“МИАТ” компани “Дайны эрсдэлийн даатгал”-ын 700 сая ам. долларыг угаажээ
Монголын ард түмэн хорвоогийн бор өдөр хоногуудыг өнгөрөөсөн болж явах зуур эрх мэдэлтэй “цагаан захтан”-уудын улсаа худалдчих шахсан луйвар, хээл хахууль, мөнгө угаасан гэмт үйлдлүүд галзуурч байна цаана чинь. Өнөөдөр төрийн өмчит “МИАТ” хэмээх нүсэр компани ямар зарлага гаргаж, жилдээ хэчнээн тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг үнэн бодит тоог жирийн иргэд байтугай энэ салбарыг хариуцсан сайд нь ч сайн мэдэхгүй. Тэгвэл жирийн иргэдийн хэзээ ч сонсож байгаагүй санхүүгийн асар том луйвар, мөнгө угаасан гэмт үйлдлийг “МИАТ” компанийн үе үеийн удирдлагууд нууцалсаар өнөөдрийг хүрчээ.
Одоохондоо монгол төрийн мэдэлд байгаа “МИАТ” компанид “Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам.долларын хуримтлал байдаг аж. 2004 оноос хойш хуримтлагдсан энэ их мөнгө нь болзошгүй дайны үед “МИАТ” компани захиран зарцуулах эрхтэй хуримтлал гэнэ.
Гэтэл хэн ч мэддэггүй даатгалын энэ их мөнгийг “МИАТ”-ийн удирдлагууд бас л хэнд ч мэдэгдэлгүй манай улстай агаарын замаар харилцдаггүй орнуудын санхүүгийн данс болон Японы нэгэн томоохон компани руу шилжүүлэн угааж ашиг олдог байжээ. Одоогоор ямар улсуудад мөнгө угаасныг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй ч Японы компанийн тухайд асуудал тодорхой болж нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан
Ямартай ч “дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам. долларыг дор хаяж зургаан жил гадны данс руу шилжүүлэн эргэлдүүлж ихээхэн ашиг олж байсан бусармаг хэрэг ил болж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
Жилд 139 тэрбум төгрөгийн зардал гарган 130 тэрбумын орлого олж есөн тэрбумын алдагдалтай ажилласан хэмээн удирдлагууд нь мэдэгдэж байсан “МИАТ” компанийн ард ийм л томхон санхүүгийн луйвар явж байдаг юм байна.
Монголын агаарын тээврийн 58 хувийг хянаж байдаг “МИАТ” компани олон улсын нислэгээр зорчигчдод тараадаг байсан өдөр тутмын сонингуудыг онгоц руу оруулахаа байснаа “төсөв мөнгө хэмнэх арга” хэмээж байсан нь саяхан.
Үнэн хэрэгтээ төсөв, мөнгө хэмнэхээсээ илүүтэй өдөр тутмын хэвлэлээр гардаг булхай, луйвраа зорчигчдоос нуун далдлахын тулд тэдгээр сонингуудыг онгоцонд оруулахаа больсон билээ. Нэг сониноос 200-300 ширхгийг захиалахад жилд 10 орчим сая төгрөгийн зардал гарна.
Олон улсын нислэгээр зорчигчдын шинэ, соргог мэдээлэл авах эрх чөлөөг 10 гаруйхан сая төгрөгөөр хавчин гадуурхах мөртлөө гадаад улс орнуудад 700 сая ам. доллар угааж асар их ашиг олж байсан “МИАТ”-ийн удирдлагуудыг чухам юу гэж дүгнэвэл зохилтой вэ.
Сүүлийн үед төрийн халаасанд гараа дүрж, түмний хөрөнгийг дэндүү ихээр хулгайлан завшигчид үнэндээ галзуурч байна. Монгол төр хэрвээ байгаа бол ханаж цадахаа умартсан хулгайч, луйварчингуудад “төмөр нүүр”-ээ үзүүлж хатуу чанга шийтгэлээ оногдуулах цаг болсон.
2004 оноос “МИАТ” компанид хуримтлагдсан “дайны эрсдэлийн даатгал”-ын 700 сая ам. долларыг гадаадад эргэлдүүлэн угаасан гэмт этгээдүүдийн талаар “МИАТ”-ийн захирал асан Ц.Орхон, одоогийн гүйцэтгэх захирал, гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан нар байр сууриа илэрхийлэх ёстой. Энэ талаар бид эргэн мэдээлнэ.
Д.Түвшин
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: