АН-ын томчууд Б.Наранхүүгийн даалгавраар Үүл баатрын эсрэг хөдлөв үү?

АН-ын засаглалын нүү­­рийг Э.Бат-Үүл, О.Маг­най хоёр л тахалж байна. Цаасан дээр би­чээстэй хууль, журмыг яаж “амьдрал”-тай болгох вэ гэдгийг илүү үзүүлж чадсанаар тэд ийн үнэ­лэг­дэж чадсан биз ээ.

Харин сүүлийн үед тэднийг баахан сулрах янзтай болсныг хүмүүс хэлэх болов.

О.Магнай шатахууны үнийн нэ­мэгд­лийн үеэр “хальтирч” хэлсэн нэг үг нь олны чихэнд сууж, буучихаад  олиггүй үгсийг сонсох шалтгаан болоод байгаа. Томилогдсоноосоо хойш ажил, албан ту­шаалын хурд, хүч, сүрийг үзүүл­сээр байгаад бусдыг муу зан сургачихсан байж ма­гад­гүй юм.
Учир нь О.Магнайгаас олон нийт ямар нэг зо­ригтой шийд хүсэмжлэх болсон нь дээрхийн илрэл аж. Сураг сонсох нээ, О.Магнайгийн “хэрчилт”-д намынхан нь ч өртчих гээд, бас цаагуураа намын харьяалалгүйгээр аалзны тор шиг хэрээстэй байдаг улс төр, бизнесийн том эрх ашиг хөндөгдөж эхэлсэн нь түүнд stop команд өгөх шалтгаан болсон гэх.

Үүл баатрын тухайд нийслэлийг ёстой л “бол­гож тавьж” байв. Байв гэсэн нь бас л суларч эхэлснийг тодруулж бай­гаа хэрэг. Гэхдээ өөрөө бус, Үүл мээрийг зохион байгуулалттайгаар, “дот­роосоо” арагш нь чангаах болов. Том эрх ашгууд үүний цаана яваа гэх.

Хууль бусаар олгосон 40 газрын зөвшөөрлийг хүчингүй болгосныг Нийс­­лэлийн газрын алба­наас 2012 оны арван­хоёр­дугаар сарын 18-нд олон нийтэд зарласан. Яг үнэн­дээ энэ шийдвэрийг хүмүүс ихээхэн дэмжиж хүлээж авав. Орон сууц­нуудын дундах, авто зог­соол, ШТС, за тэгээд ундны усны эх үүсвэр дээрх гээд МАН, АН-ын нөхдийн эзэмшлийн газрын зөвшөөрлийг хуй­гаар нь хүчингүй болгосон. Араас нь нэг их нэхэл дагал ч гарсангүй.

Харин үүнээс тав хоногийн дараа хүчингүй болгох жагсаалтын 26-д бичигдээд байсан “Дүн­жингарав” худалдааны төвийн нээлт болов. УИХ-ын дарга З.Энхболд ан­гийнхаа “охид”-ыг голдуу авч очсон нээлтийн арга хэмжээ АН доторх нэг томоохон хагарал эхэлж байгааг ил болгосон юм.

Хотын дарга АН-ынх, УИХ-ын дарга АН-ынх, Дүнжингаравын эзэн АН-ынх. Гэтэл Хотын дарга газрын зөвшөөрлийг нь цуцалж, үүнийг эсэргүү­цэж зохион байгуулсан нээлт хэмээх арга хэм­жээнд нь УИХ-ын дарга гишүүдээ дагуулан мо­рил­сон. Олон таван тайл­бар­гүй­гээр ойлгогдох шалт­гаан байгаа биз.

Гэвч хагарал, бутрал зөвхөн УИХ-ын дарга З.Энхболд, Хотын дарга Э.Бат-Үүл хоёрын дунд үргэлжлээд байгаа хэрэг бус ажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж, УИХ-ын дарга З.Энхболд нар энэ сарын 5-ны өдөр нийслэлийн захын дүүргүүдээр явж, гэр хорооллын утаа хэр байгаатай биечлэн танилц­сан  талаар twitter хуудаснаа жиргэсэн байв. Чингэлтэй дүүргийн 32-ын тойрог орчимд очиж, гэр хорооллын утаатай танилцжээ.

“Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн санаа­чил­гаар Агаарын бохирд­лыг бууруулах Үн­дэсний хороо байгуу­лагд­сан. Гэвч нийслэлийн утаа бага­саагүй, харин ч ихэс­чээ” хэмээн Ерөнхийлөгч бич­жээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл ажлаа сайн хий­­­­гээгүй, харин ч муу байна гэсэнтэй агаар нэг сон­согдож байв. Ийн Э.Бат-Үүлийн эсрэг намынх нь журмын нөхөд болох Ерөнхийлөгч Ц.Элбэг­­­дорж, УИХ-ын дарга З.Энхболд нар хүч хавсран зогсох болов. Чу­хамдаа Ц.Элбэгдорж, З.Энх­болд нарын сонир­хол, ашиг нь ижил бус. Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн сон­гуульд дахин нэр дэв­ши­хэд нь нам дотроо Э.Бат-Үүл л гай болох магад­лалтай гэдгийг намынх нь нөхөд хэлээд байгаа юм.

Харин З.Энхболдынх арай өөр. Дүнжингаравын нээлтэд очсон нь хамгийн товч хариулт. Өөрөөр хэл­бэл, Мон Ураны Б.Наран­хүүтэй ингэтлээ ханьсах болсон нэг шалтгаан бай­даг тухай улс төрийн хү­рээ­нийхэн жиг жуг гэдэг. Яг ийм сэжмээр Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж ч Б.Наранхүүтэй холбогддог гэх юм билээ. Тодруулбал, Б.Наранхүүг сонгуулийн өмнө МАН-аас татгалзсан хариу сонсчихоод явж бай­хад нь ивээлдээ авч намдаа элсүүлэн, улмаар хэдхэн цагийн дотор ги­шүүдийнх нь хүсээд ч хүрч чаддаггүй ҮЗХ-ны ги­шүүн болгож, УИХ-д нэр дэвших эрхтэй болгосон эрхмүүд бол тэднийг гэдэг.

Татгалзахын аргагүй санал гэдэг шиг бултах аргагүй шалтгаантай хойно тэд Б.Наран­хүү­гийн бизнесийг нурааж, Дүнжингараваар нь орол­дож эхэлсэн Э.Бат-Үүлтэй “тэмцэх”-ээс өөр аргагүй.

Б.Наранхүү ч энэ байд­лыг сайтар ашиглаж, том эрх мэдлийн далбаанд бай­гаагаа ухаарчихсан, улс төрийн нөлөөг биз­нестээ хэрглэсэн шиг сууж буй.

Бай нь мэдээж Э.Бат-Үүл. Дүнжингаравын нээл­­тийн үеэр “Э.Бат-Үүлийг гадаа хэдэн цаг зогсоож зовлон ойлгуулах юм сан” хэмээн тавлаад авснаа сонорт нь хүр­сэнгүй гэж бодсон уу, үгээ улам чангаруулж үзэв.

Саяхан тэрээр нэгэн телевизийн ярилцлагад уригдаж “дотроо онгойтол” ярьж харагдав. Энэ үеэрээ Б.Наранхүү “Дүнжингаравын хувьд бол сая Бат-Үүл гарч ирээд зөвшөөрөлгүй болгоод байна.  Би ирээд үзээчээ л гэж байна. Ямар хятад хүн байгаа биш. Энэ залуу юу хийснийг ирж нүдээрээ үзээд, өөр болж байгаа юм байна, урагшилж байгаа юм байна гээд хараасай гэж хүсч байна. Алийн болгон гадаа зогсох юм бэ. Өөрөө хотын гоё байшинд байдаг. Тэгэхэд гадаах захад 70-80 мянган хүн зогсож байна. Өөрөө ирээд нэг үзэх л ёстой. Түүний дараа шударга ёс гэж ярих хэрэгтэй шүү дээ. Энэ нь болохгүй байна аа, Нараа гээд хэлэх ёстой. Цэвэр ус хуримтлуулдаг газар 100 мянган га, тэгэхэд манайх зуугаад га газар. Мянганы нэг нь. Харин хамгийн аюултай зүйл болох гэр хороолол, тэдний нойл, муу ус бүгд газар руу нэвчиж байгаа. түүнийг эхэлж шийдэх ёстой. Манайд /Дүнжингарав/ бол ямар ч хөрс бохирдуу­лах зүйл байхгүй. Бид ганц дусал зүйл ч хөрс рүү хий­гээгүй. Хүчингүй болго­сон захирамжийг авчрах гэж байгаад мартчихжээ. “Ирээдүйд барилга­жуулах талбайг тэр чигээр нь нэг хүнд өгсөн байна” гэсэн утгатай. Хотын дарга ярихдаа цэвэр усны нөөц гэж яриад байгаа. Гэтэл захирамж нь бол яваандаа барилгажих талбайг Наран­хүүд өгчихжээ л гэсэн байгаа” гэж ярив.

Мөн санал асуулга явуулаад олны эсэр­гүүцэлтэй тулсан буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох тухайд дуугүй байсангүй. “Ядаж 20 сая хүн амтай байсан бол яахав. Хөөрхий хэн нэгэнд тэр чинь амьдрал нь байгаа. Өчнөөн жил ажиллаад эхнэртээ, хүүхдэдээ аав нь машин авлаа гээд үзүүлж байсан тэр аз жаргалыг нь ху­раана гэхээр надад бол биш л санагдаж байна. Магадгүй Бат-Үүлд юу ч биш байх. Гэхдээ энэ хэрэг дан ганц Хотын даргын ажил биш л дээ” гээд авна лээ.

Ер нь л Хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэ­рийг хүчингүй болгуулж, Дүнжингараваа хэвийн ажиллуулна гэдэгтээ итгэлтэй байгаа, тийм бяр суусан  гэдгээ хэлчих шиг болсон.

Б.Наранхүүгийн ам нэлээд халж, урьд өмнөх газрын асуудлаасаа ч хуучилж өгөв. Тэр УИХ-ын дарга М.Энхболдыг Хотын дарга байхад дөр­вөн газар авсан гэдгээ хэлсэн. “Урд нэг том газар буюу Дүнжингарав захынх. Ер нь зөндөө газар авах боломж байсан. Газ­рын мөнгөө төлөхгүй бол хураана гээд хөлсөө гоожуулаад, өр тавиад зөндөө гүйдэг байсан. Хү­мүүс тэрийг ойлго­доггүй. Мөн Бөмбөгөр, Бага­натын газрыг авсан” гэв.

Мөн Б.Наранхүү өнөө хэр нь УИХ-ын гишүүн, төрийн түшээ болсон гэ­дэгтээ өөрөө ч итгэдэггүй бололтой юм. Хэдэн сарын өмнө Иргэний танхимд орчихсон “Манай “Мон Уран” компани бол…” гээд зогсч байсан энэ эрхэм ийн телевизийн ярилц­лагад орохдоо ч “Энэ улс төр, бизнесийнхэн л…” гэж ярьсан шиг сууна. За энэ ч яахав, түүнийг төрийн түшээ гэхээсээ компанийн захирал, морь уядаг гэдгээр нь таньдаг хүн олон. Ярилцлагад урьсан сэтгүүлч нь ч хууль тогтоомж, төрийн ажлын талаар нэг ч асуулт тавиагүйг бодвол дээрх тодорхойлолт хэр зэрэг оносныг илтгэнэ.

Юутай ч Ерөнхийлөг­чөөр “баруун гар”-аа, УИХ-ын даргаар “зүүн гар”-аа хийчихсэн нөмөрт нь тарвалзаж буй Б.Наранхүү гэдэг УИХ-ын гишүүн хэзээ, хэнд хэрэгтэй ямар хууль санаа­чилж, хэний эрхийн төлөө тэмцэх вэ гэдгээ бус, зөв­хөн Дүнжингарав хэмээх худалдааны төвөө хаал­гах­гүйн тулд Э.Бат-Үүлтэй хэрхэн тэмцэж, ноцохоо төсөөлөн сууж байгаа юм байна аа гэдэг нь түүний ярианаас тод томруун ойлгогдохоор байна билээ. Их хурлын гишүүн ард түмний элч төлөөлөгч байна гэдэг Үндсэн хуу­лийн заалтыг соёмботой  тэмдэг эн­гэртээ зүүчихээд зургаан сар болчихоод ойлгоогүй хэвээрээ яваа  аж.  Гишүүн гэдэг нэрэндээ дасч, түмнийхээ төлөө ажиллах гэсээр байтал бүрэн эрхийн хугацаа нь дуу­чихсан байх вий дээ.


URL:

Сэтгэгдэл бичих