М.Энхболд: өөрийгөө ч, өрөөлийг ч толинд нэг сайн хараад авахад гэмгүй
-Олон сар, хоног хүлээ сэн ч МАН УИХ-д албан ёсны бүлэгтэй болж Та дэд даргаар сонгогдсонд баяр хүргэе.
-Намайг УИХ-ын дэд даргаар сонгогдсоны дараа Монголын нийгэмд тэргүүлэх байр суурьтай “Өнөөдөр” сонины редакцын хамт олон урьж, уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Шинэ онд Та бүхний Монголын сэтгүүл зүйд оруулж буй хувь нэмэр арвижиж, олон түмэнд хүргэх мэдээлэл тань улам бодитой, илүү өргөн далайцтай байгаасай гэж хүсье.
-Идэр ес ид дундаа, өвөлжилт нэлээд хүнд байна. Монголын нийт нутгийн 80-аад хувь зудын байдалтай байгаа гэсэн мэдээлэл бидэнд бий. Харин Засгийн газар, Онцгой комисс Өвөрхангай гаас бусад аймаг, сум гайгүй гээд байгаа. Та олон жил Улсын онцгой комиссыг ахалж байсан хүн. Ер нь бодит байдал ямар байна вэ. Ийм үед юун дээр анхаарах ёстой юм бол?
-Би УОК-ын даргаар тав, Нийслэлийн Онцгой комиссын даргаар долоон жил ажилласан. Онцгой комисс зөвхөн Монголд байдаг биш, НҮБ-д хүртэл ийм чиглэлийн асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага бий. УОК-ын орлогч дарга нь гэхэд дөрвөн яамны сайд байдаг, том хүчтэй байгууллага. Манайх шиг ийм зохион байгуулалт дэлхийн бусад оронд төдийлэн байдаггүй, дагнасан яам, агентлаг байдаг. НҮБ-ын төрөлжсөн байгууллагаас манайхыг оновчтой, зөв бүтэцтэй гэж үнэлж байсан. Энэ жил цаг агаар таатай бус байна. Надад байгаа мэдээллээр 15 аймгийн 55 сум гамшгийн буюу зудын байдалтай байгаа юм билээ. 2009, 2010 оныхтой харьцуулах юм бол гайгүй. 2010 онд 97 сум буюу Монголын нийт сумын гуравны нэг нь гамшгийн, 100 гаруй сум зудын байдалтай гэсэн үнэлгээ өгч байсан.
Сүүлийн жилүүдэд онцгой байдлын үед зарцуулах хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, 2.0 тэрбум байсныг 8.0 орчим тэрбум болгосон. Энэ нөөцийг цаг алдалгүй шаардлагатай газарт нь хүргэх, малчдынхаа сэтгэл санааг дэмжихэд оновчтой зарцуулах хэрэгтэй. Дараагийн ээлжинд хохирлыг арилгах, нөхөн төлбөр олгох, малжуулах, даатгалыг ашиглах зэрэгт анхаарах шаардлагатай байдаг. Засгийн газар улсын болон орон нутгийн нөөцөөс өвс тэжээл гаргах ажлыг эхэлж байх шиг байна. Нөхцөл байдал урьд жилүүдийнхээс гайгүй байна гэж үзэж байгаа бол авч байгаа арга хэмжээ зөв. Хүндэрч болзошгүй гэвэл жаахан шуурхай ажиллахгүй бол болохгүй. Мал нэг доройтоод эхэлбэл сэхэл авах нь хэцүү. Оройтуулж арга хэмжээ авах нь аваагүйтэй адил болж мэднэ.
-Таныг УОК-ын даргаар ажиллаж байхад НҮБ-ын хэллэгт “зуд”гэдэг үг албан ёсоор монгол хэлээрээ орсон гэдэг. Тэр ямар ач холбогдолтой юм бэ?
-2009 оны арваннэгдүгээр сарын 23-нд бид гадаад орнуудаас манай улсад суугаа бүх Элчин сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй уулзаж, Монгол оронд зудын нөхцөл үүслээ гэдгийг тайлбарласан л даа. Үр дүнд нь багагүй дэмжлэг туслалцаа авсан. Зудын аюулыг гэтлэхэд нийт 45 тэрбум төгрөг зарцуулсны 10 орчим тэрбум нь төр засгаас, бусад нь гадаадын буцалтгүй тусламж, зээл байлаа. Зудын байдлыг НҮБ, олон улсын хэмжээнд сайн ойлгуулж чадсаны үрээр НҮБ-ын хэллэгт “зуд” гэдэг үг монгол хэлээрээ бүртгэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аль улсын, хэн гэдэг, ямар хэл, зүстэй хүн байхаас үл хамааран Монголд ийм аюул нүүрлэвэл “зуд” боллоо гэдгийг тэд монголоор хэлдэг, аюултай гамшиг гэж ойлгодог болсон гэсэн үг.
-Байгалийн цаг агаар нэг иймэрхүү байгаа юм байна. Улс төрийн цаг агаар ямар байна. Одоогийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт өгөх вэ?
-Улс төрийн нөхцөл байдлын хувьд онцлог үе байна гэж болно. МАН олон жилийн турш төр, засгийн эрхийг барьж, Монгол орныг хөгжүүлэх, ард түмний амьдралыг сайжруулах бодлого хэрэгжүүлсэн улс төрийн хүчин. Бидэнд оносон, алдсаны аль аль нь бий. Гэхдээ оноо нь илүү болов уу гэж бодож байна. Улс төрийн эрх мэдлийг сонгуулийн үр дүнгээр шилжүүлж өгсөн. Бид сөрөг хүчин болсон. Долдугаар сарын 21-нд Үндсэн хуулийн дагуу бүлгээ байгуулсан. Харамсалтай нь зарлаж, албан ёсоор баталгаажуулаагүй. Энэ нь тодорхой учир шалтгаантай байжээ гэдгийг өнгөрсөн хугацааны үйл явдлуудаас иргэд анзаарсан байх. Оны сүүлчээр бүлэгтэй боллоо шүү дээ. Одоо бол Засгийн газар тогтвортой ажиллаасай, Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн хүчнүүд учир начир, эв зүйгээ олж, тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлээсэй гэж бодож байна. Сөрөг хүчний дуу хоолойг бага байлгах сонирхол байх шиг. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад сонгуулийг уламжлалын дагуу аравдугаар сард хийе гэсэн саналыг бид тавьсан. Харамсалтай нь эрх мэдэлгүй, бүлэггүй бидний санал хол явсангүй. Манайхан хувь гишүүнийхээ шугамаар яриад үр дүнд хүрээгүй.
Өвөл болсон хойно, цаг агаарын амаргүй нөхцөлд орон нутгийн сонгууль хийснээс улбаалаад сонгуулийн үр дүнг баталгаажуулах асуудалд тодорхой гацаа үүслээ. Ард түмний, МАН-ыг дэмжигчдийн саналыг үнэгүйдүүлэх, хүчээр түрий барих бодлого хэрэгжиж байна. 21 аймгаас есөн аймагт, есөн дүүргээс дөрөвт МАН сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авсан байхад тэдгээр аймаг, дүүргийн Засаг даргын дийлэнх нь батлагдаж чадахгүй байна. Шалтгааныг нь Засгийн газар тайлбарлахгүй аар саар юм ярьж байх зуур нэгдүгээр сар дундаа орох нь. Засаг даргаа томилж чадахгүй 50 хонох юм бол дахин сонгууль хийх нөхцөл рүү орж магадгүй. Ард түмний сонголтыг эрх баригчид яагаад хүлээн зөвшөөрөхгүй, хүндэтгэлтэй хандахгүй байна вэ гэдэг санаа зовоосон асуудал болж байгаа. Ардчиллыг бусад улс орнуудад жишиг болохуйц төлөвшүүлэн хөгж үүлсэн гэсэн үнэлгээтэй байсан улс орон маань ардчилсан сонгуулийн үр дүнг илбэдэн хувиргаж байгаа нь цаашдаа ямар байдалд хүргэх бол гэдэгт анхаарахаас аргагүй.
-Танай нам бүлэгтэй болсон ч Өвөрхангайгаас сонгогдсон гиш үүнээ УИХ-д оруулж чадаагүй л байна. Гэтэл АН-ын Г.Батхүү тангараг өргөчихлөө. Сонгогчдын саналыг шүүхийн шийдвэрээр өөрчилдөг жишиг тогтож байгаа юм биш үү?
-Намын бүлэг сонгуулийн үр дүнг баталгаажуулахын тулд тодорхой арга хэмжээ авч байсныг та бүхэн мэдэж байгаа. 4000-6000 санал дутуу авсан гишүүдийг тангараг өрг үүлэх гэж байсан УИХ-ын хууль бус шийдвэрийг бид зогсоож чадсан. Өвөрхангайн тойргийн хувьд Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Шүүх шударга шийдвэр гаргаж, С.Чинзориг тангаргаа өрг өх бололцоо бүрдэх байх аа. Хууль хяналтын байгууллагынхан үнэн зөвийг олж, шударга ажиллах л ёстой шүү дээ.
-Сонгуулийн дүнгээр МАН УИХ-д хүчтэй том сөрөг хүчин байх боломж бүрдсэн. Сонгуулийн дараа намын удирдлагад өөрчлөлт орсон. Гэхдээ олон нийт, танай намын гишүүдийн зүгээс нам сул ажиллаж байна, үлбэгэр байна гэсэн шүүмжлэл гарч байх шиг. Та намын удирдах бүрэлдэхүүний нэг. Намын удирдлагууд үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Ер нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байгаа хүн байнга шүүмжлүүлдэг. Намын гишүүд, иргэд ихийг хүлээж, итгэж найдах нь аргагүй. Гэхдээ хүссэн бүхнийг нь биелүүлэх боломжгүй. Хууль эрх зүйн талаасаа ч, улс төрийн нөхцөл байдлын талаасаа ч. Нөгөө талаар нам хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хэн нэгэн дангаар шийдэхгүй. Тиймээс хэн нэгнийг, эсвэл хэдхэн хүнийг шүүмжлэх нь зохисгүй байдгийг би намын даргаар ажиллаж байсан хүний хувьд сайн мэднэ. Одоогийн намын дарга Ө.Энхтүвшин, намын Удирдах зөвлөлийн хувьд хамтын удирдлагын энэ зарчмаар л ажиллаж байгаа. Мэдээж, сөрөг хүчинд Засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчин шиг өөрийгөө сурталчлах боломж хомс.
Харин эрх баригчдын бурууг хэлж, шүүмжилж байх ёстой. Бид энэ чиглэлээр л ажиллаж байгаа. Бүлэг байгуулагдаад арваад хонож байна. Хамгийн эхлээд тодорхой хоёр асуудлаар ярилцахаар Ерөнхий сайдыг урьсан. Ирсэнгүй. Ер нь аль ч үеийн Ерөнхий сайдууд сөрөг хүчний бүлгийн хүсэлтэд мэдээлэл өгөхөөр очдог л байсан. Тэр жишгийг тоосонгүй. Сонгууль болоод зургаан сар боллоо. Зургаан сарын тавд нь бүлэггүй байлаа. Өнгөрсөн зургаан сарын үйл ажиллагаагаар МАН-ын үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэж болохгүй. 2016 оны сонгууль хүртэл гурван жил, зургаан сарын зай байна шүү дээ. Цаг хугацаа л бүхнийг харуулна. Гэхдээ ард олон МАН-аас илүү ихийг хүсдэг юм. Урьд байсан сөрөг хүчнүүдээс илүү ажиллах ёстой гэсэн байр сууриа ч илэрхийлдэг. Цаашид МАН-ын үйл ажиллагаа олон нийтэд илүү тодорхой харагдах байх аа.
-УИХ-ын сонгуулиар АН, МАН хоёр тун ойролцоо суудал авсан. Энэ бол хоёр намыг хамтарч Засгаа барь гэсэн ард түмний сонголт биш гэж үү. Гэтэл ялимгүй түлхүү суудал авсан АН өөр сонголт хийсэн. Энэ талаар танай намынхан, Та ямар бодолтой байдаг вэ. Эрх нь АН-д байгаа юм чинь аргагүй гэж хандах нь зөв үү?
-Энэ талаар би хоёр зүйлийг бодож явдаг юм. Монголчууд хүн ёс, жудгийг эрхэмлэдэг. Жудаг талаасаа АН ямар шийдвэр гаргачихав даа гэж бодогддог. Дөрвөн жилийн өмнө бид 45 суудалтай байхдаа улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж, хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Саяын сонгуулиар хэн нь ч олонх болоогүй, аль ч улс төрийн хүчин 39-өөс дээш суудал аваагүй. Хуульд заасны дагуу хамгийн олон суудал авсан АН “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай нийлээд Засгийн газраа байгуулсан. Өмнө нь улс төрийн хоёр том хүчний хамтарч ажиллаж байсан зорилгын мөн чанартай холбож үзэх юм бол жаахан тиймэрх үү сонголт болсон байж магадгүй. Нөгөө талаар манай нам дөрвөн жил сөрөг хүчнээр ажиллах нь буруу биш ээ. Монголчууд шинэ нийгэмд шилжсэн 20 гаруй жилийн дийлэнхэд нь манай нам Засгийн эрхийг барьжээ. Эрх бариагүй энэ дөрвөн жилд өөрийгөө ч, өрөөлийг ч толинд нэг сайн хараад авахад гэмгүй. Цаашдын зам мөрөө засах бололцоо ч олдоно.
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш танай нам орон нутгийн сонгуулийг оролцуулаад гурван сонгуульд ялагдлаа. Энэ юутай холбоотой бол. Намын нэр сольсон нь нөлөөлсөн үү?
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бид МАХН нэрээрээ орж 48 хувийн санал авсан. Нэрээ сольсноос хойш хоёр сонгуульд оролцлоо. Сонгуульд ялагдаад байгаа нь нэртэй холбоотой гэж шууд ойлгож болохгүй. Тодорхой хэмжээний нөлөөлөл бий. Ер нь ирээдүйгээ харах юм бол нэр сольсон нь буруу үйлдэл болоогүй. “Хувьсгалт” гэдэг үгийг дэлхий нийт илүү сөрөг утгаар нь ойлгодог. Тэр дундаа бидний гишүүнчлэгддэг Социнтерн нэлээд эмзэглэсэн байдлаар ханддаг байсныг нуугаад яахав. Нэрээ сольсны дараах Социнтерний хуралд би оролцож байсан. Тэгэхэд Социнтернийн ерөнхийл өгч “Та нар зөв үйлдэл хийлээ. Шинэ нэрээр чинь, хуучин эрэмбээр чинь бүртгэлээ” гэж байсан. Яагаад сүүлийн сонгуулиудад ялагдаад байна вэ гэвэл цаг үеэ мэдрэх талаар бидэнд алдаа байх шиг байна. Авсан арга хэмжээнүүдээ дутуу хэрэгжүүлсэн байж болох. Нөгөө талаар сонгуульд нэр дэвшүүлэлт, сурталчилгааны чиг хандлага тактикийн маш том асуудал байдаг. Энэ тал дээр дутуу бодсон зүйл бий байх. Хамгийн гол нь цаашдаа алдахгүй байх, дараа дараагийн сонгуульд ялалт байгуулах л чухал. Бидэнд ард түмний итгэлийг даах боломж бололцоо бүрэн бий.
-Танай намыг МАХН-тай эвсэж магадг үй гэсэн яриа байсхийгээд гардаг. МАХНтай ярьж хөөрөх бодол байгаа юу. МАХН-д танай намын угшилтай хүмүүс л байгаа шүү дээ.
-УИХ-ы н түвшинд гаргаж байгаа шийдвэр үүд дээр улс эх орны эрх ашгийн үүднээс “Шударга ёс” эвсэлтэй санал онол, байр сууриа нэгтгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ “Шударга ёс” эвсэл бол Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчин. Бид сөрөг хүчин. Тэгэхээр бидний байх ёстой орон зай, байр суурь өөр. Улс төрийн хүчнүүд нийлэх, салах нь байдаг л үзэгдэл. Өнгөрсөн 20 жилд ийм зүйл олон гарч байсан. Гол нь биднээс салаад, гэрээ орхиод явсан хүмүүс ямар үйлдэл хийх вэ гэдгээс л энэ асуудал шалтгаална.
-Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргалаа. Танай намын бүлэг юунд зарцуулахаа төлөвлөөгүй байж өр тавьсан нь буруу гэж шүүмжилж байгаа. Гэхдээ хяналт гэхээс илүү улс төр хийгээд байна уу гэсэн хардлага бийг хүлээн зөвшөөрөх үү?
-Засгийн газар 5.0 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно гэсэн шийдвэр гаргасны дагуу 1.5 тэрбум ам.долларын бонд арилжаалагдаад мөнгө нь ороод ирлээ. Энэ бонд үүнээс илүү арилжаалагдахгүй л болов уу. Яагаад гэвэл манай улсын валютын нөөц ердөө 2.0 тэрбум орчим л байгаа. Үнэт цаас худалдаж авч байгаа этгээд ямархуу хөрөнгө бэлтэй хүний юмыг авч байна вэ гэдгээ тооцож таарна. Тийм учраас ахиад нэмэгдэх нь юу л бол. Гэхдээ 1.5-ыг авсан нь буруу биш. Би улс орны хөгжилд тустай бүтээн байгуулалтын ажлыг тал бүрээс нь дэмжих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэхдээ зарцуулалт, авсан цаг хугацааг зайлшгүй бодох ёстой. Би арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдаас “Өнөө өглөө дансанд мөнгө ороод ирлээ гэж та ярьж байна. Танд би ер нь юу хийчихэв ээ гэх болгоомжлол байна уу” гэж асуусан. Ерөнхий сайд “Надад ямар ч айдас алга” гэж хариулсан. Өнөөдрийн байдлаар зөвхөн хүү нь есөн тэрбум төгрөгт дөхөж байгаа байх.
Өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү төлж байгаа. Таван сарын дараа бид 40-50 орчим тэрбум төгрөгийн хүүгийн тооцоо хийх ёстой. Тэр үед бодитой зүйл эхэлсэн байхгүй бол болохгүй. Сарын 4.7 хувийн хүүтэй мөнгөнөөс түүнээс илүү хувийн ашиг унагаж байж л үр дүн нь гарна. Бид улс төр хийгээд байгаа юм байхгүй ээ. Болзошгүй асуудлыг л эрх баригчдад анхааруулж байгаа. Бондын хөрөнгийн менежментийг Монголбанк хийхээр болсон гэсэн тайлбарыг Засгийн газар хийж байгаа. Төлбөр тооцоог Монголбанк хариуцах юм байна л даа. Сангийн яаманд байршиж байгаа Төрийн сангийн мөнгө Монголын ард түмнийх, Монголбанкинд байгаа нь ард түмнийх биш гэсэн үг биш шүү дээ. Адилхан л монголчуудын өмч хөрөнгө. Засгийн газар өөрөөсөө зайлуулж болох ч энэ өр Монголын ард түмний нуруун дээр л үлдэнэ. Тэгэхээр маш тодорхой төслүүдийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 30-аад төсөл байгаа гэж байгаа. Бид түүнд нь итгэхгүй байна. Намайг Ерөнхий сайд байхад Азийн хөгжлийн банкны 4.7 сая ам.долларын өртөгтэй, хоёр жилд хэрэгжүүлэх Эгийн голын УЦС-ын гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ганц төсөл л байсан. Тэрнээс хойш олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төслүүд Монголд бий болсон гэдэг эргэлзээтэй. Хийх ёстой ажлууд бол бий. Бид зарцуулж чадсангүй, тэдэн сар хадгалчихлаа, наймаа буцъя гэдэг асуудал хэзээ ч байхгүй л байхгүй юу. Хүүгийн төлбөр тооцоо хийгдэж явсаар тав, арван жилийн дараа зээлээ төлнө. Тэр үед энэ Засгийн газар байхгүй. Ард түмэн бол байж л байна. Тэгэхээр бид анхааруулахаас өөр яах юм.
-Танай намыг эрч хүчтэй лидергүй болсон гэсэн дүгнэлт олны дунд ч, улс төрийн хүрээнд ч цухалздагийг анзаардаг уу?
-Манай намд улс орны үе үеийн удирдлагаар ажиллаж байсан, чадалтай, туршлагатай, боловсролтой олон хүн бий. Лидер гэдгийг дангаар засагладаг, командалдаг, айлгадаг хүн гэж би лав ойлгодоггүй. Бусдын санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, цаг үеэ мэдэрдэг, хийх ёстойгоо хийдэг, олон түмэндээ ойр байдаг, олны санаа бодлыг нэгтгэж чаддаг хүнийг лидер гэж ойлгох ёстой. Тийм хүн манайд цөөнгүй байгаа.
-Таныг Ерөнхий сайд байхад “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой хамтарсан Засгийн газар байсан. Одоо “Шинэчлэлийн” гэсэн тодотголтой хамтарсан Засгийн газрыг Н.Алтанхуяг толгойлж байна. Хамтарсан Засгийн газрын зовлон бэрхшээл юу байдаг юм бэ. Н.Алтанхуяг зовж байгаа болов уу, жаргаж байгаа болов уу?
-Ямарваа албан тушаалд хүнийг би болохгүй гээд байхад нь хүчээр томилсон тохиолдол бараг байхгүй байх. Албан тушаал бол зовлон, бас хариуцлага л юм. Тэгэхээр тэр хүн зовъё л гэж тэнд очсон шүү дээ. Харин “Шинэчлэлийн” гэдэг нэрийн хувьд надад нэг зүйл бодогддог. Хуучинсаг байя гэж зорьсон Засгийн газар байдаг юм уу? Бүх л Засгийн газар шинийг хийе, шинэ байдлаар хандъя гэж л ажиллаж байсан. Тэр утгаараа айхтар хүчтэй, хүний ой тойнд буухаар нэр биш байх аа. Харин “Үндэсний эв нэгдлийн” гэдэг бол тухайн үеийн амаргүй нөхцөл байдлыг даван туулахад нийцсэн, зорилго илэрхийлсэн сайхан нэр. Таван намын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан гурван хүн, надаас өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүн нэг кабинетэд суусан Засгийн газар Монголд өмнө нь байгаагүй.
-Таны тэргүүлсэн Засгийн газар Таны нэрээр нэрлэгдэж үлдэх юу хийсэн бэ. Та ямар ажилдаа сэтгэл хангалуун байдаг вэ?
-Би бодитой хэлэх юмтай шүү. Жилд эрчим хүчний 4000 км шугам татаж байсан түүх сүүлийн жилүүдэд байхгүй. 22 сарын дотор 72 сумыг эрчим хүчний эх үүсвэртэй холбож байсан тохиолдол бас байхгүй. Хугацаагаа бүрэн дуусгасан бол Монголын бүх сумыг эрчим хүчний эх үүсвэртэй болгож чадах байсан. Тэтгэвэр, тэтгэмж, цалинг 22 сарын дотор яг гурав дахин нэмсэн Засгийн газар манайхаас өөр байхгүй. Намайг Ерөнхий сайд болсон 2006 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр төрийн албан хаагчдын дундаж цалин 92.000 төгрөг байсан. Ажлаа өгсөн 2007 оны арваннэгдүгээр сарын 22- ны өдөр дундаж цалин 300.000 болсон. Тэтгэвэр мөн адил тэр хэмжээгээр нэмсэн.
2007-2008 оны эдийн засгийн хямралыг Монголын ард түмэн гайгүй даван туулахад цалин, тэтгэвэр нэмсэн явдал хамгаалалт болсон шүү дээ. Халамж хавтгайрсан Засгийн газар боллоо гэж шүүмжилж байсан. Ер нь ард түмний амьдрал сайнгүй байгаа үед төр засгийн эрх барьж байгаа хүчин халамжийн бодлого явуулах л ёстой. Төр гэж байгаа юм бол ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын төлөө л байх ёстой юм байгаа биз дээ. Тийм учраас би тэр бодлого алдаатай болоогүй гэж боддог. Эдийн засагт ч нааштай өөрчлөлт гарсан. Валютын нөөц дөрөв дахин өссөн. 200 гаруй сая ам.долларын валюттай байсан Монгол Улс тэрбум гаруй ам.долларын нөөцтэй болсон. Гадаад худалдаа анх удаа ашигтай гарсан. Ядуурлын түвшин 36 хувь байснаа 32 хувь болж буурсан.
-Та нийслэлд олон жил ажилласан, зовлон жаргалыг нь мэдэх хүн. Э.Бат-Үүл даргын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна вэ?
-Хотын даргын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх цаг хараахан болоогүй байна. Ажлаа аваад хагас жил л болж байгаа. Лав шинээр бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Өмнөх даргын эхлүүлсэн ажлуудыг жаахан эрчимжүүлэх талаас нь хандах шиг боллоо. Тулгамдаж байгаа асуудлаар цаг үеийн тодорхой шийдвэрүүд авч байна. Замын түгжрэлийг багасгах арга хэмжээ хүмүүсийн сэтгэлд нийцэж байгаа ч бүх хүний санал бодлыг сонсох юм бол хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа шиг бүгдээрээ дэмжихгүй байна. Хүн машинаа ажил амьдралдаа хэрэглэнэ гэж авч байгаа. Тэгвэл нэг өдөр нь өмчөө эдлэх эрхгүй болсон. Автобусанд тусгай эгнээ гаргаж өгсөн нь зөв. Э.Бат-Үүл даргын энэ шийдвэр цаасан дээр буусан гурав дахь нь. Бодитой хэрэгжсэн гэдгээрээ анхных. Ийм шийдвэрийг эхлээд би, дараа нь Г.Мөнхбаяр дарга гаргасан юм. Бид хоёрт шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй дутагдал бийг нуугаад яахав.
-“Хотын фракц” гэсэн нэг нэр томъёо байдаг. Та толгойлогч нь юм гэсэн. Тийм хүмүүс байдаг юм уу?
-Би 1992 оны үед дүүрэгт хамт ажиллаж байсан хүнтэйгээ ч одоо хааяа утсаар ярьчихдаг, бие сайн уу, амьдрал ямар байна гэчихээд л явж байдаг хүн. Тэрнээс хойш олон газар ажиллажээ. Дандаа л удирдах ажил хийсэн. Удирдлагад зөндөө л хүмүүс байсан. Тэдний хэнтэй нь ч мэнд устай л явдаг. Үүнийг л бөөгнөрлөө, бүлгэрхлээ гэдэг бололтой юм билээ. Тэрнээс биш нийлж нэгдээд намыг ч юм уу, улс орныг хөмөрчих гээд, эргүүлчих гээд байгаа зүйл огт байхгүй. Энэ бол хүн хоорондын харилцааны л асуудал.
-Таныг “газрын наймаачин” гэдэг үг дагалдах гээд байдгийн учрыг тайлбарлаж болох уу?
-Тэгж ярьдаг юм. Гэхдээ байнга биш. Сонгууль болох юм уу, эсвэл албан тушаалд нэр дэвших болохоор гарч ирчихээд алга болчихдог. Надад Улаанбаатар хотод зарсан, үрсэн газар байхгүй. Би эрх мэдлийнхээ хүрээнд газар олгож байсаан. Тэр нь дандаа бүтээн байгуулалтыг дэмжихэд чиглэж байлаа. Намайг Улаанбаатар хотын дарга болсон 1999 онд нийслэлд жилд дөнгөж 100 айлын орон сууц ашиглалтад ордог байлаа. 2005 оны аравдугаар сарын 3-нд албаа өгөх үед 5000 айлын сууц ашиглалтад ордог болсон. Намайг хотын захирагч байх үед Улаанбаатар хотод цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр бий болгох асуудал хүндрэлтэй учраас нягтаршуулах, байгаа нөөцөө ашиглах бодлогыг барих ёстой гэж хот байгуулалтын мэргэжлийн хүмүүс хэлдэг байв. Тэр үүднээс газрын зөвшөөрөл олгогддог байсан. “Газрын наймаачин” гэдэг үг зарим нэгний зорилготой олгосон нэр хоч юм болов уу даа. Би хаана, хэзээ, хэнд, хэдэн төгрөгөөр ямар газар зарсан баримт байгааг гаргаад ир гэхээр юу ч байдаггүй. Надад шүүхийн 30 шахам шийдвэр байна. Тэр шийдвэрүүдэд М.Энхболдын нэр төрд халдсан байна, газар наймаалаагүй байна гэсэн л байдаг.
-Танд өөрийн өмчийн газар байдаг уу?
-Зуслангийн байшингийн дорхыг тооцвол газартай. Эс тооцвол алга.
-Таны нэр дээр хэдэн байр байдаг вэ?
-Миний нэр дээр нэг орон сууц, зуслангийн нэг байшин бий.
-Олимп зохион байгуулах үндэсний хорооны дарга, Лондоны олимпод оролцох Монголын багийн ахлагч гээд Та спорттой нэлээд холбогджээ. Монголчууд олимпийн аваргатай, олон медальтан нэгэн зэрэг “мэндэлсэн” үе Тантай холбогдсонд бэлгэшээнэ биз?
-Би МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр найман жил ажилласан. Сая чөлөөлсөн байна лээ. 2008 оны олимпийн өмнө Засгийн газрын шийдвэр гаргаж, Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтыг олимпийн дасгал сургуулилалтын бааз болгож байлаа. “Олимп” санг арвижуулах, шагнал урамшууллыг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарал тавьсан. Лондоны олимпийг нээхээс хаах хүртэл тамирчидтайгаа хамт байлаа. Багийн ахлагч маш их ажилтай л даа. Тэмцээн үзэж байгаа монголчуудаа зохион байгуулахаас эхлээд тамирчдаа дэмжих, гаднынхантай хэл амаа ололцох, шүүлт, зохион байгуулалтын асуудлаар байр сууриа илэрхийлэх гээд. Хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгсөн. Лондоноос гурав дахь аваргаа өлгийдөж болох л байсан. Тун ойрхон харагдаж байсан ч ялимгүй аз дутсан даа. Бас Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг дөрвөн жил хашиж байна. Бид жил гаруйн өмнөхөн Азийн хурдан морины холбооны гишүүн болж байсан.
Өнгөрсөн онд Азийн хурдан морины холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн боллоо. Шийдвэр гаргах түвшинд хүрсэн гэсэн үг. Бас Олон улсын морин уралдааны холбооны гишүүн болсон. Ийм холбоодод жилийн дотор элссэн нь монголчууд бахархлын дээд мориороо дэлхийн тавцанд гарах эхний алхам болсон гэж үзэж байгаа. Дотооддоо бол наадам зохион байгуулах, бай шагнал өсгөх гээд хийсэн юм бий. Наадмын комиссын даргаар 10 гаруй жил ажилласан. Олон зууны түүхтэй Хүй долоон худагт хурдан морины уралдаан болдог боллоо. Тэр үед шүүмжлэл тойроогүй ээ. Унаа машинтай нь наадам үзээд, явган нь очихгүй юм байна гэх мэтээр. Морио будлиан маргаангүй, эрлийз, монголоор нь салгаж уралдуулдаг боллоо. Энэ бол монголчуудын нэг бахархал шүү дээ. Улсын баяр наадмын бай шагнал сайн өссөн. Түрүү морины шагнал 150 мянган төгрөг байсныг 1.5 сая болгосон.
-Таны нэрээр морь уралдаад байдаг. Олон адуутай юу?
-Олон жил морь уралдуулж байгаа. Морьтой холбогдсон нь нэлээд эртний юм. Аавын төрсөн дүүгийн нэг хүү бий. Тэр миний морийг уядаг. 200 гаруй адуутай. Энд тэндээс цугласан, гайгүй юмнууд бий бий. Хүмүүсийн сонирхол татахаар 50-иад адуу байгаа байх. Би улсын баяр наадамд их насны морь айрагдуулж үзээгүй юм билээ. Их насны морь айрагдах өм дагуулдаг гэж хууччуул ярьдаг. Өнгөрсөн наадмаар их насны морь маань дөрөвт орсон. Их бэлгэшээж, баярласан даа.
-Танд хувийн бизнес бий юү? Хүүхдүүд хаана, юу хийж байна?
-Хоёр хүүхэдтэй, ач охинтой, өвөө болсон шүү дээ. Охин Лондонд сурч байгаа. Тэр өөрийн сонирхлын дагуу гоо сайхны жижиг бизнес хийдэг. Гэр бүлийн хүн ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн захирал. Хүнсний коллежид мэргэжлийнхээ дагуу хүмүүстэй хамтраад хийдэг багахан бизнестэй. Надад эзэмшдэг жаахан хувьцаа бий.
-Амралтаараа хаашаа явдаг вэ. Монголд амардаг уу?
-Амралт олдохоосооо олдохгүй нь их дээ. Амрахаараа очдог ганцхан газартай, адуу мал дээрээ л очно. Улаанбаатараас ойрхон, 150-иад км-т аавын дүү нар байдаг. Тэнд очиж, айраг ууж хэд хонодог доо.
-МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүний нэг нь Та. Ийм санал ирвэл хүлээж авах уу?
-Манай нам тодорхой зарчим барьдаг улс төрийн хүчин. Дотоод зохион байгуулалттай, хэн нэгэн өөрийн сонирхлоороо аливаад ханддагг үй. Асуудлыг бид олон талаас нь авч үзэж, шийдэх цагтаа шийдэх байх аа.
URL: