“Төрөөд, өсөөд, үхнэ…”
Олноо усан будгийн мастер хэмээн хүндлэгддэг зураач Я.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан юм.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе. Дүрслэх урлагтай холбогдсон түүхээсээ хуваалциач?
-Би бусдын адил багадаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Цэцэрлэгт байхаасаа л зураг сонирхсон. Сургуульд орсныхоо дараа О.Цэвэгжав багшийн шавь болох аз надад тохиосон юм. Түүний дараа зургийн дугуйланд суралцсан. Дөрөвдүгээр анги төгсдөг жилээ Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангид орж, улмаар Ленинградын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн зургийн сургуульд суралцах боломж олдсон. Сургуулиа төгсч ирээд Дүрслэх урлагийн дунд сургуульд зургийн багшаар ажилласан. Амьдралынхаа 30 гаруй жилийг энэ сургуульдаа үдэж байна даа.
-Зураач бүр өөрийн арга барилаар дахин давтагдашгүй бүтээл туурвидаг. Та чухам ямар төрлөөр дагнан зурдаг вэ?
-Хүн бүр дахин давтагдашгүй байдагтай адил зураач болгон өөр өөрийн арга, хэв маягтай. Бүтээл гэдэг тухайн зураачийн ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой. Ямар өнгө будгаар харуулахыг тааварлах боломжгүй. Би ч гэсэн үүний адилаар өөрийн ертөнцийг харуулдаг байх. Тиймдээ ч голдуу хөрөг зурдаг. Гэхдээ хөрөг зурдаг гэхээр өөр зүйл оролддоггүй гэж ойлгож болохгүй. Байгалийн, аж байдлын олон зураг зурахын зэрэгцээ авьяастай, олноо хүндлэгдсэн эмэгтэйчүүдийн хөрөг их зурдаг байв.
-Тухайлбал, хэн хэний хоргийг зурж байв?
-Ардын жүжигчин Э.Оюун гэж түүх болсон сайхан бүжигчин байлаа. Найзынхаа бүтээлийг хойч үедээ үлдээх, таниулах зорилгоор түүний хөргийг зурсан. “Хунт нуур” бүжгэн жүжгийг Б.Жамъяндагва Э.Оюунд зориулж тавьсан гэдэг юм билээ. Тиймээс “Хунт нуур” бүжгэн жүжгийнх нь хар, цагаан хунгийн дүрээр мөнхөлсөн. Мөн Монгол Улсын гавъяат жүжигчин Ш.Чимэдцэеэгийн “Зүүдний говь”, Ардын жүжигчин А.Долгорын “Бодлын цагаан хун” дуунд зориулаж хөрөг бүтээсэн.
-Таны нийслэлийн ойд зориулж зурсан бүтээл уралдаанд шалгарч байсан. Ер нь хотынхоо зургийг олон удаа зурсан уу?
-Цөөхөн зурсан. Би хуучны уран барилгыг их сонирхдог. Монголынхоо түүхийн дурсгалт барилгуудаар их бахархдаг. Манай улсад дэлхийд байхгүй онцлогтой барилга олон бий. Өмнө нь нийслэлийн сэдэвтэй гурван зураг зурсан юм. Энэ зураг маань тухайн үед зарласан уралдаанд хоёрдугаар байрт шалгарсан. Миний зурсан гурван зургийн нэгийг Уран зургийн галерей худалдаж авсан. Мөн би байгалийн сэдэвтэй зураг зурах дуртай. Байгалийг амьтай гэж боддог. Төрөөд, өсөөд, үхнэ. Энэ бүхнийг л зургаараа илэрхийлэхийг хүсдэг.
-Бүтээл торох агшинд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Зураач хүн аливаа зүйлийг өргөн хүрээтэй сэтгэж, харах ёстой л доо. Аль болох байгаагаас нь өөрөөр харж, задалж сэтгэдэг. Хамгийн гол нь зурах гэж байгаа зүйлээ судалдаг юм. Жишээ нь, цэцэг зурахдаа хол, ойроос яаж харагдаж байна гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй. Дараа нь хэдэн навчтай, яаж ургадгийг сайн ажиглах нь чухал. Өнгө будаг нь ямар байна, хаврын цэцэг ямар байдаг, зуных яаж харагддагийг судалж ялгааг нь бүтээлдээ тусгадаг.
-Хамгийн хайртай бүтээлээ нэрлэвзл?
-Надад бусдаас онцгойлсон хайртай бүтээл гэж байдаггүй. Уран бүтээлч хүн зорьсон зүйлээ хийдэг болохоор бүтээл болгон нь үнэ цэнэтэй байдаг юм.
-Гуч гаруй жил ажиллах хугацаандаа хэчнээн шавь төрүүлэв. Таны мэргэжлииг өвлөсөн уран бүтээлч бий юу?
-Шавь нараас миний мэргэжлийг үргэлжлүүлэн өвлөн авч яваа хүн бий. Одоо Дүрслэх урлагийн дунд сургуульд Ө.Гандулам гээд зураасан зургийн багшаар ажиллаж байна. Ер нь энэ хугацаанд 10-аад анги төгсгөжээ. Ер нь ная гаруй шавьтай болсон баян хүн дээ, би. Мэргэжлийн ангиас гадна өөр олон газар хичээл заадаг. Анхны шавь нараас маань 50 нас хүрч байгаа хүн ч бий. УИХ-ын гишүүн Х.Багтулга миний шавь байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн үзэсгэлэн гаргасан бэ?
-Бие даасан үзэсгэлэн тийм олон гаргаагүй ч хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан. Эмэгтэй хүн их ажилтай байдаг шүү дээ. Ажлаа хийнэ, хүүхдээ өсгөнө гээд. Уран бүтээлдээ зарцуулах цаг бага байлаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг дээ. Ямар ч гэсэн өнгөрсөн хугацаанд бүтээлээрээ олонд танигдаж чаджээ.
-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Хийхээр төлөвлөсөн ажил их байгаа. Одоо яриад яахав. Хийсэн, бүтээсэн хойно л ярья даа.
Эх сурвалж:
URL: