Баасан гаригийг архигүй өдөр болгоно

10 ХОНОГТ 5000 ГАРУЙ ХҮН ГЭМТЖЭЭ

Эрүүл мэндийн сай­дын зөвлөл өнгөрсөн баасан гаригт ГССҮТ-д  нээлттэй хуралдлаа. Уг хуралд дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга нар бо­лон Гэмтлийн эм­нэлгийн эмч ажилчид,  ир­гэдийн төлөөллөөс бүрд­сэн 100 гаруй хүн оролц­сон юм.  Сайдын зөвлөл тус эмнэлэгт хуралдах бол­­сон шалтгаан нь он гар­саар   хальтиргаа гул­гаа­наас үүдэлтэй ясны хугарал бэр­тэл өмнөх жилүүдээс эрс нэмэгд­сэн­тэй холбоо­той юм.

Улсын хэмжээнд сүү­лийн 10 хоногийн байд­лаар осол гэмтлийн өвч­лөлийн 5386 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс ху­гарал гэмтлийн 1847 тохиолдол бүртгэгдсэн нь нийт тохиолдлын 34.3 хувийг эзэлж байгаа аж. Харин өвчлөлийг шалт­гаа­наар нь авч үзвэл ос­голт, хөлдөлт 92, түлэгдэлт 177, хугарал 1847, хоолны хордлого 71, архины хорд­лого 386 гарсан гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Мөн энэ удаагийн хурлаар осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн явц, хэрэгжилт, үр дүн­гийн талаар танилцуулан, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцсэн юм. Уг хөтөлбөр нь осол гэмт­лийн үед үзүүлэх эмнэл­гийн тусламж, үйлчил­гээний чанар, хүртээм­жийг сайж­руулан Олон улсын жи­шигт ойртуулах, осол гэмтэл, хүчирхийл­лийн сөрөг үр дагаврыг багасгах зорилготойгоор хоёрдугаар үе шатаа эх­лүүлжээ. Уг хөтөлбөрийн эхний үе шат 2010-2012 онд хэрэгжиж байсан аж. Хөтөлбөрийн үр дүнд зам, тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол, хүүхдийн осол гэмтэл, түлэгдэлт тодорхой хэм­жээ­гээр буурсан гэд­гийг албаныхан онцолж байв. Харин үйлчлүү­лэгч­дийн дунд хэл ам дагуу­лаад байдаг  үзлэгийн ка­бинетын тоо, эмчийн тоо ахисан   байна.

ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД ХУВААЛЦАНА               

Гэмтлийн эмнэлэгт үйлчлүүлэх иргэдийн тоо 2008 оноос хойш 25 хувиар өсчээ. Осол гэмтэл нэмэг­дэхийн хэрээр үйлчлүү­лэгч­дийн тоо нэмэгдэж байгаа. Гэтэл ажиллах хүч, төсөв мөнгө өмнөх жи­лүүдийнхтэй ижил байгаа нь хүлээгдэл үүсгэж байна гэдгийг эмч, мэргэ­жилт­нүүд ярьж байв. Ту­хайл­бал, осол гэмтэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор төсөв мөнгийг нэмж өгөөч гэсэн саналыг тус эмнэл­гийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Б.Баттөгс он­цолсон юм. ГССҮТ нь 500 гаруй эмч ажиллагсадтай бөгөөд жилд 12 мянган өвчтөн хэвтэн эмчлүүлж, 6300 гаруй хүнд мэс засал хийдэг аж. Мөн осол гэмтлийн өвчлөлөөрөө дайн байлдаантай орны хэмжээнд очихуйц, гамш­гийн хэмжээнд хүрсэн гэдэгт эрүүл мэндийн салбарыхан санал нэгтэй байсан юм. Тиймээс энэ ачааллыг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хувиар­лах санал  гаргав. Мөн энэ үеэр зарим дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайл­бал, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ “ Манай эмнэлгийн барилга 50 гаруй жил болсон. Тэр дундаа газрын хөрсөн дээр шууд барьсан, инженер техникийн шугам сүлжээ нь шалан доороо байдаг. Өвлийн цагт байнга хагарч хөлдөх, бөглөрөх асуудал гардаг. Дүүргийн иргэдээ­сээ гадна Чингэлтэй дүүр­гийн иргэдэд үйлчилдэг учраас орны  хүрэлцээ муу. Эрүүл мэндийн салбарт шинэч­лэл хийх гэж байгаа өнөө цагт орон байрны асууд­лаа бүрэн гүйцэд шийдс­ний дараа энэ асуудлыг ярих хэрэгтэй. “Азийн чоно” хэмээх архины хорд­лого гарахад бүх худалдааны газраар архи, согтууруулах ундаа зарахыг хориглоод сар болоход эрүүлжүүлэх байр хүнгүй болж байсан. Тэр ч бүү хэл архинаас болж үүсдэг бэртэл гэмтэл зэрэг олон асуудал буурсан байдаг. Тиймээс эхлээд учир шалтгаанаа тогтоо­гоод доод сууриас нь эхлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыхан өөрсдөө санал гаргаад нийслэл хотын зам талбайг хальтиргаа гулгаа­наас нь салгах ажлыг өрнүүлэх хэрэгтэй. 2002 онд Нийслэлийн эрүүл мэндийн газраас санаа­чилж энэ ажлыг хийж байсан. Тэр нь ч үр дүнгээ үзүүлж байсныг манай салбарыхан санаж байгаа” гэв. Харин Бага­нуур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дара Х.Боло­роо “Манай эмнэлэг хо­тын захын хүн ам цөөнтэй дүүрэг хэдий ч улсын хэмжээний томоо­хон осол гэмтэл гардаг. Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн барилга байгууламжтай. Тиймээс тоног төхөө­рөмжийн асууд­лыг нь шийдээд өг­чихвөл ГССҮТ-ийн ачаал­лаас үүрэх боломж­той. Эмч мэргэжилт­нүү­дийн хувьд ч хүрэлцээтэй байнгын сургалтад хам­руулдаг” гэсэн юм.  Энэ мэтчилэн дээрх асууд­лыг  хэрхэн яаж шийд­вэрлэх тухай хэлэлцсэний дүнд  нийслэлийн хэмжээнд архидалтын эсрэг арга  хэмжээг зохион байгуу­лах, хальтиргаа гулгааг багасгах дорвитой ажлыг санаачлан хэрэгжүү­лэ­хээр болов. Мөн  зарим дүүргийн эмнэлгүүд Гэмт­лийн эмнэлгийн ачааллыг хуваалцах боломжтой гэ­сэн нааштай хариуг дуулгасан юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал:

БЭРТЭЛ, ГЭМТЛИЙГ БУУРУУЛАХАД БУСАД САЛБАРТАЙ ХАМТАРНА

Эрүүл мэндийн сал­барт тулгамдаж буй асууд­луу­дын нэг нь эмнэлгийн чанар,  аюулгүй байдал гэд­гийг Н.Удвал сайд он­цол­сон. Тэрээр “Баян­хонгор аймагт гарсан хэрэг эмнэлгийн байгуул­лагын чанар, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой гэдгийг тодотгож өгсөн хэрэг боллоо. Тиймээс бид энэ талаар хаа хаанаа анхаарч ажиллах цаг бол­сон. Эмч хүн өвчтөнийхөө зовлон шаналал, үхэл хагацалд дасан зохицоно гэдэг эмнэлгийн бай­гуул­лагын уналт юм. Өнөөдрийн хурлын гол зорилго нь осол гэмтлийн үед оролцдог байгуул­ла­гуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх явдал. Хөдөл­мөрийн аюул­гүй байдал хангагдвал үйлдвэрлэлийн осол буур­на. Мөн архинаас үүдэн гардаг осол гэмтлийг бууруулахын тулд долоо хоног бүрийн баасан гаригийг архигүй болгох саналыг дэмжиж Засгийн газрын хуралдаанд оруу­лах болно. Үүнээс гадна гэмтэл зэрэг бидний ажилд хүндрэл үзүүлдэг нөхцлийг салбараасаа гад­на бусад салбар руу хандуулах цаг ирсэн” гэдгийг салбарын сайд хэлсэн юм.  Хурлын төгс­гөлд  сайдын зөвлөлийн хурлын бүх шийдвэрийг дагаж, ажиллахад бэлэн байгаагаа ГССҮТ-ийн эмч ажилчид илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Зууны   мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих