Энэтхэгчүүд оюутан охины төлөө жагссан бол Сэлэнгэд долоон залууд хүчиндүүлсэн охины төлөө хэн ч дуугарсангүй
Энэтхэгт зургаан залуу 23 настай эмэгтэйг автобусанд, Монголд долоон залуу 24 настай эмэгтэйг гурван өдөр буудалд хүчиндлээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Энэтхэгт зургаан залуу автобусанд найз залуутайгаа зорчиж явсан охиныг хүчиндсэн хэрэг гарав. Тэд зөвхөн хүчиндээд зогсохгүй охиныг хамт явсан найз залуугийнх нь хамт төмөр саваа болон бусад багаж зэвсгээр зодсон тул хохирогчид маш хүнд шарх аван эмнэлэгт хүргэгдсэн билээ. Гэвч охин эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн боловч шархаа даалгүй нас барсан юм. Гэмт этгээдүүд эмэгтэйг төмөр саваагар зодож, нэг цагийн турш хүчиндэж, дараа нь явж байгаа автобус дотроос зам дээр шидсэн билээ.
Дэлхий дахинаа жигшин зэвүүцэж байсан уг хэрэгт монголд үйлдэгдэв. Тодруулбал, энэ сарын 5-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэр бүхий долоон залуу 24 настай бүсгүйг гурван хоногийн турш зочид буудалд байлган зэрлэгээр зодож, танхайран бүлэглэн хүчиндсэн юм. Тэд хохирогч бүсгүйг аймгийн төвийн “Солонго”, “Цэцэг”, “Орхон” зочид буудлуудад гурван хоногийн турш хорьж, зодон, балмадаар хүчиндсэн билээ. Тухайн өдөр уг эмэгтэйг дэлгүүр ороод гарч ирэхэд нь зүс таних нэг залуу машиндаа чирч суулгаснаар буудалд аваачсан юм. Улмаар тэд эмэгтэйг архиар шахан, тасраан буудлуудаар зөөж байсан аж. Гурав хоногийн турш тарчлаан, тамлан зовоож хүчиндсэнийхээ дараа буудлаас хөөн гаргасан байдаг. Харин эмэгтэй гарсан даруйдаа найз залуугийнхаа гэрт очиж болсон явдлыг хэлсэн билээ.
Хэрэг гарсны дараахан буюу хохирогч эмэгтэйг эмнэлэгт байхад Энэтхэгчүүд “Энэтхэгийн цагдаа нар хүчингийн хэргийг үл ойшоодог, Тэд хүчинг хүлээн зөвшөөрдөг” хэмээн уриа лоозон барин, мөн эрх баригчдыг эмэгтэйчүүдийн эрхэд анхаарахыг шаардан эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Эмэгтэйг амиа алдсаны дараа эсэргүүцлийн жагсаал тэмцлийн хэлбэр болон шилжсэн. Тэд хүчингийн эсрэг арга хэмжээг хууль эрх зүйн түвшинд, соёлын хэм хэмжээнд ярихыг шаардан жагссан юм.
Энэтхэгчүүд эрхийнхээ төлөө ийнхүү тэмцэж байхад монголчууд нам жим. Долоон залууд гурван өдөр хүчиндүүлсэн эмэгтэйн төлөө нэг ч хүн дугарсангүй. Энэ хэрэгт хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн. Гэтэл Хүний эрхийн комисс, Хүний эрхийн хороо, төрийн бус байгууллагууд, УИХ-ын эмэгтэй гишүүд ч дугарсангүй. Нэг ёсондоо монгол эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дугарсангүй. Дугарахыг ч хүссэнгүй. Гэтэл 216 ээж МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуухаар өлсгөлөн зарлахаар бүртгүүлж, долоон ээж өлсгөлөн зарлаад тав хонох гэж байна. Уг нь хүчиндүүлсэн эмэгтэйн зовлон ээжүүдэд хамгийн хүнд тусмаар. Гэтэл тэд охины төлөө нэг ч үг дугараагүй байж, харин Н.Энхбаяр гэдэг хүний төлөө өөрийн амийг золиослон өлсгөлөн зарлаж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Энэтхэгт хүчиндүүлсэн охин найз залуутайгаа гэрлэхээр бэлдсэн байжээ. Тэрээр энэ тухайгаа эмнэлэгт хэвтэж байхдаа эмч нартаа “Би заавал эдгэх ёстой. Би эдгээд найз залуутайгаа ярьсан ёсоороо хуримаа хийнэ. Тэгээд бид хүүхэдтэй болоод би сайн ээж болно” гэж байжээ. Түүнийг нас барсных нь дараа эмч нар энэхүү яриаг нь хүргэсэн билээ.
Харин монголд хүчиндүүлсэн охиныг найз залуу нь цагаан сарын өмнө бэр гуйхаар бэлдсэн байжээ. Гэвч бэр гуйхаас нь сарын өмнө ийнхүү харамсалтай хэрэг гарлаа. 24 настай уг эмэгтэй өнгөрсөн ням гаригт Нийслэлд ирсэн юм. Тэрээр нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдахаар болжээ.
Энэтхэгт уг харгис хэргийг үйлдсэн 25-33 насны зургаан залууг сэжиглэн саатуулсаныхаа дараа тэдний нэрийг зарласан. Хэргийг автобусны жолооч, жимсний худалдаачин, дасгалжуулагч гэх мэт чөлөөт ажил эрхэлдэг Винай Шарма, Паван Гупта, Мукеш Кумар, Рам Сингх, Акшай Такура нар үйлдсэн байдаг.
Харин монголчууд хэргийг үйлдсэн сэжигтнүүдийн нэрсийг зарлах нь бүү хэл хэргийг нь нуун дарагдуулж байна. Цагдаагийн байгууллагаас “хэрэг шүүхээр ороогүй байна. Нэр төрд нь халдсан хэрэг болно” хэмээн уг долоон залуугийн тухай ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа юм. Мөн хэргийн талаар ч тодорхой мэдээлэл өгөхгүй. Нэгэнт хохирогч эмэгтэй хүчиндсэн долоон залуугийнхаа тухай бүрэн дүүрэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, тэр дагуу нь саатуулсан байхад тэдний нэрсийг нь зарлах нь зөв. Гэвч цагдаагийнхан тэгсэнгүй. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтнүүдийн ар гэрийнхэн танил тал ихтэй учраас хэргийг нуун дарагдуулж, замхаруулахаар улайрч байгаа гэсэн билээ. Үүнээс л хуулийн шударга байдал, хууль зүйн шинэчлэл харагдаж байна.
Энэтхэгт хүчиндүүлсэн охины төлөө энэтхэгчүүд хүчтэй эсэргүүцэн жагсан тэмцсэн. Тэд эрхийнхээ төлөө уйгагүй дугарсан. Мөн хүчиндүүлсэн эмэгтэйтэй Энэтхэгийн эрх баригч намын тэргүүн ирж уулзан сэтгэлийн дэм өгч байжээ.
Харин манайд хохирогч эмэгтэйтэй нэг ч хүн уулзаагүй байгаа. Тиймээс нэгэнт олон нийтийн мэдэж байгаа, мөн олныг сэртхийлгэсэн уг аймшигт хэргийг МУ-ын Төрийн тэргүүн мөн Хүний эрхийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, УИХ-ын эмэгтэй гишүүд, Хууль зүйн яамныхан анхааралдаа авч энэ хэрэгт анхаарал тавин ажиллах нь зүйтэй болов уу?
Энэтхэгт гарсан, Монголд гарсан энэ хоёр хэрэг маш адилхан. Харин ч манайд үйлдэгдсэн хэрэг нь илүү аймшигтай ч байж болох юм. Гурван өдрийн турш долоон залууд тамлуулан, хүчиндүүлнэ гэдэг маш аймшигтай. Гэвч өнөөдөр манайх Энэтхэгчүүдээс арчаагүй байдалтай байна. Тэд эрхийнхээ төлөө хэрхэн дугарч, хууль хүчний байгууллага нь хэрхэн ажиллаж байна. Харин Монголд…
Б.Чимэг
Эх сурвалж: 24цаг.мн
URL: