Н.Алтанхуяг vs Х.Баттулга
ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НЭГ БАЙТУГАЙ МЯНГАН М.ЭНХСАЙХАНЫГ Ч ЗОЛИОСОЛЖ БОЛНО
Монголд нэг үнэтэй хүн байна. Сайд, даргын суудалд очихдоо ч, буухдаа ч дуулиан тарьж, амьтан хүнийг хэдэн өдөр, сараар ярих юмтай болгож дөнгөөд байдаг. Тэр хүн бол М.Энхсайхан. М.Энхсайханы толгойг Монголын төр ашиглах ёстой нь үнэн. Хоёр сарын өмнө түүнийг МТЗ-ын даргаар очиход нь бас л дуу шуу болж, дуулиан шуугиан болж байсан. Яг л өмнө нь Ерөнхий сайд болсон, буусан, АН-ын дарга болсон, буусан шиг. Тэр 1996 онд Ардчилсан холбоо эвслийг удирдан ялалтад хүргэж анх удаа ардчилсан хүчин улстөрийн эрх мэдэлд хүрсэн. Энэ гавьяа түүнийх. Гэхдээ тэр энэ гавьяагаа эдэлж чадаагүй. Өөрийнх нь нам түүнийг Ерөнхий сайдын суудлаас нь татаж унаган улс орныг тогтворгүй засаглалтай болгосон. Энэ үйл явдал тухайн үедээ том дуулиан дэгдээж байв.
Тэр шарандаа Н.Энхбаяртай нийлж, тэр үеийн Засгийн газруудыг ээлж дараалан унагах хорыг ч найруулсан, жорыг нь ч тааруулсан. 2004 онд намаа ялалтад хүргэсэн гавьяа бас л М.Энхсайханых. Тэр бас л гавьяаг нь үүрч чадаагүй. Намдаа өширхөж гомдсон тэр ҮШН-ыг байгуулж, хэдэн нөхрийг уруу татсаны балгийг одоо ч зарим нь үүрч яваа гэх. Хүн гомдож, намаасаа гарч, суудлаасаа бууж болно. Харин М.Энхсайхан шиг байж болохгүй л болов уу. “Ардын намын тамгыг хэн сийлсэн юм бэ, би” гэдэг шиг Ардчилсан намыг тухайн үед би л ялуулсан гэдэг бодол М.Энхсайханд бий. Тийм ч учраас АН-аас нүүр буруулахад нь гайхаж эргэлзсэн хүн үгүй. М.Энхсайхан томрохоор гэнэтийн юм болдог гэдэг үнэний хувьтай.
АН-ын дарга Н.Алтанхуяг энэ удаа журмын нөхөртөө боломж олгож, МТЗ-ын даргаар томилуулсан ч тусыг эс олов. Н.Алтанхуяг М.Энхсайханыг бодвол юмны наад цаад учрыг олчихтойгоо хүн. Найр тавьсан, найдвар тавьсан аль нь ч бай М.Энхсайханыг байх ёстой газар нь тавьж чадаагүй нь Ерөнхий сайдын алдаа. Дээр нь М.Энхсайхан гэдэг нөхөр Засгийн газрынх нь бодлого, шийдвэртэй тэрсэлдээд байгаа нь даарин дээр давс нэмсэн хэрэг болж байна. Шинэчлэлийн Засгийн газрын танхимд М.Энхсайхан орж ирж магадгүй гэх яриа намжаад байтал МТЗ-ын дарга болж шуугиулж байсан нь саяхан. Харин тэр түүх намтарт нь нэг өгүүлбэр нэмснээс илүү гавь¬сангүй. М.Энхсайхан ингэхэд ямар үнэтэй, туньтай хүн бэ. Сайд, даргын суудалд амархан суудаг шигээ буучих юм. Юутай ч энэ удаа М.Энхсайхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга хоёрын дундах цусгүй дайныг эхлүүлчихээд яваад өглөө. Хамтарсан Засгийн газрын үед АН-ын дарга байхад нь ч, Шадар сайд болсных нь дараа ч Н.Алтанхуягийг Х.Баттулга л шүүмжилж чадаж байсан. Н.Алтанхуягийн томилсон нөхрийг Засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцээд байна гэсэн шалтгаар ҮХАА-н сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх хоёр ТӨХ-гоор тушаал гаргуулж ажлаас ч чөлөөлж чадлаа. Сайн байна. Баяр хүргэх хэрэгтэй. М.Энхсайхан хэн юм бэ, юу юм бэ. УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргачихаад улс орны том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлчихээд байхад болохгүй бүтэхгүй гээд зогсч байх эрхтэй, тэр хэн юм бэ. М.Энхсайханыг томилсон халсан нь хуулийн дагуу л болсон. Н.Алтанхуягтай зөвшилцөх шаардлага ч байхгүй. Танхимын хоёр сайд, тэр тусмаа төмөр замын асуудлаар дөрвөн жил “занималдсан” хоёр сайдын ажлыг хэн ч биш нэг нөхөр гарч ирээд үгүй хийх гээд байхад харин ч гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувиар хатуухан сануулга өгөх ёстой байсан. Н.Алтанхуяг тэгж чадаагүй. Анхнаасаа М.Энхсайхан Х.Баттулга сайдын эхлүүлсэн энэ том бүтээн байгуулалтыг дэмжихгүй, санал зөрөлдөж байсныг нь Н.Алтанхуяг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Магадгүй М.Энхсайхан МТЗ-ын даргаар үргэлжлүүлэн ажиллаад эхэлбэл Шинэчлэлийн Засгийн газраар “сор залчих” ч байсан юм бил үү. Тэр ийм зүйлийг өлхөн хийж чадна. Сурцтай гэдэг шиг. М.Энхсайхан бол мундаг эдийн засагч. Түүний толгойг Монголын төр ашиглах ёстой. Гэхдээ улс орны хувь заяа, бүтээн байгуулалтын асуудал дээр л лав биш юм байна. Нэгэнт хөдөлсөн галт тэрэг шиг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг зөв голдрилоор нь, ашигтай байдлаар нь үргэлжлүүлэн явуулахын тулд нэг байтугай, 1000 Энхсайханыг ч золиосолж болно. Засгийн газар шийдвэрээ гаргачихаад байхад М.Энхсайхан үг дуугүй л ажлаа хийж байх ёстой байсан юм.
Тэгэхээр М.Энхсайханд энэ Зас¬гийн газар нэг удаа итгэл хүлээлгээд үзлээ. Харин тэр итгэлийг нь эвдлээ. Одоо түүнд дараачийн удаад боломж гарахгүй л болов уу.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
URL: