МАХН-ын эмгэнэлт жүжиг инээдмийнх болж хувирав

Хэн нэгэн нь өлслөө гээд Монголын шүүхийн шийдвэр хүчингүй болно гэж үү. Эсвэл Ерөнхийлөгч байсан хүн юм гээд энэ удаад өршөөх юм уу. Тийм зүйл гэж байхгүй. МАХН-ынхан үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдсээр байж, ээж нарын амийг дэнчин тавин байж, ийм зүйл хийж байгаа нь дэндүү харгис биш гэж үү. Өлсгөлөнд өчигдөр дөрвөн ээж нэмэгдлээ л гэнэ. Ингээд нийт 14 ээж болж байна. Өмнөх есөн ээж 128 цаг болж байгаа бол дөрвөн ээж өчигдрийн байдлаар зургаа орчим цагийг өлсөж өнгөрөөлөө. Өнөөдөр ээж нар өлсөж байна, маргааш хэн нэгэн нь ухаан алдаж унах, эсвэл бүр муугаар бодоход өөд болчихвол яах юм бэ. МАХН-ынхан хариуцлага хүлээх юм уу. Ер нь тэгээд хүний амь нас яригдаж байхад мянга хариуцлага хүлээгээд яах ч юм билээ. Хүний амь эргээд ирэхгүйгээс хойш.

“Н.Энхбаярын төлөөх одонтой ээжүүдийн өлсгөлөн” гэх инээдтэй, бас эмгэнэлтэй улс төрийн шоу. Аливаа шоу, жүжигт эхлэл, төгсгөл байдаг. Гэтэл шоу өнөөдөр арай л хэрээс хэтрээд, эцэс төгсгөлгүй болоод байх шиг. Намын дарга Н.Энхбаяр нь одонтой ээжүүдэд хандан захидал бичээд “Битгий өлсөөч” гэж гуйсан. Гэвч ээжүүд “Өлсгөлөнгөө зогсоохгүй” гэж нүдэндээ нулимстай гөжүүдлээд л. Н.Энхбаярыг зүгээр л өмгөөлөх үүрэгтэй өмгөөлөгч нь хүртэл захидлыг нь уншингаа хоолой зангируулж ч байх шиг. Өлсгөлөн зарласан ээжүүд эхэр татан уйлаад л. Үнэндээ инээдтэй харагдсан. Жүжиг хэрээс хэтрээд, эсвэл хэт үнэмшилгүй болоод ирэхээрээ инээд хүргэж эхэлдэг. Уг нь эмгэнэлт драм байх ёстой байтал эсрэгээрээ инээд хүргэж байгаа бол хэтэрхий үнэмшилгүй байгаагийн л шинж шүү дээ. МАХН-ын тавьсан эмгэнэлт жүжиг яагаад инээд хүргэх болсныг тайлбарлая. Н.Энхбаяр шоронгоос захидал бичжээ. Дахин сануулахад захидалд ээжүүдийг өлсгөлөнгөө зогсоогооч гэж гуйсан байсан. Наанаа ээжүүдэд хандан гуйсан мэт боловч үнэн санаа нь намынхандаа л хандаж байгаа хэрэг шүү дээ. Намынхандаа хандаж, “Наад үйл ажиллагаагаа одоо зогсоо” гэж байгаа хэрэг. Хэрвээ жүжиг биш байсан бол намынхан нь шууд л өлсгөлөнг зогсоохоор байлаа. Гэтэл харин ч эсрэгээрээ МАХН-ынхан ээжүүдийг хөнжил, гудсаар хангаж, эмч нарын байнгын хяналтад байлгаад л. Их сүртэй. Ээжүүд ч ялгаагүй. Эцсийн эцэст тэдгээр ээжүүд төрсөн хүүгийнхээ төлөө өлсөж үзээгүй л байгаа шүү дээ. Тийм байж, Н.Энхбаяр шоронгоос үнэн худал нь мэдэгдэхгүй захидал бичсэний төлөө эхэр татан уйлалдаад л. Дэндүү үнэмшилгүй байгаа биз дээ.

“Хэрвээ ингэж байгаад ээжүүдэд “муу юм” тохиолдвол МАХН-ын гишүүдийг бүгдийг нь УИХ-аас буцаан татвал таарна”

Үнэмшилгүй, инээдмийн болоод эмгэнэлт дра­мын гол зорилго нь юу байсан бэ. Ердөө л Н.Энхбаярыг “ард түмний хүү” мэтээр харагдуулах гэсэн зорилготой. Түүний төлөө Монголын мянга мянган ээж санаа зовж байгаа гэх мэтээр шоу хийж байгаа юм. Хэрвээ үнэн байсан бол Н.Энхбаярыг хүндлэхсэн. Нөгөөтэйгүүр МАХН-ын тавьсан жүжиг үнэмшилтэй байсан бол бас өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрөх байв. Гэхдээ намын дарга нь, намын гишүүд, өлсгөлөн зарлагчид бүгдээрээ нийлээд л харваас худлаа, инээдмийн жүжиг тоглоод байна. Бичсэн захидал, түүнийг уншиж байгаа өмгөөлөгчийн үйлдэл, ээжүүдийн ярьж, хэлж байгаа гээд бүгдээрээ тэр чигтээ “инээдэм”. Тэд энэ жүжигтээ ард түмнийг итгэнэ гэж бодсон байх. Гэхдээ ард түмэн тэнэг биш гэдгийг мартсан бололтой. Ард түмэн хэн нь худлаа ярьж, хэн нь үнэн яриад байгааг мэддэг. Бас хэн нь шоудаад, хэн нь үнэхээр ард түмний амьдралын төлөө ажил хийх гээд байна вэ гэдгийг таньдаг юм. Одоо лав МАХН-ыг өнгөрсөн сонгуулиар дэмжсэн дэмжигчид нь хүртэл нүүр буруулсан байгаа гэхэд эргэлзэхгүй байна. Тэд МАХН-ыг төр бариасай гэж сонгосон болохоос биш улстөрийн утгагүй жүжиг тоглоосой гэж сонгоогүй биз ээ. Хэрвээ ингэж байгаад ээжүүдэд “муу юм” тохиолдвол МАХН-ын гишүүдийг бүгдийг нь УИХ-аас буцаан татвал таарна.

 

Л.Энхдэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих