Хуарангийн тогтолцоог өөрчилье

Нийслэл Улаанбаатар хотын хуаран тогтолцоотой болчихоод байгаа өнөөгийн дүр төрхийг өөрчлөх цаг ирлээ. Хүн амынх нь 40-45 хувь нь буюу бараг нэг сая 200 мянган хүн нийслэл хотдоо амьдардаг улс орон дэлхий дээр Монгол Улсаас өөр байхгүй. Жижигхэн хот улс бол өөр хэрэг. Өргөн уудам газар нутагтай улс орнуудын хувьд л лав ийм орон байхгүй л болов уу. Өнөөдөр Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэдийн тавин хувиас ч илүү нь сүүлийн 10 жилд орон нутгаас шилжин ирэгсэд байгаа юм. Одоо ч хөдөө, орон нутгаас ирэгсдийн нүүдэл тасрахгүй байгаа бөгөөд Монгол улсын олон аймаг, сум, нутаг орон эзгүйрсээр байна. Ийм зүй бус төвлөрлийг сааруулах нь төр засгийн эн тэргүүний зорилт байх ёстой. Монголчууд бид зохисгүй энэ хуарангийн тогтолцоогоо задалж, нийслэл хотдоо төвлөрөөд байгаа эмх замбараагүй хүний бөөгнөрлийг хөдөө, орон нутаг руу чиглүүлэх нь бидний хөгжлийн нэг гарц байх ёстой.
Улаанбаатар хотын эмх замбараагүй бөөгнөрөл нь нийслэлд оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон нь нууц биш. Өнөөдөр нийслэлийн газар нутаг, байгаль орчин, хөрс шороо, гол ус маш ихээр бохирдож гамшгийн хэмжээнд хүрээд байна. Хотын хөрсний эвдрэл, байгалийн бохирдол нь манай оронд зүй зохисгүйгээр уул уурхайг ашиглаж байгаль орчныг нөхөн сэргээгдэх аргагүй болгож байгаатай адил хэмжээнд доройтолд орж сүйтгэгдсэн гэж болно. Ямар ч бодлого, зохицуулалтгүйгээр хот хаяагаа тэлж Улаанбаатарын орчмын уул толгод, даваа гүвээ бүхэн гэр хорооллоор дүүрч уг газрын хөрс шороо нь хог, үнс, угаадас, хүний шээс, баасаар бохирдоод 20 жилийг ардаа орхилоо. 1990-ээд оноос өмнө Улаанбаатар хот 500 мянга орчим хүн амтай, байгаль орчин, гол ус нь бохирдоогүй “Азийн цагаан дагина” гэгдэж байсныг тухайн үеийнхэн мэднэ. Өнөөдөр харин энэ нь дурсамж, хууч яриа болж үлджээ. Тэр үед нийслэл хотын иргэн болно гэдэг тийм амар зүйл байгаагүй. Тухайн цаг үед монгол хүн бүхэн нийслэл хотоороо бахархаж, хөдөө, орон нутгийнхан нийслэл хотоо үзнэ гэдэг том баяр хөөр байдаг байлаа. Орон нутгийн хүүхэд залуус хотод очиж үзэхийг, нийслэлдээ суралцахыг хүсч, мөрөөддөг байсан. Бусад улс орнуудад ч ийм л байсан, одоо ч ийм л байгаа.
Харин өнөө үед монголчуудын хувьд байдал огт өөрөөр эргэж, ардчилал, хүний эрх, зах зээл гэдэг нэрийн дор нийслэл хотдоо шавааралдчихаад байгаа билээ. Үнэхээр хөдөө, орон нутагт зах зээлийн давалгаагаар аж амьдрал доройтсон, бас цас зуд, байгалийн гамшиг, цөлжилт бий болсон нь хот сууринг бараадах нөхцөл, байдал үүсгэхэд хүргэсэн явдал бий. Харин энэ бүхэнд хамгийн их буруутай нь өнөөг хүртэл Монгол Улсаа удирдан жолоодож, чиглүүлж байгаа үе үеийн төрийн эрхийг барьж байгаа эрхэм түшээд гэдэг нь тодорхой. Монголчуудын өөрсдийнх нь жалга довны үзэл, амиа боддог ашиг сонирхол ч энд нөлөөлсөн нь дамжиггүй.
Агаарын бохирдол, усны хомсдол, хөрсний эвдрэл нь Улаанбаатарын газар нутаг дээр оршин суугаа бүх хүнд хамааралтай төдийгүй тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр, төрөл бүрийн өвчлөл гаарсаар л байна. Хүн ам хэт их төвлөрсөн нь төрөл бүрийн гэмт хэрэг, авто осол гарах таагүй нөхцлийг бүрдүүлэх болсон. Өнөөгийн манай нийслэлийн бүх тогтолцоо, үйл ажиллагаа нь хүний эрхийг зөрчсөн, хотын оршин суугчийн таатай амьдрах бололцоог нь хааж боогдуулж байна. Хотын соёл, харилцаа, худалдаа, зам тээврийн зэрэг хотод байвал зохих бүх үйлчилгээ нь ямар ч зохицуулалтгүй байгаа нь XXI зууны орчин үеийн хот гэж хэлэхэд хэцүүхэн болсныг яалтай! Тийм ээ, өнөөгийн Улаанбаатар хүн амын бөөгнөрөл, эмх замбраагүй шавааралдсан түр орогнох хуарангийн тогтолцоотой болчихоод байна. Даац нь хэтэрсэн ачаа, савнаасаа хальсан юм ийм л байдаг жамтай. Монгол Улсын нийслэлийн өнөөгийн өнгө, дүр төрх нь урьдчилан төлөвлөгдөөгүй, зохицуулалтгүй нийслэлийн Засаг захиргаа, төрийн буруу бодлогын шууд үр дагавар гэдгийг нотлон харуулж байна.

Хотын айл, нийслэлийн иргэн болоход учир бий…

Хөдөө зэлүүд газар байгаа мэт л аяглаж байгаа хүнийг нийслэлийн хүн гэхэд үнэхээр учир дутагдалтай. Тэдний дийлэнх нь орон нутгаас шилжин ирэгсэд гэдэг нь тодорхой. Энэ бол тэднийг аз үзэж байгаа хэрэг бус. Хүний сурсан, дадсан хэвшсэн зүйлийг нь өөрчлөнө гэдэг тийм амар биш гэдгийн нотолгоо энэ юм. Улаанбаатарын аль ч гудамж, булан тохойд дов болсон шээс, хог, үнс овоолгоотой. Эрчүүд нь хаа дуртай газраа сарьж орхино. Гэр хорооллын айлууд нь үнс, угаадас, хогоо гэрээсээ гаргаад л хаа дуртай газраа ил задгай хаясаар хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч хуурайшилт үүсч, цэвэр агаар хомсдож байна. Хавар болохоор өнөөх хог, үнс, улаан шороо нь нийслэл хотоо өвлийн утаанаас дутахааргүй дүнсийлгэх болоод удлаа. Улаанбаатарын авто замын түгжрэл хэрээс хэтрээд байна. Нийслэлд олон жил амьдарч Монголын төдийгүй манай хотын амьдралыг сайн мэддэг нэгэн гадаадын хүн хоёр жилийн дараа энэ байдлаараа байвал Улаанбаатарын авто замын хөдөлгөөн зогсох байх шүү гэсэн үгийг нэгийг бодогдуулж байна. Үнэхээр жилд хэдэн зуугаар нэмэгдэх авто машины тоо үүнийг батлах мэт. Хөгжил ирээд авто машин нэмэгдээд байгаа ч хэрэг биш үнэн хэрэгтээ гадныханы ашиглаад дууссан хуучин машины сэгээр нийслэлийнхээ хөрс шороог талхалж, утаа тоосонд булаад байгаагаа бид хэзээ ухаарах бол?     Хотын төвдөө уралдаан зарлаж, бэл бэнчингээрээ өрсөлдөн босгосон шавааралдсан хэдэн барилга, байшин нь ямар ч эмх цэгц, төлөвлөлтгүй гэж байгаа. Тэднээс хэд нь Япон шиг газар хөдөлвөл газрын хөрснөөс арчигдахыг тэнгэр бурхан л мэдэх байх даа. Тохижилт үйлчилгээний хэдэн ажилчдын үүр шөнөөр ажиллаж цэвэрлэгээ хийж байдгийн хүчинд хотын төвийн хэдэн гудамжийг арай гэж л хогонд даруулчихгүй байна. Хэрвээ долоо хоног тэд ажиллахгүй бол хогоо хаана ч хамаагүй хаяж орхидог өнөөгийн улаанбаатарчууд хогон дундаасаа харагдахгүй болох биз. Ийм бохир орчинд бид ажиллаж амьдарч, хүүхэд багачууд нь тоглож наадаж байгаа юм. Өнөөдөр хотын хүний соёл үнэхээр үгүйлэгдэж байна. Нийслэлээр овоглосон иргэдээ бага, дунд сургуулиас нь хотын иргэн хүн ямар соёл эзэмших хичээл заах хэрэгтэй л болоод байх шиг.
Нийслэлийн захын гэр хороололд эрхэм дарга, түшээд минь нэг өдөр ажил хэрэг болгож яваад үзвэл үнэхээр тэнд амьдрал ямар байгааг харна. Тэнд оршин суугаа олон айл өрх, хүүхэд багачууд нь өнөөгийн төрийн хишиг болгон хүртээж байгаа 21 мянгаар л гол зогоож, өлмөн зэлмүүн аж төрж байгаа юм. Нэг сая хол давсан улаанбаатарчуудад ажлын байр эн тэргүүнд хэрэгтэй байна. Ажилгүй олон зуун залуу бусдын адил ажил, хөдөлмөр эрхэлж өнөөгийн залуусын адил сайхан хувцас өмсөж, сайхан амьдрахыг хүсч мөрөөдөж яваа. Улаанбаатар хотод хаана ч элбэг байдаг, үнийн хувьд хамгийн хямдхан зүйл нь архи, тамхи. Энэ аюулт тахал нь өсвөр, залуу үеийнхнийг сүүдэр мэт дагасаар байгаа юм. Нийслэл хотын хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж болно. Томоохон супер маркет дэлгүүрүүдэд арай гайгүй болов уу. Гэхдээ амьжиргааны түвшин доогуур иргэдийн авч идэж, ууж байгаа хүнс хамгийн баталгаагүй бөгөөд үнэ хямд. Хямдхан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс нь нийслэлчүүдийг чимээгүй хордуулсаар, төрөл бүрийн хавдраас эхлээд өвчлөлийг нэмэгдүүлэх болов. Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа иргэд тэнгэр, газар мэт хоёр өөр орчинд амьдарч, баян, ядуугийн хоёр туйлд хүрсэн ч тэд нэг агаараар амьсгалж, нэг дошин дээр хамт байгаа билээ. Тэдний дунд нь гүүр болж байдаг дундаж амьдралтай айл өрх, иргэд ч бий. Улаанбаатар хэмээх их айлын хаяаг нь тэлсээр байх гэж үү…

Улаанбаатараа нүүлгэх үү, зүй зохисоор нь хөгжүүлэх үү?

Чингисийн монгол гэж цээжээ дэлддэг монголчууд минь нөгөө үндэсний бахархал, эх оронч үзэл тань хаана байна. Улс орноо, нийслэл хотоо ийм эмх замбраагүй балгас болгоод л суугаад байх гэж үү? Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс орон ийм замаар явах ёстой юу? Улаанбаатараар овоглосон хүн бүхний эрүүл амьдрах орчин, нийслэлийнхээ байгаль, хөрс, гол усаа монголчууд бид хэрцгийгээр бохирдуулсаар л байх уу? Өөрсдийгөө хордуулаад зогсохгүй, ирээдүй хойчоо бодохгүй зөвхөн өнөөдрөө харсан бодлого, зохицуулалтаар бид ажиллаж, амьдрах нь үнэхээр гутамшигтай. Энэ байдлаа цаг алдалгүй залруулах нь өнөөгийн Монгол Улсын төрийн бодлого байх ёстой. Монголчууд ч өөрсдөө ухаарч, санаа оноогоо нэгтгэж, нээлттэйгээр бодлогоо боловсруулж хэрэгжүүлэх нь эн тэргүүний зорилт болоод байна.
Казахстан улсын адил нийслэл Улаанбаатар хотоо нүүлгэх үү? Энэ улс нийслэл Алма-Ата хотоо Астанад нүүлгэсэн шиг Улаанбаатарт байгаа Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ байрлаж байгаа Засгийн газрын ордонг Хархоринд шилжүүлэн нүүлгэж, тэнд шинэ ордон барьж байгуулж орхивол яасан юм. Тэгвэл төв рүү тэмүүлэх дуртай монголчууд өөрсдөө зардлаа гаргаад тийшээ нүүгээд очих байлгүй. Тэр цагт л Улаанбаатарын хөрс шороо нь амрах байх даа. Монгол Улс уул уурхайн орд газрыг эзэмшиж чамгүй баян чинээлэг улс болоход ойрхон гэж яриад байгаа. Тэгэхээр нийслэлээ нүүлгэн шилжүүлэх хөрөнгө мөнгө олдох юм биш үү. Хэдэн жилийн өмнө яригдаад өнгөрсөн энэ асуудал бүтэхгүй л болов уу даа…
Тэгэхээр даруйхан “Нутаг амьтай монголчууд” гэсэн их аянг өрнүүлцгээе. Нийслэл хотод ирж суурьшаад цөөнгүй жил болсон ч аж амьдралаа төвхнүүлж амжаагүй яваа орон нутгийн иргэдэд төрсөн нутагтаа буцаж очин амьдрахад нь тусалж мөнгөн тэтгэлэг олгоё. Хүн бүхэнд 21 мянган төгрөг олгож байхаар аргагүй амьдралын эрхээр нийслэл хотод ирээд хөлөө олж чадахгүй мунгинаж, ядарч зовж яваа олон зуун айл өрх, иргэддээ орон нутагтаа очоод сайхан амьдрах боломжийг нь гаргаад өгөх хэрэгтэй байна. Хотод очоод ажил олоод хийнэ, сайхан амьдрах болно гэсэн бодол өвөрлөн Улаанбаатарт ирсэн тэдний буруу гэж юу байхав. Харин хот газрын соёл гэж бий, амьдралын хэв маяг ч хөдөө, орон нутгийнхаас огт өөр. Үүнээс гадна бүх зүйл нь бэлэн мөнгөнөөс хамааралтай гэдгийг ойлгож дасан зохицох хэрэгтэй болдог. Энгийн зүйл мэт боловч энэ шалгуурыг давна гэдэг тийм ч амар биш. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг өсч, төрсөн нутаг усанд нь үнэхээр тухайн хүний хийморь лундаа оршиж байх төдийгүй ус, агаар, газар шороо нь хүртэл хүйн холбоо, шүтэлцээтэй байдаг гэж монголчууд бид ярьдаг. Манай өвөг дээдэс, уламжлалт ёсонд ч ийм л байж ирсэн. Аливаа зүйлс нь өөрийн зүй тогтол, хэм хэмнэлээрээ оршин тогтнож, зохицож, эвлэлдэж, хөгжиж дэвжиж байдаг жамтай.
Монгол Улсын зүрх нь болсон нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн дүр төрх үнэхээр гамшгийн байдалд хүрсэн нь жинхэнэ бодит байдал дээр илхэн байна. Нийслэлийн газар нутгийн хөрс, ус, байгаль орчныг болон улаанбаатарчуудын эрүүл мэндийг хамгаалах асуудал нь биднийг цаг алдалгүй шийдвэрээ гаргаж, тодорхой ажил хэрэг болгож хэрэгжүүлэх цаг болсныг анхааруулсаар байна бус уу. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Д.Өлзийсайхан


URL:

Сэтгэгдэл бичих