Талибанчууд пакистаны засгийн газрыг дахин сүрдүүллээ

-ХАМГИЙН СҮҮЛД ХИЙСЭН ХАЛДЛАГААР НИЙТ 115 ХҮНИЙ АМИЙГ ХОРООЖЭЭ-

 

Талибанчуудын халдлага, терро­рист ажиллагаа идэвхжиж байна. Тэд Пакистаны зүүн өмнө зүгт байрлах Кветта хотод террорист ажиллагаа явуулсан. Өнгөрсөн амралтын өдөр болсон халдлагын үеэр нийт 115 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархдсан талаар CNN агентлаг мэдээлсэн. Халдлага Кветта хотын орон нутгийн захиргааны байр, олон хүн ам цугласан хүнсний зах, нийтийн тээврийн эцсийн буудлуудыг байгаа болгосон юм. Амиа золиослогчид гэх хүмүүсийн тоог Цагдаагийн газраас албан ёсоор гаргасан бөгөөд нийт 17 хүн амиа золиосолсон гэдгийг олж тогтоожээ. Ээлж дараалсан халдлагын хамгийн сүүлийнх нь хамгийн их хүний амийг авч одсон аж.

Эхний  дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж, 27 хүн шархадсан бол хамгийн сүүлийн дэлбэрэлтэд 67 хүн нас барсан байна. Амиа алдагсдын ихэнх нь лалын “Шиа” болон “Сунни” хэт туйлшрагчдын бүлгийнхэн гэдгийг цагдаагийнхан тогтоосон аж. Уг нь эхний дэлбэрэлтийн дараа цагдаагийн ажилтнууд сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж, сэрэмжлэх арга хэмжээ авсан боловч 15 минутын дараа хоёр дахь дэлбэрэлт болсон юм.

Пакистаны Засгийн газраас өнгөр­сөн аравдугаар сараас хойш талибанчуудын хэд хэдэн тосгоныг анхааралдаа авсан боловч тэдний халдлага улам идэвхжсээр байгаа билээ. Талибанчууд өнгөрсөн аравдугаар сард Малала охин руу халдсанаас хойш ийнхүү гурав дахь том халдлагыг зохион байгуулж чадсан. Тиймдээ ч Пакистаны Засгийн газраас тодорхой халдлага гарах магадлалтай тосгон, суурин газруудад цэрэг армийн хүчнийг нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд болсон террорист халдлагын дараа тус улсын эрх баригчид гурав хоногийн гашуудал зарласан. Амиа алдагсдын ар гэрийн зүгээс Засгийн газарт террорист ажиллагааны эсрэг шийдэмгий алхам хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэд эсэргүүцлээ амиа алдагсдын цогцсыг гэрийнхээ гадаа байлгаж, оршуулахгүй байгаагаараа илэрхийлсэн юм. Тус улсын шашны ёс жаягийн дагуу амь үрэгдэгсдийг тухайн өдөрт нь оршуулдаг уламжлалтай ч засаг захиргаа ямар нэг арга хэмжээ авах хүртэл эсэргүүцлээ илэрхийлэх болно гэдгээ ч онцолсон. Тиймээс Засгийн газрын зүгээс гурав хоногийн гашуудал зарлаж, олон нийтийн үйл ажиллагаа, баяр хөөр болохыг хорих шийдвэр гаргасан.

Харин олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага, НҮБ-ын зүгээс “Талибанчуудтай ямар нэг дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн санал дээр нэгдэж буйгаа дахин мэдэгдсэн. Мөн АНУ-ын зүгээс тус улсад үүсээд буй хүнд нөхцөл байдал, талибанчуудын халдлагатай уялдуулан тус улсын Засгийн газрыг ард түмнээ гэмт бүлэглэлүүдийн халдлагаас хамгаалах шийдвэртэй алхмыг нэн даруй авах хэрэгтэй гэдгийг албан бичгээр мэдэгдсэн.

Пакистан улсын хувьд талибан­чууд ихээр сууршсан хот, тосгоныг хяналтандаа байлгахаас өөр ямар нэг цэргийн гэмээр ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэдгийг ажиглагчид цохон тэмдэглэсэн юм. Учир нь талибанчууд ч гэсэн тус улсын нутаг дэвсгэрийн нэгж, яс үндэстний нэг хэсэг. Ард түмнийхээ өөдөөс буу шагайх нь утгагүй хэрэг тул халдлага үйлдэж байгаа бүлэглэлтэй тэмцэхээс өөр сонголт Пакистаны Засгийн газарт байхгүй бололтой.

Талибанчууд халдлага үйлдэхдээ ихэвчлэн автомашин, нийтийн тээврийг ашигладаг бол энэ удаад  Пакистаны армийн автомашиныг бай болгон сонгосон аж. Хүчнийхэн армийн машиныг хаанаас ашиглах боломж гарав гэдгийг олж тогтоохоор шуурхай ажилласаар байна. Мөн Пакистаны цагдаагийн ажилтнууд, мөрдөгчид хяналтын камеруудыг шүүсээр байгаа талаар BBC агентлаг онцолсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн сүүл­чээр болсон халдлагыг талибан­чууд цахим хуудсанд өөрсдөө хүлээж буйгаа мэдэгдсэн аж. Халд­лага гарсан Кветта хот нь “Балу­чистан” мужийн төв бөгөөд тус мужид исламын зэвсэгт босогчид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг цагдаагийнхан мэдэгдсэн. Шинжээчид “Халдлагыг үйлдсэн этгээдүүд 20-25 килограмм орчим тэсрэх бөмбөгийг алсын удирдлага ашиглан дэлбэлсэн. Гэхдээ ихэнх нь амиа золиослогчид байж магадгүй. Одоо ч өөр нэг газар дахин халдлага гарахыг хэн ч тааж мэдэхгүй. Тиймээс хүчнийхэн анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй” хэмээсэн аж.

Тус улсын түүхэнд болсон терро­рист халдлагууд ихэвчлэн Иран, Афганистан улстай хиллэдэг бүсэд болохыг шинжээчид олж тогтоосон байна. Тиймээс бүс нутгаар нь болон террорист үйл ажиллагаа явуулах магадлалтай мужуудад, дүүргүүдэд хараа хяналтаа өндөр байлгах ёстой гэдгийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдул Аль Кашмир мэдэгдсэн байна.

Дээрх халдлага гарсны дараа Пакистан дахь “Талибан” бүлгийн террористууд “Аль-Кайда” бүлгийн толгойлогч агсан Осама Бин Ладены бэлэвсэн эхнэрүүдийг шийтгэхийг хүссэн Засгийн газрын албан тушаалтнуудын амь насанд халдах болно гэдгээ мэдэгдсэн. Мөн Засгийн газрын мэдэлд байдаг цэргийн бааз, дүрвэгсдийн хоргодож буй хуаран руу ч халдлага хийх болно гэдгээ мэдэгдсэн байна. Засгийн газрын үйл ажиллагаа талибанчуудын халдлага болох газар байсаар байх болно гэдгийг ч анхааруулсан аж. Пакистан дахь “Талибан” бүлгийн төлөөлөгч Ихсануллах Ихса “Халдлага болсоор л байх болно. Бурханы өмнө бүгд гэм буруутай. Үүнийг хэн ч сөрж чадахгүй. Үхэл цаг нь ирэхээр пакистан ч бай афганистан ч бай, бүгдийг нь дуудах болно” гэсэн заналхийллийг Засгийн газарт хуурцгаар илгээсэн аж.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр уг нь “Аль-Кайда” ба “Тали­бан”-ы холбоочинг устгасан. Пакистаны Тагнуулын төв газрын нисгэгчгүй онгоцноос хийсэн дов­тол­гооны үеэр “Аль-Кайда” бүлэг­лэлийн гишүүн Абу Хафс Аль Шаририйг устгасан талаар дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Террорист бүлэглэлийн гишүүн хоёр бүлэглэлийн хооронд холбоочин хийдэг байсан гэдгийг тус улсын Тагнуулын ажилтнууд олж тогтоосон билээ.  Нисгэгчгүй онгоцны довтолгооноор Пакистаны нутагт нийт 2050 террорист бүлэглэлтэй холбоотой хүнийг устгасан гэсэн тоо баримт байдаг аж. Харин эдгээр хүмүүсээс 400 гаруй нь энгийн номхон иргэд байсан гэдгийг мөн тогтоосон юм.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих