Хотын төвд гаднаа 00-той, худгаас ус зөөдөг байрны оршин суугчид байна гэвэл та итгэх үү

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн барилга орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоодод өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ. Иргэдээс удаа дараа ирж байгаа санал гомдлыг үндэслэн нийслэлийн зургаан дүүрэгт ажлын хэсэг гарган шалгалт хийсэн нь энэ. Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудад ямар ч хараа хяналт байхгүй, иргэдээс СӨХ-ны дарга нар ажлаа тайлагнахаа больсон, илүү мөнгө татдаг гэсэн гомдол маш их ирж байгаа ажээ. Тиймээс ШӨХТГ-аас нийслэлийн 13 сууц өмчлөгчдийн холбоог шалгалаа.  Шалгалтынхан эхлээд Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх  100 айлын “Jobi” барилгын материалын худалдааны төвийн ард байрлах есөн ширхэг хоёр давхар байруудын “Гэгээ-9” сууц өмчлөгчдийн холбоогоор орсон юм. Тус байрны  ашиглалтын хугацаа дууссан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ашиглах боломжгүй гэсэн шийдвэрийг удаа дараа гаргасан ч одоо болтол айлууд амьдарсаар байгаа аж. Нийт есөн орон сууцнаас бүрдэх тус байр нь аль хэдийнэ газарт орсон бөгөөд энэ оны сүүлчээр “Гурван билэг” ХХК-ийн орон сууц босохоор төлөвлөлтөд орсон ажээ. Гэвч одоо болтол иргэдтэй гэрээ хийгээгүй, байрных нь газрыг орон сууцаар солих, аль эсвэл зохих үнээр худалдаж авах талаар ямар ч санал ирүүлээгүй байгаа гэнэ.  Мөн “Гэгээ-9” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал н.Сэлэнгийн талаар иргэд байнга санал гомдол гаргадаг юм байна. Тус байруудыг тойруулан олон тооны чингэлгүүд тавигдсан бөгөөд тэднийг н.Сэлэнгэ гэх эмэгтэй барилгын материалын худалдаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд түрээсэлдэг ажээ. Тус байрны СӨХ байгуулагдаад нэлээд олон жилийн нүүр үзэж байгаа ч одоогоор ямар нэгэн бодитой ажил хийгдээгүйд иргэд тун дургүй байгаагаа илэрхийлж байлаа. Байруудын гаднах орчин хүн байтугай машин ч явах аргагүй, явган хүний зам, авто замын аль нь мэдэгдэхгүй, эргэн тойронд нь чингэлгээс барилгын материал худалдаалагчдын тоос тоосонцор, будаг цемент холилдоно. Хаврын цагт айлуудын цонхоор барилгын цемент шохой шуурч, амьдрах аргагүй болдог ажээ. Байрууд нь хуучирч муудсан, дээр нь 100 айлын барилгын материалын дэлгүүр, павильонуудын эмх замбараагүй үйл ажиллагаа, архичид тэнүүлчид гээд энэ орчимд байхгүй юм үгүй.  Нийтийн бие засах газар, цэвэр бохир усны системийн тухайд ярих ч юм биш.  Халаалт нь заримдаа доголддог, гэрэл цахилгаан байнга тасардаг гэх мэтээр амар тайван амьдрах аргагүй болсон оршин суугчид СӨХ-ныхоо талаар удаа дараа гомдол мэдүүлж, шаардлага тавьж, татан буулгах гэсэн боловч санал хүсэлтийг нь хүлээж авдаггүй байна. Оршин суугчид арга а бараад Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаад байгаа ч одоо болтол хэрэг нь шийдэгдээгүй байгаа гэнэ. Байруудын хана тааз нь цуурч хэзээ мөдгүй нурах дээрээ тулжээ. “Гэгээ-9” СӨХ-нд нийт 12 хүн ажилладаг бөгөөд орцны жижүүр, цэвэрлэгчийн барааг харсан оршин суугч байдаггүй, гэсэн хэдий ч СӨХ-ны мөнгө гэж төлдөг талаараа ярьж байна.

Шалгалтын үеэр ШӨХТГ болон “Гэгээ-9” сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг оршин суугчидтай уулзсан юм.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар: СӨХ-ДЫГ ХŸНАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

 

-Нийслэлд байгаа СӨХ-д хянал­таас бараг гарсан гэж хэлж болно. Өөрийн гэсэн засаглалтай оршин суугчдаасаа мөнгө хурааж, хувьдаа завшдаг гэсэн гомдлууд ихээр гарч байна. Энэ нь ч үнэний хувьтай. Бодитой мэдээлэл. Сүхбаатар дүүр­гийн аравдугаар хороонд байрлах “Гэгээ-9” СӨХ-ны талаархи гомдол манай байгууллагад удаа дараа ирж байна. СӨХ-ны дарга нь л гэхэд  анх гэрэл цахилгааны мөнгөө төлж чадахгүй байсан эмэгтэй одоо машин бариад явж байна. Тэдэнд ямар нэгэн хяналт тавьж, тэдний буруутай эсэхийг тогтоохоор манай байгууллага хууль цагдаагийн байгуулагатай хамтран ажиллаж байна.

 

Оршин суугч н.Долгорсүрэн: СӨХ-НЫ МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА

 

-Би энэ байранд амьдраад 30 орчим жил болж байна. Манай байрны СӨХ байгуулагдаад зургаан жилийн нүүр үзэх гэж байна. Гэвч одоогоор бодитой хийсэн зүйл алга. СӨХ-ны удирдлага гэх энэ эмэгтэй бидний саналаар биш өөрсдийн саналаар гарч ирсэн юм. Манай байранд халаалт тасардаг, нийтийн бие засах газартай, бохир усаа асгах газар байхгүй, усаа худгаас авдаг гээд бэрхшээл их байна. Чийгтэй, халаалт муутай гэхчлэн ариун цэврийн асуудал аль дээр мартагдсан. Санал гомдлоо хэлэх гэхээр өөдөөс “Чи согтуу байна” гэж хэл амаар доромжилдог. Мөн манай охин таван сар хагастай байхдаа хүүхдээ авахуулсан. 100 айлын, тэр дундаа манай энэ байрны орчин хэрээс хэтэрсэн байгаа юм. Та нар ч гэсэн харж байгаа байх. Эмч манай охины хүүхдийг “Амьдрах нөхцөл муутай, бохирдолт ихтэй орчинд амьдарч байгаа учраас бойжихгүй байна” гэсэн шалтгаанаар хэлж хүүхдийг нь авахуулсан юм. Одоо ч гэсэн энэ байранд жирэмсэн эмэгтэйчүүд олон байна. Анх хүүхдийн тоглоомын талбайтай байсан юм. Гэвч нураагаад оронд нь байшин бариулж байна. Манай СӨХ-ны дарга газрыг нь зарсан гэж хүмүүс ярьдаг. Хогноос салгасан биш улам л хогтой болоод байгаа. Хаашаа л харна битүү хог хөглөрнө. Байрны урдуур байгаа чингэлгүүдийг тойроод битүү хог байгааг харж байгаа биз дээ. Энэ гайтай чингэлгээс болж хэдэн жилийн өмнө хүүхэд хавчуулж амиа алдсан  тохиолдол ч бий. Бага насны хүүхдүүд манай байранд их байдаг ч тоглох талбай байхгүй болсон. Манай энд амьдрах үнэхээр аймшигтай. Гишгэх газаргүй болтлоо хог хөглөрсөн ер нь аймшигтай газар даа.

Үнэхээр л оршин суугчийн хэлж байгаагаар эргэн тойрон архичид, гуйлгачин, тэнүүлчин гээд байхгүй юм алга. Нийтийн бие засах газар руу өвөл цаг гэхэд хүн байтугай ялаа ч орохооргүй үнэртэй. Хүүхдүүд ч тоглох газаргүй. Байруудын гэрэл цахилгааны утас ил задгай, хэзээ л бол хэзээ гал гарч, хүн амьтан цахилгаанд цохиулж амь алдах эрсдэлтэй.  Хэдэн жилийн өмнө нэг байр нь шатаж байсан удаатай гэнэ. Иргэд ам нэгтэйгээр СӨХ-г татан буулгахыг хүсч байгаагаа шалгалтынханд хэлж байлаа.

“Гэгээ-9” СӨХ-ны гүйцэтгэх захирал н.Сэлэнгэтэй энэ үеэр уулзсан юм.

СӨХ-ны дарга н.Сэлэнгэ: БИДЭНД ХИЙСЭН АЖИЛ ИХ БАЙГАА

 

-Би “Гэгээ-9” СӨХ-г байгуулаад долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Би 100 айлын унаган оршин суугч. Намайг анх энэ байрны СӨХ-ны дарга болж байхад энэ байр үнэхээр хогондоо дарагдсан хүн амьдрахад хэцүү байр байсан юм. Би энэ ажлыг хүлээж аваад Сүхбаатар дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч  хог шороог нь цэвэрлэж иргэдийн амьдрах нөхцлийг нь аль болох тухтай байлгах үүднээс олон ажлыг хийсэн. Энэ онд оршин суугчид маань шинэ орон сууцанд орно гэдэгт би итгэлтэй байгаа. Учир нь “Гэзэгийн худаг” ХХК-тай тохиролцсон, тэд ч бидэнд шинэ орон сууц барих ажлын төслийг хийж өгсөн юм. Ингээд “Гурван билэг” ХХК бидэнд энэ онд шинэхэн орон сууцыг барьж бид ч шинэ орон сууцанд орно. Бид СӨХ-ны мөнгө гэж сард таван мянган төгрөгийг оршин суугчдаас хураадаг юм. Гэвч ихэнх айлууд өгдөггүй, нийт айлуудын 15 орчим хувь нь СӨХ-ны мөнгөө төлдөг. Иймээс манай СӨХ иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх зорилготой чингэлгүүдийг аж ахуйн нэгжүүдэд түрээслүүлдэг юм.

СӨХ-ны дарга, оршин суугчдын яриа ийнхүү тэнгэр газар шиг зөрөөтэй байлаа. XXI зууны “метрополитан” хотын иргэд хотынхоо төвд гаднаа бие засах газартай, худгаас ус авч унд хоолоо залгуулан, 90-ээд оны Эрээн тосгоныхон шиг л амьдарч байна.

 

Э.Баясгалан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих