Идлэг шонхорын тоо толгой буурчээ

-Энэ хэвээр байвал 5-10 жилийн дотор ховордсон амьтдын жагсаалтад орох аж -

Идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг хориглов. Бүүр таван жилийн хугацаагаар хориглох тогтоолыг өнгөрсөн бямба гаригт Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Идлэг шонхор шувууг гадаадад арилжааны зорилгоор гаргахыг хориглосон хугацаанд түүнийг барих, хилээр гаргахыг завдах зэрэг хууль бус зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахыг хууль хяналтын байгуулагад үүрэг болгожээ. Тэгвэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яам идлэг шонхорын тоо толгойг өсгөх, судалгааг тогтмолжуулах, хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шонхор нь тал хээрийн эко системд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал, үлийн цагаан оготоны тоо толгойг хэт олшрохоос урьдчилан сэргийлж, зохицуулдаг аж.

Манай орны идлэг шонхорын тоо толгой 1990-ээд оноос хойш 59 хувиар буурчээ. 2010 оны байдлаар 6800 орчим хос идлэг шонхор өндөглөн зусч, цөөн тоогоор өвөлжиж буй мэдээлэл бий. Идлэг шонхорын тоо толгойн бууралт энэ хэмжээгээр цаашид үргэлжилбэл 5-10 жилийн дотор “ховор” амьтны жагсаалтад бүртгэгдэх хэмжээнд хүрнэ хэмээн албаныхан эмзэглэж байна. Жил бүр нэг настай идлэг шонхорыг олноор барьж, гадаадад гаргах, хаврын улиралд өндөр хүчдэлийн шугамын засварын үеэр шувуудын үүр эвдэгдэн өндөг сүйтгэгдэх мөн өндөр хүчдэлийн шугамд цохиулах зэрэг шалтгаанаар тоо толгой нь буурч байна.

Иймд ан амьтдыг ховордсоны дараа хамгаалах арга хэмжээ авах биш харин ховордохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яам идлэг шонхор шувууг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох санаачилгыг гаргасан аж. Монгол Улсын Засгийн газар 1994-2012 онд улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр болгох үүднээс жилд дунджаар 200 орчим толгой буюу нийт 3580 толгой идлэг шонхорыг гадаадад экспортолсон.

Манай улсын эдийн засгийн өсөлттэй өнөө үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ан амьтдыг барьж, агнуулж, гадаадад экспортолж ашиг олох бус харин эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор хамгаалж, тоо толгойг өсгөх бодлогыг баримталж буй юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санаачлан идлэг шонхорыг Монгол Улсын бахархалт шувуу болгон зарлаж тунхагласан нь энэ амьтны экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад өндөр ач холбогдолтой болжээ. Идлэг шонхор нь дэлхий дээр өргөн уудам нутагт нүүдэллэн амьдардаг. 1990- ээд оноос тоо толгой нь 30- 60 хувиар буурсан учраас Төв Азийн болон Европын 10 гаруй улс орон идлэг шонхорыг агнаж, барихыг олон улсын конвенцоор хориглосон байна.

Олон улсын конвенци нь идлэг шонхорыг гадаадад худалдаалахыг зарим улс оронд зөвшөөрдөг боловч гадаад худалдааг заавал хийхийг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа нь идлэг шонхорын тоо толгойд сөргөөр нөлөөлөх тохиолдолд худалдааг хязгаарлах, хориглох нь тухайн улс орны асуудал аж.

А.Лхагва

Нийгмийн толь


URL:

Tags:

Нэр: Monet Crosser Огноо: 11 June 2019

Keep working ,impressive job!

Сэтгэгдэл бичих