Эрх Баригчдын ”Өшөө Авалт”
Олон жил МАН засгийн эрхэнд байсан бол өнгөрсөн жилийн сонгуулиар АН олуулаа болж засаг байгуулсан. МАН засгийн эрх барьж байсан он жилүүдэд АН-ынхан тэднийг коммунистууд гэж шүүмжилдэг байсан ч эрх мэдэлд дурлан ичихгүй “коммунистууд” гэж өөрсдөө нэрлэдэг МАН-ынхантай хамтран нэг засгийн газарт орж ажиллаж байсан удаатай. Уул нь тэр үеэс л Ардчилагчдын гууль цухуйсансан.
Үйл явдлыг нэхэн санавал, 2008 оны сонгуулийн үр дүнд МАН дангаараа засаг байгуулах эрх зүйн нөхцөл орчин бүрдсэн ч, сонгуулийн дараа болсон 7 сарын 1-ны олон нийтийг хамарсан эмх замбараагүй үйл явдлаас болж, МАН-ынхан АН-ыг засаг байгуулахад хамтран оролцохыг урьсан. АН-ынхан ч энэ урилгыг хүлээн авч, хамтарсан засгийн газарт 4 жил гаруй ажиллаад, жилийн өмнө буюу сонгууль болохоос 5 сарын өмнө хамтран ажиллаж байгаа засгаас гарахаа мэдэгдсэн. Тэд Засгаас гарахдаа МАН-ынхныг элдвээр шүүмжлээд л орхицгоосон.
За энэ ч яах вэ, өнгөрсөн явдал. Харин одоо юу олж байна вэ?
Ард түмний ихэнх нь 2012 оны сонгуулиар АН-д итгэл үзүүлсэн. Харамсалтай нь ард түмний итгэл найдварыг АН-ынхан хагас жилийн дотор алдаж эхлэлээ. Эрх мэдэл ганц хоёр улс төрчийг бус бүхэл бүтэн намыг эвддэг бололтой.
Ярих хэлэх бүрдээ, ардчилал, хүний эрх, шударга ёс гэх ардчилагчид Ардын намынхнаас илүү ардчилсан бус шийдвэрүүд гаргахыг иргэд сонгогчид нүдээр үзэж, чихээрээ сонслоо. Орон нутгийн сонгуулийн үр дүнд зарим аймгуудын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь МАН-аас бүрдэн, ИТХ-аа хуралдуулан аймгийн Засаг даргаа сонгоод, Ерөнхий сайдаар батламжлуулан томилдог хуультай. Гэтэл зөвхөн МАН-ын Засаг дарга гэдгээс нь болж Ерөнхий сайд 2 сар гаруйн хугацаанд тэднийг батламжлахгүй байгааг ардчилсан сонгуулийг, ард олны сонголтыг үл хүндэтгэсэн хэрэг гэхээс өөр юу гэж үзэлтээ билээ.
Тэд эрх мэдэлдээ ташааран, төрийн албыг “төрлийн” алба болгохыг эрмэлзээд зогсохгүй, хувийн өс хонзонгоо тайлах мэт төрийн албаар дайжигнаж, төрийн мэргэшсэн албан хаагчдыг цомхотгол нэрээр олноор нь халж солин, эгэл олныг үл тоосон, басамжилсан шийдвэрүүдийг удаа дараалан гаргах боллоо. Тэдний энэ дураараа авирлах үйлдлийг АН-ын төлөө гэсэн итгэл сэтгэлтэй АН-ын жирийн гишүүн, нам нэгт нөхдүүд нь ч ойлгохоо байгаад, сүүлдээ АН-ынхан МАН-д олон жил “дарлуулсныхаа” өшөөг авч байгаа бололтой гэж таамаглахад хүрлээ.
Ардчилсан хэмээх нэртэй ч ардчилал огт байдаггүй БНАСАУ /Хойд Солонгос улс/ мэт бүхнийг төрийн хяналтанд байлгахыг эрмэлзэх боллоо. Хэн, хэзээ машин унахыг, ямар замаар явахыг, ямар өдөр машин унахгүй байхыг, хаана тамхи татах, татахгүй байхыг, үзэл бодлоо сэтгэгдлээр дамжуулан чөлөөтэй илэрхийлэхгүй байхыг, цалин нэмэхээр инфляци өсөж байгаа учраас цалин нэмэхгүй байхыг, иргэний хувийн өмчийн газар нь хороолол барих төлөвлөгөөнд багтсан бол албадан чөлөөлүүлэхийг АН-ын засгийн газар ард иргэдэд тулгалаа. Ийнхүү өөрсдийгөө ардчилагчид гэх АН-ынхан иргэдийн ХАРАХ НҮДИЙГ ХАЛХАЛЖ, ХЭЛЭХ ҮГИЙГ НЬ БООГДУУЛАХ боллоо. Тэд ажил хийж байгаа дүр хаа сайгүй харуулан, амралтын өдөр ч хамаарахгүй ажиллаж байгаа дүрийг олон нийтэд харуулахыг эрмэлзэж,TV, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрсдийнхөө төлөө ажиллахыг шаардах боллоо.
Шинэчлэл, хөгжил гэж ярих ч үнэндээ ард түмний эрхийг боомилсон, хөгжлийг хүчээр тогтоохыг оролдсон оролдлого газар авлаа.
Хамгийн аюултай нь ардчилагчдын иймэрхүү “коммунист” шийдвэрийг эсэргүүцэгчдийг тэд толгой дараалан “хянах”-аар зэхэж байна. Энэ бүхний дараа иргэд сонгогчид АН-ынхыг ардчиллын төлөө, ард түмний төлөө ажиллаж байна уу гэдэгт эргэлзэхэд хүрлээ.
Ц.Мөнхбаатар
Ugluu.mn
URL: