ технологи нэвтрүүлэх, чанарын удирдлагын механизмыг бүрдүүлэн нэвтрүүлж эхлэх зэрэг зорилго, зорилтуудыг өмнөө тавин ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих