Ардчилсан засгийн газар 20 телевизийг хоморголон хаах гэнэ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ ХУВЬД 1937 ОН ЭХЭЛЛЭЭ-

 

Харилцаа холбооны зохицуулах газраас 20 телевизийг хаах шийдвэр гаргахаар санал нэгджээ.  Ийм шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт хурлаараа шийдсэн бөгөөд энэ долоо хоногт телевизүүд рүү албан тоот хүргүүлэх гэнэ. Шалтгаан нь техникийн бүрэн бус байдал, оюуны өмчийн хууль гээд бас бус шалтаг тоочих бололтой. Энэ шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд зарим телевизийг нэг сараар, заримыг нь хоёр сараар, бүр гурван сараар хаах гэнэ. Энэ хооронд таван мянган  долларын үнэтэй камераа 50 мянган долларын үнэ бүхий техникээр солих шаардлага тавих аж. Нэг сар байтугай нэг жилийн дотор энэ үүргийг нь биелүүлж чадах нь  байгаа бил үү.  Ядуу, аль нэг олигархийн халаасанд ороогүй ядарсан телевизүүд хүссэн ч эс хүссэн ч  мөнгөтэй баян улстөрчийн халаас руу гулсан орох замыг ийнхүү нээж өгөх нь ээ.

 

Ингэж тэртээ 23 жилийн өмнө   Ардчилсан нам өөрсдөө авчирсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөө өөрсдийн гараар боомилох гэж байна.  Мэдээж тэд  шаардлагаа   маш гоёор тайлбарлах биз. Даанч телевизүүдэд шалгалт явуулж, сайтуудын сэтгэгдлийг хаах талаар сануулга өгөөд, УИХ-аар сэтгүүлч эзэнтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг боомилох хуулийн төсөл оруулж ирээд байсан юм.  Монголын түүхэнд, аль ч Засгийн газрын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дөрөв дэх засаглалыг ингэж хоморголон “будаа болгох нь” бүү хэл ад үзэж байгаагүй юм шүү. Ганцхан удаагийн тохиолдлоор МҮОНТВ-ээс бусдыг нь хааж байсан. Энэ нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн балгаар улс орны хэмжээнд онц байдал зарлаж, арилжааны телевизүүдийг түр хугацаагаар эфирийг нь хааж байсан түүхтэй. Энэ хооронд мэдээллийг хэрхэн гуйвуулж байсныг бүгд андахгүй. Харин одоо  техник, оюуны өмчийн шаардлага нэрээр өөрсдөдөө таалагдахгүй, аль ч намыг даган баясдаггүй суваг, телевизүүдийг нугасалж авах бололтой.

Улс оронд болж байгаа болохгүй бүтэхгүй зүйл, улстөрчдийн булхай луйвар, бузар хэргүүдийг сэтгүүлчид илчилдэг. Харин үнэнийг бичсэнийхээ төлөө бусдад адлуулж, хараалгуулж, зүхүүлж, доромжлуулж, шоронд хоригддог. Гэхдээ бид тоодоггүй ээ. Авдаг цалин, хийдэг ажил хоёроо харьцуулаад ганц удаа ч болов гоншгонодоггүй. Сэтгэл зүрхээрээ энэ мэргэжилдээ, дуртай, бас хайртай юм.

Ардчилсан төр, ардчилсан засаг, ардчилсан нийгэм, ер ардчилсан тодотголтой бүхэн нийлж байгаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нухчин дарахаар давшихын учир юу вэ.  Удахгүй хэдэн өдөр тутмын сонингуудыг бас хаах юм байна л даа. Гэхдээ мэдээж сэтгүүлч эзэнтэй, ардаа “том хүнгүй”, бор зүрхээрээ яваа, жинхэнэ дөрөв дэх засаглалынхаа үүргийг биелүүлж байгаа телевиз, сонинуудыг хаагаад байх юм бол хэвлэлийн эрх чөлөө нь хаанаа үлдэх вэ. Ингэж наргиулахгүйн тулд бид энэхүү мэдээлллийг албаны болон найдвартай эх сурвалжаас авч цацлаа. Хэрэв энэ шийдвэрээ  телевизүүдэд тулгах юм бол сэтгүүлч, уран бүтээлчид нэгдэж камераа үүрээд гудамжны тэмцэлд бэлэн байгаагаа үүгээр дуулгаж байна.

 

Хэсэг уран бүтээлчид

 

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих