Хоригдлуудаа хамтдаа аваръя

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр их буянтай хүн юм аа. Түүнээс болж хайхрагддаггүй байсан хоригдлуудын эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд орж байна. Хаа сайгүй л Н.Энхбаярын төлөө зовсон хүмүүс байх боллоо. Энд ч тэр, тэнд ч тэр Н.Энхбаяр гуайн төлөө санаа зовж, уйлж, унжсан хүмүүсээр дүүрлээ. Тиймээс түүнийг буянтай хүн гэхгүй яах вэ. Хоригдлуудын эрүүл мэндийг хайхардаггүй байсан асуудлыг илрүүлэхэд түүний хувь нэмэр асар их байсан.

Тэр ч бүү хэл Засгийн газрын төвшинд түүний тухай асуудлыг авч хэлэлцэж, түүнийг дагаад олны анхаарлын төвд орсон хоригдлуудын эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж эхэллээ. Бүр цаашилбал 100 алдарт эх Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарлахын далимд хэдэн хоригдлуудын маань нар гарч магадгүй байгаа. Тиймээс зөвхөн Н.Энхбаярын төлөө өлсөж, цангаж байхаар бүх л хоригдлын төлөө өлсгөлөн зарлавал яасан юм бэ, ээж нар аа. Аавын алаг, ээжийн энхрий үрсийн ялгаа юу байх вэ. Эх хүн байж ганцхан хүнийг суллуулахын төлөө өлсгөлөн зарлана гэдэг чинь арай л өрөөсгөл асуудал юм шиг санагдаад байгаа юм. Үүнээс болоод та бүхнийг мөнгө авч өлсгөлөн зарлаж байна гэвэл яана.  Тиймээс хоригдлуудаа хамтдаа аврах аян зохион байгуулбал ямар вэ. Зөвхөн Н.Энхбаяр л зовоод байгаа юм биш шүү дээ, цаана чинь.

Энэ бүхнээс үүдээд ер нь бол зөвхөн олон хүүхэд, төрүүлж өсгөсөн ээж нар өлсгөлөн зарлана гэсэн заалт байхгүй гэдгийг санахад хүрлээ. Тиймээс ээж нарыгаа өлсгөлөн зарла гээд явуулж байгаа хүүхдүүд нь ч гэсэн ээж нартайгаа хамтдаа өлсгөлөн зарлавал ямар вэ. Тэртэй тэргүй ээж тань тэнд өлсгөлөн зарлаад гадаа гандаж, хөдөө хөрч байхад үр нь болсон та ээжийнхээ зовлонгоос хуваалцахад яагаад болохгүй гэж. Энэ бол ээжийнхээ, улс орныхоо, Н.Энхбаяр, цаашлаад хэдэн хоригдлуудынхаа төлөө хийж буй таны буян ч байж мэдэх юм. Боломжийг алдах хэрэг байна уу, та минь ээ. Н.Энхбаярын төлөө өлсөж явсан хүмүүс өнөөдөр ямар байна хар л даа. Өлсгөлөн зарлаж байна гээд л муулаад байх юм. Ирээдүйгээ харж амьдармаар юм.

 

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих