Үзээгүй байхад үнс болсон хувьцаа минь хаачив
Өнгөрсөн хавар Монголчууд нэг их хэцүү сонголттой тулгарч, удтал тунгаасны эцэст шийдвэр гаргаж байв.
Амтай бүхэн сая төгрөг, 1072 ширхэг хувьцааны алийг нь авах гэж байгаа тухайгаа өөр хоорондоо ярилцаж, өнөө маргаашгүй бэлэн мөнгөтэй болох гэж байгаа юм шиг хөөрцөглөж байсан нь нүдэнд харагдаж байна.
Эвий дээ, итгэмтгий гэнэн, ядуу, хөөрхийлөлтэй ард түмэн минь. Хувьцаагаа сонгосон нь өнөөдөр биш ч ирээдүйд би биш үр хүүхэд минь мөнгөтэй, амьдрал нь баталгаатай болно гэж “додигор” сууж байлаа. Харин бэлэн мөнгөө сонгосон нь сая төгрөгөө авахаар өгнө гэж ах, дүү, хамаатан саднаасаа өр зээл тавьж байсан нь саяхан.
Энэ бүхэн ердөө зургаахан сарын өмнө буюу Сү.Батболдоор толгойлуулсан өмнөх Засгийн газрын үед болсон явдал. Харин өнөөдөр энэ бүхэн зэрэглээ мэт замхарч, ард түмний хүсэл, мөрөөдөл, төлөвлөгөө үнс болон салхинд хийслээ.
Юун нөгөө 1072 ширхэг хувьцаа, яасан өнөөх сая төгрөг. Зүгээр л та бид өнгөрсөн УИХ-ын сонгуулийн амлалт, шоу, улс төрийн ээлжит тоглолтын золиос болсон нь энэ. Одоо болтол иргэд сая төгрөгөө биш юм аа гэхэд ядаж 1072 ширхэг хувьцаагаа авчих юмсан хэмээн горьдож, амласан юм чинь өгөх байгаа гэх итгэл тээж яваа.
Харин бодит амьдрал дээр байдал ямар байгаад саяхан болж өнгөрсөн эдийн засгийн байнгын хорооны хурал дээр яригдсан асуудал хариулт өгчих шиг болов. Учир нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн долоон тэрбум төгрөгийн асуудал сөхөгдсөн билээ. Тодруулбал, нэг бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй автомашины тухай яригдсан юм. Улмаар ҮХАА -н сайд Х.Баттулга энэ талаар тодруулж байв.
Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь хэлэхдээ “Ашиглах боломжгүй долоон тэрбум төгрөгийн эд бараа байгаа. Уурхайн үйл ажиллагаа эхлэхэд ашиглах зорилгоор хүнд даацын тус бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй 10 авто машиныг авсан. Гэсэн ч чанар стандартын шаардлага хангахгүй, ашиглагдахгүй авто машинуудаас гадна тав орчим тэрбум төгрөгийн үнэтэй дугуй байгаа. Эдгээр нь бүгд ашиглах боломжгүй” гэдгийг хэлж байсан юм.
Харин долоон тэрбум төгрөгийн “сэг”-ийг ямар учраас компанид авсан талаар холбогдох хүмүүсээс нь асууж, шалгахад тендер зарлаж, шалгаруулж авсан нь илэрсэн гэх. Үүнээс гадна Хятадын төрийн өмчит “Чалько” компанид олборлосон нүүрсээ зах зээлийн ханшаас хэд дахин хямд үнээр борлуулах гэрээ байгуулсан гэх.
Юун бидний ирээдүй хойч хувьцааныхаа үр шимийг хүртэх. Аль хэдийнэ өрөнд баригдаж, өтөнд идэгдчихэж. Үүнээс гадна 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй хаана ч явдаггүй 10 гаруй том машины “сэг”. Хаана ч хэрэггүй ямар ч машинд таарахгүй хоёр тэрбум төгрөгийн дугуй, юунд ч таарахгүй запас, сэлбэг. Энэ гурав нийлээд л хамгийн багадаа зургаан тэрбум төгрөгийг бидний өмч гэж шахсан байна. Ийнхүү уул уурхай хэмээх мөрөөдлөөр жигүүрлэж, Тавантолгой хэмээх найдварыг сэтгэлдээ тээж явсан Монголчуудын сэтгэл рүү Сү.Батболд тэргүүтэй өмнөх Засгийн газрын эрх баригчид ус цацлаа.
“Эрдэнэс-Тавантолгой” компани өнөөдөр үйл ажиллагаагаа идэвхтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Үүгээр ч зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” компани Гашуун Сухайтын хилийн боомтын дэргэдэх Цагаан хаданд нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа явуулдаг “Алтан говь” компанид үйлчилгээний төлбөрөө өгч чадахгүйд хүрснээс нүүрс тээвэрлэлт зогсчээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас нүүрс буулгах, ачих үйл ажиллагаа зогссон аж. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээвэрлэлт ийн зогссоноос болж Хятадын талд ч сул зогсолт бий болж, асуудал үүсээд байгааг иргэд мэдээлж буй. Харин Шинэчлэлийн Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компанид санхүүгийн дэмжлэг үзүүлж, төслийг урагшлуулахын тулд Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгохоор 148 дугаар тогтоол гаргасан ч зээл олголт удааширснаас “Эрдэнэс-Тавантолгой” компанид бэрхшээлтэй асуудлууд ар араасаа тулгарсаар байгаа юм. Хэрвээ Засгийн газраас төслийг нэн яаралтай дэмжиж, санхүүжилтээ өгөхгүй бол тус компанийн нүүрс олборлолт ч хэзээ мөдгүй зогсоход хүрчээ.
Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Ачааны хүндийг ард түмэндээ үүрүүлчихээд, ирээдүй хойчдоо өр үлдээх үү. Үзвэл үнс, харвал хальс болно гээд харуулахгүй байсаар нэгэн хөрөнгөө хог болгосон тухай нэгэн домогт өгүүлдэг. Үзээгүй байхад үнс болсон 1072 ширхэг хувьцаа минь.
Х.Өнөржаргал
URL: